Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш, ажилчид өнөөдөр /2021.03.26/ тус сургуулийн захирлын албан тушаалд хууль бус томилгоо хийж байгааг эсэргүүцлээ.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсээс цагдаагийн алба хаагч нартай хамт хүч хэрэглэж, захирлын албан тушаалыг түр орлогчид хууль бусаар шилжүүлэн, тамга тэмдгийг хүлээлгэн өгснийг эсэргүүцэн тус сургуулийн 234 багш, ажилчдын төлөөлөл сургууль дээрээ цуглаж, өргөх бичиг барьсан байна. Гэвч тус сургууль дээр дархлаажуулалт хийж байгаа тул сургууль дээр цуглах нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, эрсдэл үүсгэсэн хэмээн хуулийн байгууллагаас тарахыг шаарджээ.
Болж буй үйл явдлын талаар тус сургуулийн хөгжмийн багш Л.Отгонцэцэгээс тодруулахад дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр "Сургуулийн захирлаар шинээр ирсэн намын томилгооны хүнийг багш нарын төлөөлөл бид эсэргүүцэж байгаа юм. Сургуулийн захирал нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Томилгоог хууль хүчний байгууллагатай нэгдэж, санаатайгаар, хүч түрэмгийлэн хийж байгааг бид эсэргүүцэж өнөөдөр өглөө 09:40 цагт сургууль дээр ирсэн.
Гэтэл Covid-19 цар тахлын үед санаатайгаар олноор цугларч байна, хариуцлага ногдуулна хэмээн хуулийн байгууллагаас сүрдүүлсэн. Бид хэн нэг даргын сонгуульд ажилласны шагнал болгон томилгоо хийдэг, араас нь сонгон шалгаруулалт нэртэй жүжиг тавьдаг төрийн байгууллагын муу жишгийг л өөрчлөх шаардлага тавьж байгаа. Монгол орны хойч үеийг сурган хүмүүжүүлж байгаа боловсролын байгууллага ялангуяа ерөнхий боловсролын сургууль улстөрчдийн гарт орсноор чадамжгүй захирлууд олширч, багш нарыг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх, бодитоор үнэлж урамшуулах тогтолцоо алдагдаж, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа нь сурагчдын сурах эрхэнд ч халдаж байгаа бүдүүлэг хэрэг" гэв.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ