М.Тулгат АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

М.Тулгат АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулав

М.Тулгат АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулав

НЭМЭЛТ: 22.10 ЦАГ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлснээр, тус намын даргын цахим сонгуульд нэр дэвшигч М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан байна.

М.Тулгат: Ийм их итгэл өгсөн гишүүддээ талархахын сацуу үнэхээр их хариуцлага нуруун дээр ирлээ гэж бодож байна. Ардчилалдаа хайртай нийт монголчуудын итгэл, сэтгэл гэж харж байна.

30 жилийн түүхтэй залуу ардчилал ч гэлээ алдаж, онож явсан. Хар нялхаасаа ардчиллыг хайрлаж өссөний хувьд алдаан дээр нь харамсах үе олон байсан. "Даанч дээ, Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон сонсдог байсан. Ардчилалдаа хайртай хүмүүс гадна нь байдагт харамсдаг байсан.

Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Энэ нөхцөлд намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах шаардлагатай торгон мөч ирлээ гэж ойлгож байна. Өмнө нь дүүрэг, нийслэлийн сонгуулиудад ялж байсан ч энэ удаа маш том үүрэг хариуцлага ирснийг мэдэрч байна. Энэ цаг үеэс би хувь хүн биш, Монгол орны, парламентын төлөө бүгдийг зориулна. Бүх гишүүд та бүхэнтэйгээ хамт зүтгэх болно.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: 18.40 цагт нэлээн том халдлага ирлээ. Манай сервер гадаадад байрладаг тул энэ нь өөрөө гадаадаас хийгдсэн, маш зохион байгуулалттай, ноцтой хадлага байлаа гэж дүгнэж байна. Гэхдээ урьдаас тооцоолж, нөөц сервер бэлтгэсэн байсны хувьд түүн рүүгээ түргэн шилжиж, сонгуулиа явууллаа. Цахим сонгуулийн санал хураалтад нийт 30077 санал ирснээс нэр дэвшигч Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус тус авлаа.

"САНАЛ ХУРААЛТ ХААГДМАГЦ ДҮНГ ШУУД ЗАРЛАНА"

НЭМЭЛТ: 22.00 ЦАГ

"С.Эрдэнийн" гэх Ардчилсан намын сонгуулийн санал хураалт 22.00 цагт хаагдлаа. Тус сонгуулийг зохион байгуулагчид "Цахимаар явагдаж байгаа тул санал хураалт хаагдмагц сонгуулийн дүн гарч, шууд зарлана" хэмээн мэдээлэв.

ЦАХИМ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ 22.00 ЦАГТ ТАНИЛЦУУЛНА

НЭМЭЛТ: 21.00 ЦАГ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг 22.00 цагт цахим сонгуулийн дүн "Ардчиллын өргөө" ордны 4 давхарт танилцуулахаа мэдэгдлээ. Тус намын гишүүд "Ардчилсан нам Монголд анх удаа цахим сонгууль явуулж, даргаа нийт гишүүдийнхээ дундаас цахим санал хураалтаар тодруулах буй бөгөөд санал хураалтад АН-ын гишүүд идэвхтэй оролцож байна. Санал хураалт оройн 22.00 цагт хаана" хэмээн мэдээлэв.
"СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮН 18.00 ЦАГААС ГАРНА"

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ 

Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц Сонгинохайрхан дүүрэгт 15:00 цагийн байдлаар 30 гаруй хувьтай байна. Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэглэм баримтлан, Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд тус намын гишүүд идэвхтэй оролцож буй бөгөөд цаашид эрчимтэй нэмэгдэнэ гэж бодож байгаа тухайгаа ажиглагчид хэллээ.

Ардчилсан намынхаа шинэ даргаар зөв хүнийг сонгож чадвал цаашид улс орноо хөгжүүлэхэд гар бие оролцож чадна. Залуус нэр дэвшиж байгаа гишүүдээ судалж, мөрийн хөтөлбөрт нь үндэслэж сонгож байгаа тухай тус намын сонгогчид хэлж байна.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Намын гишүүдийн ирц идэвх сайн байна. Хувь тэнцүүлж гаргадаг учраас одоо хувь, үзүүлэлт хэлэхэд эрт байна. 18.00 цагаас урьдчилсан дүн гарна. АН-ын 140 мянга гаруй гишүүнд мессэжээр санал өгөх тусгай эрх бүхий код очих ёстой. Өчигдрөөс эхлээд гишүүн бүрт кодыг нь үүрэн телефоны дөрвөн оператор компаниар дамжуулан мессэжээр илгээсэн. Өнөөдөр орой 22.00 цагаас өмнө үлдсэн гишүүдэд илгээнэ.

Цахим сонгууль болдгоороо болно. Дээд шүүх бүртгэж авна. Нөгөө талын нөхдүүд цахим санал хураалтыг Улсын дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй гэх зэргээр ярьж, АН-ын гишүүн таны сонголтод нөлөөлөх оролдлого удаа дараа гаргаж байна. Та битгий эргэлзээрэй. Цахим сонгуулийн үйл явц дүрэм журмынхаа дагуу явж байна. Гишүүн таны эрхэнд халдаж буй бусармаг зүйлд автаж болохгүй. Нөгөө талын санал хураалт хууль бусаар явагдсан байна" гэв.

НЭМЭЛТ: 14:25 ЦАГ 

Ардчилсан намын даргын сонгууль хоёр талд явагдаж буй бөгөөд 14:25 цагийн байдлаарх мэдээллийг хүргэж байна. "С.Эрдэнийн" гэх тодотолтой АН-ын даргын сонгуулийн цахимаар санал хураах ажил үргэлжилж байна. Уг нам санал хураалтаа 22.00 цагт хааж, автомаар тоолсноор шууд дүн дүн нь гарах юм.

АН-ын цахим сонгууль амжилттай үргэлжилж байна🇲🇳

Posted by Democratic Party Ардчилсан нам on Sunday, March 28, 2021

ЦАХИМ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ӨНӨӨДӨР 10.00-22.00 ЦАГИЙН ХООРОНД ҮРГЭЛЖИЛНЭ

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тус намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж байна.


И.МӨНХЖАРГАЛ: СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ХААГДСАН, ДҮНГ МАРГААШ ЗАРЛАНА

НЭМЭЛТ 22.00 ЦАГ: 

"Ц.Тувааны" гэх Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлснээр, намын даргын сонгуулийн санал хураалт хаагдсан бөгөөд маргааш мэдээлэл хийж, дүнгээ зарлах юм байна.

"ЭРХ БАРИГЧИД ЭНЭХҮҮ СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ БҮХИЙ Л АРГАА ХЭРЭГЛЭСЭН"

НЭМЭЛТ: 19.00 ЦАГ

Ардчилсан наын залуус сонордуулга гаргалаа. Тэд "АН-ын даргын сонгууль дотоод дүрэм, журмын дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сонгуульд дүрмийнхээ дагуу биечлэн очиж саналаа өгсөн мянга мянган гишүүндээ баярлалаа. Мянга мянган гишүүд та бүхэн итгэл үнэмшлээрээ өгсөн саналаа дүрмийн бусаар тоглогчдоос хамгаалах зүй ёсны шаардлага тулгарч байна.

Эрх баригчид энэхүү сонгуулийг явуулахгүй байх бүхий л арга хэрэгслийг хэрэглэсэн. Мөн дотооддоо ч саад бэрхшээл тодорхой хэмжээнд тулгарч байна. Сая гэхэд санал авч байгаа байрнаас саналын хайрцгийг авч зугтаах, орж үймүүлэх зорилготойгоор Сонгинохайрхан дүүрэг Москва хороололд 40 залуу, мөн хоёрдугаар сургууль буюу Сүхбаатар дүүрэгт 20 залуу, Баянзүрх дүүрэгт 30 залууг хөлслөн, сонгуулийг будлиантуулах ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээлэл ирлээ. Үүнийг манай намын дарга асан С.Эрдэнэ зохион байгуулж байгаад харамсаж байна. Энэ үйлдлээ зогсоохыг мөн уриалж байна" гэв.

#Сонордуулга

#Сонордуулга Ардчилсан намын даргын сонгуульд дүрмийнхээ дагуу биечлэн очиж саналаа өгсөн мянга мянган гишүүддээ баярлалаа. Мянга мянган гишүүд та бүхэн итгэл үнэмшлээрээ өгсөн саналаа #дүрмийн #бусаар #тоглогчдоос хамгаалах зүй ёсны шаардлага тулгарч байна.

Posted by Ардчилсан нам on Sunday, March 28, 2021

СОНГУУЛИЙН ИРЦ 40 ХУВЬТАЙ БАЙНА

НЭМЭЛТ: 18.00 ЦАГ 

АН-ын даргын сонгуулийн санал хураалтад оролцогчдын ирц 16:00 цагт нэгтгэсэн байдлаар 40 хувьтай явагдаж байгаа талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээллээ. Тэрбээр "Говь-Алтай аймаг 57 хувь, Баян-Өлгий аймаг 37 хувь, Говьсүмбэр аймаг 51 хувь, Дорнод аймаг 21 хувь, Дундговь аймаг 22 хувь, Өмнөговь аймаг 22 хувь, Сэлэнгэ аймаг 34 хувь, Ховд аймаг 29 хувь, Баянгол дүүрэг 20 хувь, Банзүрх дүүрэг 50 хувь, Багануур дүүрэг 32 хувь, Багахангай дүүрэг 57 хувь, Налайх дүүрэг 26 хувь, Сонгинохайрхан 41 хувь, Сүхбаатар дүүрэг 32 хувь, Хан-Уул дүүрэг 34.04 хувь, Чингэлтэй дүүрэг 32 хувийн ирцтэй байна" гэв.

ИРЦ ХЭДЭН ХУВЬТАЙ БАЙХААС ҮЛ ХАМААРЧ ДҮН ГАРНА

НЭМЭЛТ: 14.25 ЦАГ

"Ц.Тувааны" гэх тодотголтой Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал ирцийн мэдээлэл өглөө. Тэрбээр "АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Урьдчилсан санал хураалт өчигдөр (2021.03.27) Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл аймагт явагдсан байгаа. Увс аймгийн ирц 76 хувь, Булган аймгийн ирц 72 хувьтай байна.

Улсын нийт дүнгээр 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 29 хувьтай гэдэг мэдээлэл нэгтгэгдсэн. 330 сум, есөн дүүрэгт 357 санал авах байр ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулж байгаа мэт мэдээллийг гуйвуулж, монтаж хийж байгаад харамсаж байна. Иргэн н.Оюундарийг шүүхийн байгууллагад өгөхөө албан ёсоор мэдэгдэж байна.

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос ямар нэгэн байдлаар цахим сонгууль зохион байгуулаагүй бөгөөд сонгуулийг зөвхөн цаасаар, нууц санал хураалтаар явуулж байгааг мэдэгдье. Ноцтой зөрчил одоогоор мэдэгдээгүй байна. Намын гишүүдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зөрчил үүрүүд дээр илэрч байна.

Санал хураалт 20.00 цагт хаагдаж, олон нийтэд нээлттэйгээр гараар тоолно. АН-ын Үндсэн дүрэмд сонгуулийн босго оноо гэж заагаагүй тул ирц хэдэн хувьтай байхаас үл хамаарч дүн гарна.

Тоолох ажиллагаан дээр ямар нэгэн маргаан гарахгүй гэж бодож байна. Таван ажиглагч нэр дэвшигч бүрийн нэрийн дор саналыг нэг бүрчлэн тоолно. 29 тойрогт онооны системээр явагддаг. Мандатын тоо бүр 1000 оноо гэж тооцогддог. Тиймээс 76 мянган онооны төлөө дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна гэсэн үг.

АН-ЫН ДАРГЫН СОНГУУЛЬ ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН 09:00-22:00 ЦАГИЙН ХООРОНД, ЦААСАН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нөгөө талд Ардчилсан намын даргын сонгууль уламжлалт цаасан хэлбэрээр болох ажээ. Цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, санал хураалтыг зохион байгуулах зохицуулалтыг сайн хийсэн болохыг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэв.

2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрийг үндэслэн "улаан бүс"-д орсон аймгууд болох Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймагт Ардчилсан намын даргын сонгуулийн урьдчилсан санал хураалтыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл зохион байгуулжээ. Үлдсэн аймаг, орон нутагт Ардчилсан намын даргын сонгууль хуваарьт өдрөө буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж буй аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж