ЖДҮ-чид барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

ЖДҮ-чид барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чадахгүй байна

Гурван хувийн хүүтэй зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна

Гурван хувийн хүүтэй зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байнаhttps://news.mn/r/2416006/

Posted by News.mn on Sunday, March 28, 2021

Жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, бизнесээ сэргээх гэсэн Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчид банкны үүдэнд дугаарлаж байна.

Албаныхан “Гурван хувийн хүүтэй зээл эзэндээ хүрч байна” хэмээн мэдээлж байгаа ч ажлын байрыг дэмжих энэхүү зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна.

Орлого нь хүрэхгүй, барьцаа хөрөнгө нь хүрэхгүй гэх шалтгаанаар банкны шалгуурт бүдрэх болжээ. Анх энэхүү гурван хувийн хүүтэй зээлийг олгоход Засгийн газар нийт найман шаардлага тавихаар болсон ч банкууд хөнгөрүүлж, зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн ганц шаардлага тавихаа мэдэгдсэн юм.  Гэвч ЖДҮ эрхлэгчид барьцаа хөрөнгөгүйгээс бага хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байгаагаа учирлалаа.

Өрхийн үйлдвэрлэлээс бизнесийнхээ гарааг эхлүүлсэн иргэн Б.Зоригтхүү нь орон сууцны подволь түрээслэн оёдлын цех ажиллуулдаг. Тэрбээр эхнэртэйгээ хамт 2019 оноос жижиг оёдлын цех байгуулж, тогооч,  бэлтгэгчийн хувцас үйлдвэрлэж цайны газар, ресторанд нийлүүлдэг байсан аж. Гэвч цар тахлын улмаас хөл хорионд орсноор үйлдвэрлэл нь зогссон тул хүндхэн цохилтод оржээ. Хөл дээрээ зогсох боломж нь жилийн гурван хувийн хүүтэй зээл байсан ч банк “барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байна” гэх шалтгаанаар зээл олгохоос татгалзжээ.

БАНК МӨНГӨТЭЙ БОЛ  ЗЭЭЛ ОЛГОЖ, МӨНГӨГҮЙ БОЛ ТАТГАЛЗАЖ БАЙНА 

Өрхийн жижиг дунд үйлдвэрлэгч иргэн Н.ЗОРИГТХҮҮ: 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголбанк болон банкуудад ажиллах үеэрээ “Зээл эзэндээ хүрч байна, банкуудад зээл олголт хэвийн үргэлжилж байна” гэж хэлсэн. Үүнийг сонсоод гурван хувийн хүүтэй зээл авч болох юм байна гэж ойлгосон. Банкин дээр очиход бодит байдал дээр эсрэгээрээ  Ерөнхий сайдын хэлсэн шиг байгаагүй. Хувь хүнээр 50 сая хүртэлх зээлд хамрагдъя гэхэд “барьцаа хөрөнгө” л шаардаж байна. Над шиг эгчийнхээ хашаанд таван ханатай гэрт эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, гарааны бизнесээ дөнгөж эхлүүлсэн хүнд бараа материалаас өөр барьцаанд тавих эд зүйл байхгүй. Бараа материалаа барьцаалж 30 саяын зээл авъя гэхэд 60-70 саяын эргэлтийн хөрөнгөтэй байхыг шаардаж байгаа юм.

Би 70 саяын бараа материалын барьцаа хөрөнгөтэй байсан бол 30 саяын зээл авах шаардлагагүй. Хэрвээ зээл бүтсэн бол өөрийн гэсэн ажлын байртай болъё, бизнесээ өргөжүүлье, ажилчдынхаа тоог нэмж, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлэх байсан.

Ер нь гурван хувийн хүүтэй зээлийг иргэн хүн авъя гэвэл 120 сая хүртэлх төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байж авах юм шиг байна. Гэтэл надтай адилхан гарааны бизнесээ эхлүүлээд удаагүй, барьцаа хөрөнгөгүй, ажлын байраа түрээслэдэг  өчнөөн хүн бий шүү дээ. Үнэхээр ажлын байрыг дэмжье,  бизнес эрхлэгчдийг том, жижгээр нь ялгахгүй, дэмжих зорилго байгаа л бол банкнаас олон шалгуур тавих бус итгэлцэл дээр тогтох ёстой. Банк мөнгөтэй хүнд нь зээл олгож, мөнгөгүй бол татгалзаж байна.  Үнэнийг хэлэхэд бухимдаж байна.

АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВАХ ШААРДЛАГА АЛГА

Жижиг дунд бизнес эрхлэгч Т.БАЯРМАА: 

-Төрийн бодлого зорилтот бүлэгтээ хүрдэггүй нь дунд, доод шатандаа завхрал байна гэж харж байна. Оёдлын салбарт 15 жил үйл ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байртай болж чадаагүй.

ЖДҮХС-гаас зээл авах гэж дүүгийнхээ 50 саяыг алдаж, өрөнд орж байсан. Сая гурван хувийн хүүтэй зээл авч, ажлын байртай болох санаатай банкинд хандсан ч авсан зээлээ бараа материал, техник технологи шинэчлэхээс өөр бусад зүйлд зарцуулж болохгүй гэх шаардлага тавьсан. Тэгэхээр энэ зээл надад ямар ч ашиггүй тусч байгаа юм.

Залхахдаа оёдлын цехээ зарж, жижиг дунд бизнесийн салбараас гарахдаа туллаа.  Баялаг бүтээгчдийг өнөөдрийн хоолны төлөө уяж байгаа нь төрийн эмгэнэл юм.

ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх нь өөрийн гэсэн ажлын байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг.  Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хаах, торгох зэргээр дарамт ч учруулдаг байна.

ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ БИДЭНД ХҮРТЭЭЛГҮЙ ЮМ БАЙНА

Барьцаа хөрөнгөгүй, гэр бүлээрээ ажилладаг, хүн цалинжуулдаггүй, жижиг, бичил бизнес эрхлэгчид зээл авах тухай бодолтгүй гэдэгтээ итгэжээ. Тухайлбал, лангуу түрээслэгчид, гадаа зогсч бараа борлуулагчид, ТҮЦ ажиллуулдаг хүмүүс зээлийн шаардлагад нийцэхгүй гэдгээ хэлсэн. Тэдний төлөөлөл болох ТҮЦ ажиллуулдаг иргэн Батцэцэг  нь  гурван хувийн хүүтэй зээлийн шалгуурт  “орлого хүрэхгүй” гэх шалтгаанаар бүдэрчээ. Түүний хувьд хотын төвөөс алслагдсан захын хороололд ТҮЦ ажиллуулдаг, хашаа байшингаа барьцаалахад зээлд хамрагдах боломжтой гэж итгэсэн ч талаар өнгөрчээ.

ТҮЦ ажиллуулдаг иргэн Б.БАТЦЭЦЭГ:  

-ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гэж үздэггүй  бид орлогоороо амьдарч байгаа. Над шиг өдрийн орлогоороо амьдралаа авч яваа өчнөөн олон хүн бий. Гэтэл бидэн шиг хүмүүст ямар ч зээл олддоггүй, хүртээлгүй юм байна. Бидний хувьд зээл авах тухай бодоод ч хэрэггүй юм билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг банкныхантай уулзаж байхыг нь хараад, өөрийгөө зээл авч болно гэж итгэсэн. Хашаа байшингаа барьцаалаад 15 саяын зээл авч, ТҮЦ-ээ зургаа юмуу найман нэрийн дэлгүүр болгохыг зорьсон. Банкин дээр очтол бүтэн  жилийн орлогын хуулга авчрах шаардлага тавьсан. Гэтэл хөл хорионы улмаас хагас жил ажиллаагүй. 

Тиймээс орлогоо ч нотолж чадахгүй байна гэсэн шалтгаанаар банк зээл олгохоос татгалзсан гэлээ.

Засгийн газрын Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг энэ сарын 9-өөс олгож эхэлсэн. Энэхүү зээлийг арилжааны банкуудын бүх салбараар олгож байгаа гэдгээ албаныхан мэдээлж буй.

Улсын хэмжээнд 94500 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 80 орчим хувь нь худалдаа үйлчилгээний салбарт харъяалагддаг бөгөөд олонх нь түрээсийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг нь барьцаа хөрөнгө гаргах боломжгүйд хүрч байгаа юм.

ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ АДИЛХАН 

Иргэн Т.НАЙГАЛМАА: 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд бизнесийг дэмжсэн гурван хувийн хүүтэй зээл надад том боломж олгосон. Зээлийн хүсэлтээ өгч, хариугаа хүлээх хугацаанд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй. Төрийн банк миний хүсэлтийг богино хугацаанд хүлээн авч, шийдвэрлэсэн гэдгээ Т.Найгалмаа тодотголоо.

Өмнө нь бизнесийн зээл авч байхад бүрдүүлсэн материалаар гурван хувийн хүүтэй зээл авсан. Банкны гүйлгээ, хуулга, бараа материалын үлдэгдэл, үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь тодорхой, баримттай учраас ямар нэгэн асуудал гараагүй. 

Хамгийн гол нь нэг эдийн засагчтайгаа тогтмол харилцдаг байхад зээл ч бүтэхэд ч хялбар байдаг. Тухайн эдийн засагч нь өмнө нь намайг ямар зээл авч байсан, найдвартай эсэхийг мэддэг учраас тэр.

Миний хувьд гаднаас импортын бараа оруулж ирдэгүй, ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажилладаг. 2007 оноос хойш лангуу түрээсэлж, дотоодод үйлдвэрлэсэн эсгий, ноос ноосон бүтээгдэхүүнээ борлуулаад 15 жил болж байна.

Хөл хорио хүндхэн цохилт болсон. Өвөл зарна гэж тооцсон бараанууд борлогдохгүй түгжигдсэн. Тиймээс ч барааны таталт хангалттай байсан.

Ийм хүнд нөхцлөөсөө гарч чадаагүй яахаа мэдэхгүй байхад ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл авч, эргэлтийн хөрөнгөө бүрдүүлсэн гэлээ.

НИЙТ 75.3 ТЭРБУМЫН ЗЭЭЛ  ОЛГОЖЭЭ 

Монголбанкнаас өгч буй мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар Ажлын байрыг дэмжихэд зориулж 75.3 тэрбум төгрөгийн зээлийг 1,208 зээлдэгчид олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 21.1 тэрбум төгрөгийн зээлийг, орон нутагт 54.2 тэрбум төгрөгийн зээлийг тус, тус олгожээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж