Мьянмарт хамгийн аймшигтай хар өдөр тохиов

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

Мьянмарт хамгийн аймшигтай хар өдөр тохиов

Мьянмарт хамгийн аймшигтай хар өдөр тохиов

Мьянмарын цэрэг, армийнхан өчигдөр (2021.03.27) буюу зэвсэгт хүчний өдрөөр болсон ардчиллын төлөө жагсаалыг тараахдаа хүч хэрэглэсний улмаас эмэгтэйчүүд, хүүхдүүд, энгийн гэмгүй 114 иргэн амиа алдаж, хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтээс хойш хамгийн аймшигтай хүчирхийлэл үзсэн хар өдөр тохиолоо.

Ийнхүү нэг өдрийн дотор итгэхэд бэрх хэмжээний олон хүн хүчнийхний гарт амиа алдсан нь барууны орнуудаас асар их шүүмжлэл хүртэж эхэлжээ. Жишээлбэл, Нэгдсэн Вант улсаас Мьянмарт суугаа Элчин сайд Дэн Чагг “Мьянмарын армийнхан нэрээ баастлаа” хэмээсэн бол АНУ-ын талаас болсон үйл явдлыг “дэндүү аймшигтай” хэмээн дүгнэжээ.

Төрийн эрхийг хүчээр булаан авсан генерал Мин Аун Хлайн зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэн сүрт жагсаал хийх үеэрээ “Мьянмарын арми ард түмнээ хамгаалж, ардчиллыг мандуулах болно” хэмээн амласан аж.

Гэвч удалгүй мьянмарчууд хоёрдугаар сарын 1-нээс хойш бараг өдөр бүр жагсаж буй тэмцлээ үргэлжлүүлэн Янгон, Мандалай тэргүүтэй хотуудад жагсаал зохион байгуулж, сонгуулиар ялсан Аун Сан Су Чиг суллахыг шаардсан юм.

Хэдхэн цагийн дараа нутгийн хэвлэл мэдээллийн Myanmar Now сувгаар орон даяар болсон жагсаалыг тараах зорилготой хүчирхийллийн улмаас нийт 114 хүн амь үрэгдлээ хэмээн мэдээлсэн байна. Түүний дотор Мандалай хотод 13 настай охин тэргүүтэй дор хаяж 40 хүн, Янгон хотод доод тал нь 27 хүн алуулжээ.

Түүний өмнөхөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаалыг тараах үеэр таван настай хүү амь үрэгдсэн хэмээн мэдээлж байсан ч хожим зарим сувгууд хүүг амьд үлдсэн байж магадгүй хэмээсэн юм. Мөн өөр нэг хотод 13 настай хүүхэд амь үрэгдсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа аж.

Жагсаал тараахаас гадна арми сөнөөгч онгоцууд хөөргөж, Карен үндэстний цөөнхийн зэвсэгт бүлэглэлийн удирддаг тосгодыг бөмбөгдөн дор хаяж хоёр хүний аминд хүрсэн байна.

Түүний өмнөхөн Карен үндэстний зэвсэгт бүлэглэлүүд Тайландын хилийн ойролцоо Мьянмарын армийн постод халдаж, дэд хурандаа тэргүүтэй 10 хүн хөнөөж, нэг дайчнаа алдсан хэрэг гарсан нь олон жилийн турш харьцангуй тайван байсан арми, бүлэглэл хоорондын харилцааг хурцатгах шалтгаан болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж