Хөвсгөл аймагт Covid- 19 халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр, Мөрөн сумын ойрын хавьтлын дөрөв, нийт зургаан хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид өчигдөр /2021.03.28/ Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна.
Хөвсгөл аймагт Covid-19 халдвар бүртгэгдсэнээс хойш 2801 хүнд PCR шинжилгээг хийжээ. Мөрөн сумаас халдварын эх уурхай тархаж, нэг гэр бүлийн 10 хүн өвчилсөн бол Цэцэрлэг суманд гэр бүлийн хүрээнд дамжсан 19 тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 13 батлагдсан тохиолдол эмчлүүлж байсан бол Мөрөн суманд 17 батлагдсан тохиолдол, Цэцэрлэг суманд 12 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс нэг хүний биеийн байдал хүнд байгаа талаар аймгийн Шуурхай штабаас мэдээлсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ