Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилчид өнөөдөр /2021.03.29/ Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой болжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд аль байгууллагад очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоо болтол тодорхойгүй, ямар ч хуваарьт ороогүй байна. Улсын Онцгой комиссоос вакцинжуулалтын хуваарь баталж гаргахад Ерөнхийлөгчийн Тамгын газар байхгүй байх жишээтэй. Гэтэл төрийн бүх албан хаагч, агентлагийн ажилтнууд, тэр байтугай төрийн өмчит үйлдвэрийн ажилтнууд вакцинд хамрагдчихлаа. Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцэд хэрхэн хандаж байгааг энэ байдал ил тод харуулж байна" хэмээн мэдээлсэн юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас тодруулахад, “Төрийн албан хаагчдыг вакцинд хамруулах үеэр “Ерөнхийлөгчийн Тамгын газраас вакцинд хамрагдах хүсэлтээ өмнө нь УОК болон ЭМЯ-д хүсэлт гаргаагүй байсан. Тэд өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт очиж, вакцинд хамрагдах боломжтой. Энэ талаарх санал хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байгаа” гэлээ.
Нийслэлд 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж, гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 267300 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Одоогоор вакцинжуулалтад 50-аас дээш насныхныг хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 50-иас дээш насны 101.007 иргэн вакцин хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа юм.
БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч буй. Харин "АстраЗенеака" вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.