"Цахим үндэстэн болно гээд шийдчихсэн бол нэг зүгт хараад явах ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

"Цахим үндэстэн болно гээд шийдчихсэн бол нэг зүгт хараад явах ёстой"

"Цахим үндэстэн болно гээд шийдчихсэн бол нэг зүгт хараад явах ёстой"

Монголчууд бид дижитал шилжилтийг эрчимжүүлж, Цахим үндэстэн болох уриалгыг дэвшүүлэн, түүнийхээ төлөө идэвхтэй ажиллаж байгаа билээ.  Энэ талаар болон технологийн ертөнцөд өрнөж байгаа үйл явдлуудын талаар Google компанийн ахлах инженер Б.Баттулгатай ярилцлаа.

– Сайн байна уу. Таны ажил төрөл сайн уу. Covid-19-ийн улмаас дэлхий дахинд дижитал шилжилт эрчимжиж байна. Технологийн ертөнцөд ямар үйл явдлууд өрнөж байгаа талаар ярилцлагаа эхэлье? 

– Сайн байна уу. Технологийн ертөнцийг ерөнхийд нь харвал яг одоо 4G-ээс 5G-руу шилжилтээс бий болох өөрчлөлтүүдийг урьдчилж таамаглахыг оролдож байна гэж хэлж болохоор байна. Ийм хэмжээний суурь технологийн өөрчлөлт дээр шинэ үйлчилгээнүүд бий болж тоглогчдын эрэмбэ өөрчлөгдөх боломжтой. Жишээлэхэд 3G-ээс 4G-д шилжих үед интернэт жаахан хурдтай болсноор юу өөрчлөгдөх билээ гэж бодож болох ч яг үнэндээ шинээр бий болсон unicorn компаниудыг харвал энэ өөрчлөлт дээр бараа бүтээгдэхүүнээ тааруулж чадсан газрууд байдаг. Урьд нь зураг эсвэл text дээр суурилсан бүтээгдэхүүн голчилж байсан бол одоо видео дээр суурилсан үйлчилгээнүүд голчилж байгааг харж болно.

5G-ийн үед харин ямар бүтээгдэхүүнүүд гол хэрэглээ болох бол? Тийм ч учраас бүгд Augmented reality, virtual reality дээр суурилсан үйлчилгээ юу байх вэ гэдгийг судлаж байна. Одоо болтол яг хариуг нь олсон газар байхгүй л байх шиг байна.

Хоёрдугаарт, Cloud дээрх холбогч платформууд дээр их төвлөрч байна. Яг одоо бол cloud дээр суурь үйлчилгээнүүд тодорхой хэмжээнд бий болчихсон байгаа. Үүний жишээ бол amazon, google, Microsoft-ийн cloud үйлчилгээнүүдийг нэрлэж болно. Харамсалтай нь тэдгээрийг аль нэг үйлдвэр үйлчилгээний салбарт шууд аваад ашиглахад маш их ажилтай. Тиймээс cloud дээрх суурь үйлчилгээнүүдийг бодит амьдрал дахь үйлдвэр үйлчилгээний салбартай холбох дундын холбогч платформуудыг бүтээх ажил их хийгдэж байна. Жишээлбэл, цахилгаан станцуудад зориулсан cloud систем гэж байж болно. Бүх цахилгаан станцууд шууд аваад ашиглах боломжтой AI, cloud үйлчилгээнүүд бий болгоно гэсэн үг. Энэ бол нэг хэсэгтээ маш том тренд байх болно гэж харж байна.

– Монголд дахь нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

– Нэгдүгээрт, Монголын зах зээл дээр гаднын unicorn-уудын үйлчилгээг дуурайж бий болгож байгаа компаниуд олноор бий болж байна. Хоёрдугаар, өөрсдөө гадаад зах зээлд зориулж үйлчилгээ гаргахаар ажиллаж байгаа компаниуд ч цөөнгүй байна. Үүн дээр бидний нэг нийтлэг алдаа нь дэндүү red ocean болчихсон маш их өрсөлдөөнтэй үйлчилгээг сонгож байгаа дутагдал харагдаж байна. Энэ нь маш их аз шаардсан зүйл байдаг. Бидэнд сонсогдож дуулдаж байгаа жишээнүүд нь дандаа facebook,  tiktok гэсэн жишээнүүд байгаа учраас тийм байж магадгүй юм. Иймэрхүү төрлийн гарааны бизнес бол маш олон хүчин зүйлтэй тоглоом дээр азаа үзэж байгаа учраас маш өндөр эрсдэлтэй.

Нэг үеэ бодвол өндөр технологитой компаниудад ажиллаж байгаа инженерүүдийн тоо нэмэгдэж байна. Бид одоо технологи, туршлага дээр суурилсан найдвартай, эрсдэл багатай гарааны бизнесүүдийг оролдож үзэх боломжууд бас бий болж байна гэж харж байна. Иймэрхүү бизнесүүд чимээгүйхэн томроод зараад гарчихдаг учраас бидэнд сайн сонсогддоггүй. Бид ч бас үүн шиг бүх технологийг нь гартаа оруулчихсан, хэдэн жилийн дотор зах зээл нь хэрхэн хөгжих нь тодорхой болчихсон зүйлсийг олж хийж чаддаг болох байхаа гэж бодож байна. Үүнийг хийхийн тулд өндөр туршлагатай инженер, маркетерүүд хэрэгтэй. Ийм боловсон хүчин цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх нь тодорхой. Жишээлбэл: silicon valley-д 200 гаруй инженерүүд байна. Global технологийн салбарт 400-500 гаруй хүн ажиллаж байна. Энэ хүмүүс маань олшрох тусам гарааны бизнесийн үүрэх эрсдэл буурах байх гэж бодож байна.

– Монголчууд бид “Цахим Үндэстэн” болох уриалгыг маш хүчтэй дэвшүүлэн тавьж, түүнийхээ төлөө ч ажиллаж байна. Бид “Цахим үндэстэн” болоход бэлэн байна уу

– Бэлэн эс бэлэн байх нь хамаагүй зүйл байх гэж бодож байна. Энэ бол хийх ёстой зүйл. Нэгэнт энэ замаар явна гээд шийдсэн бол нэг зүгт хараад бүх нийтээрээ анхаарч, тэмүүлэх хэрэгтэй байх. Тайвань, Солонгос яаж технологи өндөр хөгжсөн улс болсныг харахад, нөхцөл боломж нь бүрдээд хөгжсөн гэхээсээ илүү, энэ чиглэлд явах ёстойг олж хараад, энэ чиглэл рүү болсон ч болоогүй ч бүх хүчээ зориулсанд гол нууц нь байх шиг. Тиймээс бид нэгэнт сонгосон бол болохгүй зүйл гэж байхгүй. Чадах уу эс чадах уу гэдэг бол чухал асуудал биш. Хүсэх үү эс хүсэх үү гэдэг нь илүү чухал асуудал шиг санагддаг.

– Цахим Үндэстэн болох уриалгын хүрээнд E-Mongolia гарч ирсэн. E-Mongolia талаар дуулсан байх. Тодорхой хэмжээгээр ашиглаж үзэв үү. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач?

– Төрийн үйлчилгээнүүд цахимжиж, заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, онлайнаар авч болж байна гэдэг бол маш том дэвшил. Нэгэнт цахим үндэстэн болох чиглэлд явна гээд шийдсэн бол урт хугацааны суурь зүйлсээ бэлдээд улам сайжруулаад явахад болохгүй зүйл байхгүй. Миний ажигласнаар бид илүү босоо өрөлттэй байдлаар системээ бүтээгээд байдаг. Харин урт хугацааны загварчлал илүү хэвтээ бүтэцтэй байх нь элбэг. Жишээлэхэд: Хамгийн доор нь буюу суурь нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, дунд нь бага багаар өөрчилж болохоор зүйлс, хамгийн дээр нь хурдан өөрчлөгдөх зүйлийг байрлуулна гэж ойлгож болно. Хоёрдугаарт, зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэдээлэл, датаг цуглуулах, боловсруулах түүн дээр тулгуурлан хянах дүгнэх боломжтой болгох. Аливаа шийдвэрүүд түүн дээр тулгуурлагдан хүний оролцоогүйгээр автоматаар гардаг байх чиглэлд хөгжүүлэх нь бас чухал гэж бодож байна.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж