Улсын Онцгой комиссоос /УОК/ өнөөдөр /2021.03.26/ мэдээлэл хийлээ.
УОК-оос мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Friday, March 26, 2021
Шадар сайд, УОК-ын дарга С.АМАРСАЙХАН:
-УОК-ын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн "улаан" түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авах, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах шийдвэр гаргалаа. Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Гамшгийн үеийн "улбар шар" түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд" улаан" түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна. Мөн Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглосон. Халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Увс, Өвөрхангай аймгуудыг халдварын тархалтын улаан түвшинд гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ны өдрийг хүртэл шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хориог эхлүүлсэн тохиолдолд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулна. Тавдугаар сард нийслэлийн бүх иргэдийг вакцинжуулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-5 вакцины сая тунгийн татан авалт эхэлнэ. Одоо байгаа вакцины нөөц дээр нэмж хөдөө, орон нутагт давхар вакцинжуулалтыг хийнэ. Халдварыг хумихын тулд бүх талын оролцоо маш чухал байна. Хэдийгээр халдварын тархалтыг хязгаарлах шийдвэр гаргах нь Засгийн газар, УОК-ын үүрэг хэдий боловч заавал хатуу хөл хорио тогтоож, хууль хяналтын байгууллагын хяналтад дор байх биш иргэд өөрсдөө дор бүрнээ хичээх юм бол эрсдлийг бууруулах бүрэн боломжтой.
ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.
–Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэлх ес хоногийн хугацаанд халдварын тоо нэмэгдвэл ямар арга хэмжээ авах вэ?
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Халдвар эрчимтэй өссөн тохиолдолд заавал дөрөвдүгээр сарын 5-ныг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтооно. Үйлчилгээний газарт таваас дээш хүн цуглахгүй. Олуулаа цуглаад ирэхээр амны хаалтаа авч, сонор сэрэмж алдан халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна хөдөө орон нутагт томилолт нэртэй явж, эрсдлүүд үүсгэж байна. Тиймээс томилолтоор явахыг хориглож, ногоон бүсэд халдвар тархах эрсдлийг бууруулна. Бид халдварыг бууруулахын төлөө ажиллаж байгаа. Халдвар нэг дороос ихээр илэрч байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусгаарлах байранд байсан 285 иргэний 117 хүнээс халдвар илэрсэн.
-УОК-ын шуурхай штаб дотроо халдвар алдсан гэх мэдээлэл байна. Үүнд тодорхой хариулт өгөөч?
-Урт хугацаанд амралтгүй ажилласан шуурхай штабын ажилтан, алба хаагчдыг ээлж, ээлжээр нь “Жаргалант” сувилалд долоо хоногийн хугацаатай амраасан. Ингэхэд 11 хүнээс халдвар илэрсэн.
-Вакцины анхны тунг хийлгэсэн хүнээс халдвар илэрсэн үү?
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тунг хийлгэлээ гээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах ёстой.
–Тусгаарлалтын байруудад хяналт шалгалтыг хэрхэн тавьж байна вэ?
-Бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтраад тусгаарлах байруудад хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Өнөөдөр илэрсэн 437 тохиолдлын 116 нь тусгаарлах байр биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түр байрнаас илэрсэн. Агааржуулалт муутай орчинд нэг өрөөнд наймуулаа байдаг учраас халдвар тархсан.
–Эрдэмтдийн санал дүгнэлтийг УОК хүлээж авч байгаа юу. Эрсдэлийн үнэлгээгээ зөв тодорхойлж чадаж байна уу?
-Мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээг хийж байгаа. Эрүүл мэндийн яам зохих түвшинд судалгаа шинжилгээн дээр үндэслэж бодлого шийдвэрээ УОК-д танилцуулдаг. Үүний хүрээнд хамгийн зөв гэсэн шийдвэрүүдийг гаргах нь бидний үүрэг. Эрдэмтдийн зөвлөл хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн.
-Эмнэлгийн ачаалал хэр байгаа вэ. Өчигдөр 22-ын товчоон дээр халдвартай хүнийг машинд нь хонуулаад өглөө очиж авсан. Мөн халдварын шинж тэмдэг илэрсэн хүнийг гэртээ байж бай, очиж шинжилгээ авна гээд алга болчихдог гэх мэдээлэл байна.
-Ийм мэдээлэл хараахан ирээгүй байна.
-ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд 1.3 жилийн хугацаанд ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд байгаа бол цаашид яах вэ?
-Эмч, сувилагч нар амаргүй хүнд нөхцөлд ээлжилж ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүсийн ачааллыг багасгах зорилгоор хөдөө орон нутгаас эмч, сувилагч нарыг татан авч ажиллуулж байгаа. 16 аймгаас дөрвөн баг ирсэн.
Холбоотой мэдээ