Баянхонгор аймгийн зүүн хэсгээр өнгөрсөн шөнө секундэд 17-26 метр, зарим үед секундэд 24-28 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед 26 метр, Өвөрхангайн нутгаар секундэд 18-24 метр, зарим үед 26-30 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 28-нд буюу маргааш зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхины хувьд энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө дөрвөн градус дулаанаас нэг градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй байна.
Харин гуравдугаар 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Иймд цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг санууллаа. Мөн малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ц.ДУЛАМ