“Ятга хайртай бүсгүйнхээ үсийг илбэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг”

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

“Ятга хайртай бүсгүйнхээ үсийг илбэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг”

“Ятга хайртай бүсгүйнхээ үсийг илбэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг”

Сумын соёлын төвийн тайзан дээр дуулж байсан хүү Ардын жүжигчин, дуучин С.Батсүхийн хараанд өртөж, өдгөө урлаг хэмээх их айлын босгыг алхан, дуучин, ятгачин хэмээх алдрыг хослуулан яваа түүнийг Ө.Бохьшарга гэдэг. Ятга хөгжмийн эшгийг дуулах урлагтай уусан нэгтгэж, уран бүтээлээ туурвин олноо хүндлэгдсэн С.Вандан, Д.Дуламсүрэн, П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Ц.Өлзий-Орших зэрэг уран бүтээлчдийн араас нууцлаг нэгэн залуу гарч ирсэн залуу уран бүтээлч юм. Нууцлаг хэмээсний учир тэрбээр өөрийн дүр төрхийг маскаар халхалж, уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэнд буй.

Урлагт хөл тавьсан хэн ч өөрийн авьяас чадвараар ард түмэндээ танигдаж, хайрлагдахыг хүсэх нь буцалтгүй үнэн. Гэвч Ө.Бохьшарга дүр төрхөөсөө илүүтэй өөрийн авьяасыг, ятга хөгжмийн чихэнд чимэгтэй аялгууг цогц болгон уран бүтээлээ туурвисан нь бусдаас ялгарах гол “зэвсэг” ч болж өгсөн гэхэд хилсдэхгүй.

Тэрбээр энэ талаар ярихдаа “Хүмүүс намайг олны анхаарал татах зорилгоор баг зүүсэн гэж ойлгодог. Уран бүтээл хийж эхлэхдээ би өөрийгөө их голдог байсан. Өөрийнхөө санасан хэмжээнд хүрсэн үедээ нүүрнийхээ маскыг авна гэж бодож байсан. Надад хүмүүст танигдъя гэх бодлоос илүү уран бүтээл хийхийг хүссэн хүсэл минь оргилж байсан учраас баг зүүх болсон” гэж байлаа.

Ятга хөгжмийн аялгууг өөрийн дуу хоолойтой нэгтгэж яваа түүний хувьд Монгол Улсын консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийг хөгжимчин мэргэжлээр төгсч, “Их засаг” их сургуулийн жүжигчний анги, дараагаар Соёл урлагийн их сургуулийг  дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр “Тоохуу нэгэн гос”, “Дүүриймаа” “Алтаргана” “Гоолингоо” “Янзаган зоотой шарга” зэрэг ардын дууг орчин үеийн донж маягт оруулсан хөгжмийн найруулгатайгаар дуулж, хөгжимдсөн нь олны анхаарлыг татсан.

Тэрбээр  “Залуу үеийнхний дунд  язгуур урлаг, үндэсний урлаг, хөгжим зэрэг үнэт өв соёлоо мартаж байгаа юм шиг санагдсан учраас ардын дуунуудыг сонгон авч дуулсан” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Ардын дууг хөгшчүүл сонсдог гэх улиг ойлголт арилж байна. Бидний мэдэрч, сонсож байх ёстой урсгалын нэг бол ардын дуу гэж боддог. Тиймээс уран бүтээлээ залуучууддаа түгээж дэлгэрүүлэх тал дээр их л бодол тээж явдаг даа” гэлээ.  Түүний хэлсэнчлэн ардын дуу, ятга хөгжимтэй нийцэх зохицол нь төгс. Ө.Бохьшарга дуу бүрийнхээ хөгжмийн найруулгыг өөрөө хийдэг бөгөөд дуунуудаа этник урсгал руу оруулж тоглодог гэв.  Мөн “Надад бол фонограммтай дуулснаас ятга тоглоод дуулахад өөрт илүү сайхан мэдрэмж авч чаддаг” гэдгээ онцлон хэлж байлаа.

Завхан аймгийн Алдархаан суманд бага насаа өнгөрүүлсэн тэрбээр бага байхаасаа дуу хөгжимд эргэж буцалтгүй татагджээ. Урлагт хайртай хүүгээ ээж нь Хөгжим бүжгийн коллежид ороход нь хуучир хөгжмийн ангид орохыг зөвлөсөн ч Ө.Бохьшарга өөрийн хүслээ даган ятга хөгжмийн ангид суралцсан гэдэг. Ийнхүү 10 гаруй жил ятга хөгжмөө тоглож байгаа тэрбээр Монголд уран бүтээлээ туурвиж буй цөөн хэдэн мэргэжлийн эрэгтэй ятгачдын нэг болж чадсан.

Урлагийн хүн болоход нь түүнийг чиглүүлж яваа багш нарын нэг бол Ардын жүжигчин, дуучин С.Батсүх. Ө.Бохьшарга багштайгаа хамтран арав гаруй уран бүтээл хийснээс гадна өөрийн хувийн уран бүтээлээ ч туурвисаар байгааг хэлж байлаа. Тэрбээр “Цар тахлаас болж уран бүтээлээ идэвхтэй хийх боломж тун тааруу л байна. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суух бус хэд хэдэн ардын дуунд хөгжмийн найруулга хийж, өөрийгөө завгүй байлгаж байна даа” гэв.

Залуу уран бүтээлч Ө.Бохьшаргын авьяас үүгээр дуусахгүй аж. Тэрбээр хөөмийлөхөөс гадна гитар, төгөлдөр хуур хөгжмийг ч тоглочихдог гэнэ. “Манай язгуур урлаг дахин давтагдашгүй зүйл. Иймээс би хөөмий тэр дундаа хархираа хөөмийг залууст таниулж, гайхуулахыг хүсдэг. Дэлхий гайхан биширч байгаа ганц өв шүү дээ.  Тийм болохоор сурахгүй байхын аргагүй” гэж байлаа.

Ө.Бохьшаргын ятганууд дундаас ус мэт тунгалаг үзэгдэх шилэн ятга өөрийн эрхгүй анхаарлыг татлаа. Түүнээс шилэн ятгынх нь талаар асуухад “Монголд хоёр л байдаг. Нэг нь Гавьяат жүжигчин, ятгын хатан хаан гэгдэх Ч.Мөнх-Эрдэнэ эгчид бий. Нэг нь надад байдаг.

Хайртай ятгануудын минь нэг дээ” гэсээр цааш үргэлжлүүлэн “Ятга хөгжим өөрөө яг л эмэгтэй хүн шиг уянгалан эгшиглэдэг. Өвдөг дээрээ ятгаа дэрлүүлчихээд чавхдас юуг нь товшиж суухад хайртай бүсгүйнхээ үсийг илбэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг шүү” гэлээ.

Мөн “Монголд ятгатай дуулдаг уран бүтээлчид бий. Гэхдээ би тэдгээр ятгатай дуулдаг дуучдад жаахан ч атугай цензур тогтоосон байх гэж боддог. Зүгээр л ятгаа тоглоод суух,  ятга хөгжмийг мэргэжлийн хэмжээнд тоглонгоо, дуулна гэдэг бас л хэцүү” гэсэн юм.

Тэрбээр саяхнаас өөрийн ятгын сургалтыг явуулах болжээ. Түүний сургалтын эрхэм зорилго бол өөрийн сурсан мэдсэнээ хойч үе болсон хүүхэд багачуудад зааж сургах. Тиймдээ ч гарын хэдэн шавьтай болж, тэднийгээ ятга хөгжмийг бүрэн эзэмшихэд нь чадлаараа зааж, сургаж байгаа гэдгээ хэлэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ       

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж