Ардчилсан намынхан өчигдөр /2021.03.28/ цахимаар болон цаасаар хоёр талд сонгууль зохион байгуулж, дарга нараа сонголоо. Тодруулбал, хоёр талд өрнөсөн энэхүү сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намын дарга С.Эрдэнийг М.Тулгат, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлох болж байна. Хоёр талаас нийт есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг тэд авчээ.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягийн мэдээллээр М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан бол Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ч.Өнөрбаяр 1479.33 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус, тус авсан байна. Нийт 30077 гишүүн цахимаар саналаа өгчээ.
Харин О.Цогтгэрэл нийт гишүүдээс хэдэн санал авсан нь тодорхойгүй ч дөрвөн нэр дэвшигчээс хамгийн олон саналыг аваад байна гэж Ц.Тувааны талынхан мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Нийт 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс О.Цогтгэрэл 55 хувиар нэр дэвшигчээ тэргүүлж байна" гэж мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, нэр дэвшигчээ тодруулах цаг хугацаа ойртож буй энэ цаг мөчид Ардчилсан нам ойлголцолд хүрээгүй, хоёр талд сонгууль зохион байгуулсан нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойлоо ч өрсөлдүүлэх боломжгүй болох нөхцөл байдалд хүрч болзошгүй байна. Учир нь, хоёр тал хамгийн олон санал авсан хүмүүсийнхээ нэрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд санал болгоно.
Хэдийгээр С.Эрдэнийн нэр Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн газарт Ардчилсан намын дарга гэсэн нэрээр бүртгэлтэй байгаа ч М.Тулгатыг хууль ёсны “залгамжлагч”-аа гэж бүртгүүлэхэд асуудал тулж болзошгүйг намын гишүүд нь цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэх болсон.
Нөгөө талдаа, хоёр талд өрнөсөн сонгууль элдэв булхайгүй болж чадсан уу гэдэгт эргэлзэх гишүүн олон байна. Учир нь, “царцаа нүүлгэсэн”, цахим сонгуулийн үр дүнг будилаантуулах зорилгоор сервер рүү нь халдсан зэрэг олон ноцтой мэдээллийг хоёр талаас хийсэн нь Ардчилсан намын түүхэнд болж байгаагүй бохир сонгууль болж өнгөрөв үү гэх хардлага тээхэд ч хүргэж буй юм. Одоогоор хэн нь Ардчилсан намын даргаар хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдэг тодорхойгүй ч сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат гэж хэн бэ?
Боловсрол:
- 1994-1996 онд нийслэлийн 1 дүгээр сургууль
- 1998-1999 онд Осака гадаад хэлний сургууль
- 1999-2003 онд Киотогийн их сургууль эдийн засгийн ухаан /БАКАЛАВР/
- 2003-2005 онд Киотогийн их сургууль эдийн ухаан /МАГИСТР/
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2005-2009 онд Япон улс “Софтбанк инк” санхүүч
- 2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал
- 2013 оноос “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирал
- 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл гэж хэн бэ?
Боловсрол:
- 1998 онд Техникийн их сургуулийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
- 2008 онд Удирдлагын академи, докторант
Ажлын туршлага
- 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
- 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан намын дарга
- 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
- 2020 оноос УИХ-ын гишүүн
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ