"Ньюс" агентлаг цар тахлын тархалm болон өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл өмнө нь гуравдугаар сарын сүүлээр Covid-19-ийн тоо өдөрт 200 давна хэмээн таамаглаж, тархалт эрчимтэй байгаа тул хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Эрдэмтэд гамшгийн үеийн “Улбар шар” түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24 мянгад хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаар энэ тоог 15 мянга болгон 37 хувь бууруулах боломжтой гэж тооцжээ.
Өнөөдрийн байдлаар халдварын тархалт 200-гаар зогсохгүй зарим өдөр 300, 400 давж байгаа тул зарим иргэд хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзэж, зарим нь хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлсээр буй юм.
Монгол Улсын Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 25-ны Пүрэв гаригт ээлжит бусаар хуралдсан. Мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22-ны өдөр Covid-19-ийн талаарх салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гаргажээ.
Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгасан Засгийн газрын тогтоол гарав.
Гүйцэтгэх засаглал ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсэн. Үүний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэх болсноо ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб мэдээлэв. Мөн тэрбээр хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1.3 сая тун вакциныг хоёр хувааж нийлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаа мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдэв. Гуравдугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм.
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд өвлөгдөх юм. Гэхдээ 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт тодорхой шалгуур тавигдах ажээ.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой гуравдугаар сарын 22-ны өдөр тохиосон. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа олгодог "Чингис хаан" одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулсан юм. Өнгөрсөн жил тус одонг гардуулаагүй өнжсөн билээ.
1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн. Тэд сансарт нийт найман өдрийн турш байж, дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.
Нийт 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Нөөцийн махыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн байна.
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Холбоотой мэдээ