"Сэмжид Хужирт" сувилалд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан байна. Гуравдугаар сарын 27-ны байдлаар, тэдний 62-оос халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Онцгой комиссын Мэдээлэл харилцааны багийн ахлагч Я.Жаргалаас тодруулахад “Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн явуулын лаборатори “Сэмжид Хужирт” сувилалд тархсан халдварын голомтод гуравдугаар сарын 24-нөөс ажиллаж эхэлсэн. Одоо тав хоног ажиллаж, нийтдээ 1202 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Сумын Эрүүл мэндийн төв дээр 233 түргэвчилсэн шинжилгээг хийсэн. Анх тус сувилалд амарч байгаад Увс аймагт очсон иргэн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, шинжилгээний хариу нь баталгаажсан. Үүний дагуу сувилалд хөл хорио тогтоосон юм.
Хужирт сумын эмнэлэг жижиг, “Сэмжид Хужирт” сувилалд иргэдийг тусгаарлах эмнэлэг байхгүй учраас сувилалд иргэдээ ангилж, эмчилгээг хийж байна. Хөл хорио тогтооход 64 хэвтэн эмчлүүлэгч, 32 эмч, ажилтан нийтдээ 96 хүн байсан. Эдгээрээс 23 хүний шинжилгээний хариу батлагдаж, үлдсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байр руу шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Хужирт суманд 33 хүн эмчлүүлж байгаагаас хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүмүүсийн биеийн байдал хөнгөн байгаа. Тус сувилалд гуравдугаар сарын 1-нээс хойш 170 гаруй хүн амарч, үйлчлүүлсэн байж магадгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Сувилалд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн ихэнх нь хувь хүмүүс байсан бөгөөд ямар нэгэн арга хэмжээнд оролцохоор олон хүн цуглаагүй байсан” гэв.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар албаныхан мэдээлсэн.
А.СҮРЭН