Хятад, Өмнөд Солонгосын соёлын маргаан үргэлжилсээр байна. Улмаар Өмнөд Солонгосын “SBS” телевизийн өндөр өртөгөөр бүтээгдсэн “Joseon Exorcist” (Чусоны чөтгөр зайлуулагч) цувралыг эхний хоёр анги цацагдсаны дараа телевизээр гаргахыг хоригложээ. Учир нь тус кинонд Хятадын соёлыг сурталчилсан агуулга гарсан гэх үндэслэлээр олон мянган хүн цахим сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Цувралыг эсэргүүцэн Хөх ордны албан ёсны хуудсанд тавигдсан өргөдөлд нэг өдрийн дотор 127 мянган хүн гарын үсэг зурсан байна.
Тус кино нь Чусон гүрний гурав дахь удирдагч Тэжон хаан болон түүний гурав дахь хүү, угсаа залгамжлах хунтайж Чуннён нар ард түмнээ Баруунаас ирсэн муу ёрын сүнснүүдээс аврахын төлөө тэмцэж буйг харуулсан түүхэн драм юм.
Харин Даваа гаригт /2021.03.22/ гарсан эхний анги дээр угсаа залгамжлах хунтайж гадаадын тахилч нарыг хятад еэвэн, баншаар дайлж байгаагаар дүрсэлсэн нь түүхийг гажуудуулсан гэж үзэж эсэргүүцжээ. Шүүмлэл гарсанаас хойш тус драмын үзэлт буурсан байна. Мөн тус киноны гол ивээн тэтгэгч болох “Samsung”, LG, KT корпораци зэрэг компаниуд гэрээгээ цуцалжээ. Ийнхүү тус цуврал цуцлагдсанаас "SBS" 32 тэрбум вон буюу ойролцоогоор 28 сая ам.долларын хохирол амсчээ.
Эх сурвалж: KOREABOO
Холбоотой мэдээ