Булган аймгийн Сэлэнгэ суманд өчигдөр (2021.03.28) 20:00 цагт гурван тохиолдол батлагдсан бол 21:00 цагт есөн тохиолдол шинээр нэмэгдэн, нийт 12 иргэнээс Covid-19 илрээд байна. Сэлэнгэ суманд мэргэжлийн багууд шуурхай ажиллаж байгаа тухай тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Нийт 105 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авснаас ийнхүү 12 тохиолдлын хариу эерэг гарчээ.
Одоогийн байдлаар дахин 12 хүний шинжилгээний хариу гараагүй, хүлээгдэж байгаа аж. Тухайн суманд олноороо цуглаж, шагай тоглосны улмаас анхны голомт үүссэн байна. Тус сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр, халдвар авсан 12 иргэний биеийн байдал хөнгөн хэлбэртэй байгаа бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг гарвал эмчлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, тухайн сумын Онцгой комисс, Булган аймгийн Шуурхай штабаас голомтыг тухайн сумын хэмжээнд барихын тулд шуурхай ажиллаж буй юм байна. Халдварыг тархаахгүй байхад иргэдийн хариуцлагатай байдал маш чухал болохыг албаныхан анхааруулжээ.
Мөн өчигдөр Орхон аймагт онош батлагдсан иргэний хувьд Хутаг-Өндөр, Орхон, Булган сумдаар явсан маршруттай, Булган суманд хоёр айлд очсон өгүүлэмжтэй бөгөөд ойрын хавьтлын 54 хүн тогтоогдсон байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ