Дэлхийн зах зээл дээр арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүсч, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдээд буй юм. Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 445.5 ам.доллар байсан бол 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 626.5 ам.долларт хүрч, 37 орчим хувиар өссөн дүнтэй байна.
Монгол Улс 2020 онд 240,1 мян/тн арматур импортолжээ. Зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар дунджаар 1,7 орчим сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар хэмжээ (диаметр)-нээсээ хамааран 2,25 сая төгрөгт хүрч, цаашид ч өсөх хандлагатай байна.
Цементийн хувьд, Барилга, хот байгуулалтын яам үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай өнгөрсөн жилээс хойш хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 360,000 тн цементийн нөөцтэй, үйлдвэрүүд жигд ажиллаж эхэлжээ. Бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн дундаж үнэ 208,000 төгрөг байгаа бөгөөд 44-ийн зах дээр 210-220 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.
Салбар яамнаас энэ сард мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран барилгын үндсэн хийц бүтээцийн материал болох арматур импортлогч болон бетон зуурмаг үйлдвэрлэгч ААН-үүдэд хяналт шалгалтууд хийж эхэлжээ. Тус шалгалтаар арматур импортлогч “Цамхаг гүүр” ХХК-ийн борлуулж буй 1 тонн арматур тутмаас 200 орчим кг арматур дутаж, чанарын шаардлага хангахгүй байсан зөрчлүүдийг илрүүлж, импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон байна.
Мөн улсын хэмжээнд 152 бетон зуурмагийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дээрх үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал зах зээлийн хэрэглээнээс 7,4 дахин их, бетоны марк, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зөрчлүүд илэрчээ.
Барилгын материалын чанарт материалын түүхий эд, холбогдох норм дүрмийн хэрэгжилт, чанарын баталгаажуулалт, лабораторийн хяналт, гарал үүсэл болон тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, барилгын материалын үнэ гээд олон хүчин зүйл нөлөөлж байдаг.
Өнгөрсөн онд “Барилгын материалын үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөн”-ийг Архангай аймагт зохион байгуулсан. Дээрх зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хүрээнд барилгын материалын чанар, стандартыг сайжруулах ханган нийлүүлэлтийн бодлогыг тодорхойлж, дотоодод үйлдвэрлэж буй болон импортоор орж ирж байгаа гол нэр төрлийн 12 материалд онцгойлон анхааран ажиллаж байгаа ажээ.
Холбоотой мэдээ