Цар тахлаас үүдэн ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдад боловсролын байгууллагын үйл ажиллагаа гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, танхимаар хичээллэх болсон. Харин нийслэлийн хувьд эрсдэлтэй нөхцөлд хэвээр байгаа тул танхимын сургалтыг одоохондоо эхлүүлэх боломжгүй гэж үзэн цахимаар хичээллэж байгаа билээ. Гэвч сурагчдын II улирлын амралтын хугацаанд бүх өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхим болон цахимаар хичээллэхээр болоод байсан юм. Харин хөдөө орон нутгуудад өчигдрөөс эхлэн халдварын тоо нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрээ өөрчилжээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Хичээл эхлээд дөрвөн долоо хоногт болоод улирлын амралттай залгах болсон. Гэтэл сурагчдын хоцрогдол их байсан учир аймгуудаас хүсэлт гаргаж хоёрдугаар улирлын амралтыг цуцалж өгөхийг хүссэн юм. Тиймээс долоо хоногийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд шийдвэр гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Covid-19 цар тахлын тархалт газар авч, 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралт Даваа гаригаас эхлэхээр боллоо.
Улирлын амралт үргэлжлэх долоо хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна” гэжээ.
Ц.ДУЛАМ
Холбоотой мэдээ