"Барилгын тусгай зөвшөөрөл олгох эрхийг ТББ-д өгсөн нь зөв"

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

"Барилгын тусгай зөвшөөрөл олгох эрхийг ТББ-д өгсөн нь зөв"

"Барилгын тусгай зөвшөөрөл олгох эрхийг ТББ-д өгсөн нь зөв"

Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр (2021.03.26) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яам “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэв.

“ЗАЛУУС” ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН БАРИЛГЫН АЖЛЫГ III УЛИРАЛД ЭХЛҮҮЛНЭ

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүс хөгжүүлэх хүрээнд, ажлын байртай уялдсан, иргэдийг орлогод нь нийцсэн орон сууцаар хангах, 5000 орчим айлын “Залуус” орон сууцны цогцолбор хорооллын төслийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж буй юм.

Өнөөдрийн байдлаар тус орон сууцны хорооллын техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг (эскиз) боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж буй бөгөөд уг ажлыг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах аж. Цаашид 2021 оны гуравдугаар улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдэл, хорооллын орц гарц, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх авто замын сүлжээ, нийтийн тээврийн асуудлаар дэд ажлын хэсгүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан байна.

“МАЙДАР” ЭКО ХОТЫН ХӨГЖЛИЙН КОНЦЕПЦИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Хот төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж буй. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилаа бий болгох юм. Улмаар олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг даган эдийн засгийн чөлөөт бүс, уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Энэ үүднээс УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийд "Шинэ Зуунмод", “Майдар” хотуудыг шинээр байгуулах түүхэн шийдвэр гаргасан билээ.

Шинэ хотуудыг байгуулахтай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах, “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын нутаг дэвсгэрт орших 12084.9 га, Засгийн газрын 2018 оны 273 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар тус тус улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоожээ.

Б.Мөнхбаатар сайд "Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Шинэ Зуунмод” хот болон Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 29, 30 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байна. “Майдар” эко хотын хөгжлийн концепцийг орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөлтэй уялдуулан тогтвортой, нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй хот байхаар төлөвлөсөн. Ингэснээр Нийслэлийн хэт төвлөрлийг задлах, олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн хөгжлийн шинэ бүс болох “Шинэ Зуунмод”, “Майдар хот”, “Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод” хотыг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтцийг цогцоор шийдвэрлэнэ" хэмээн хэллээ.

УЛААНБААТАР ХОТЫН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Сүүлийн жилүүдэд орон нутгийн Цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг шинэчлэх төслийн явц дунджаар 80%-тай байгаа аж. Үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч, үлдсэн зургаан аймгийн ажил 2021 онд дуусахаар төлөвлөгдөөд байна.

Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орох юм байна. Мөн Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр Увс, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Говьсүмбэр аймгуудийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлын сонгон шалгаруулалтыг шинээр зарлажээ.

Цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны агаар, хөрсний чанарыг сайжруулах ажилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах, гол, мөрний усны чанарыг сайжруулан, цэвэрлэгдсэн бохир усны үндэсний стандартын шаардлагыг хангах хэмжээнд хүргэхийн зэрэгцээ тухайн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих айл өрхийг ариутгах татуургын шугам сүлжээнд бүрэн холбох нөхцөл бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Covid-19 цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл 740.2 мянган айл өрх, 23.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрт нийт 34.6 тэрбум төгрөгийг төрөөс хариуцаж, дэмжлэг үзүүлжээ.

"БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМЖУУЛААД ИРЭХЭЭР ХҮНД СУРТАЛ АРИЛНА"

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын мэдээллээс тус салбарын цахимжилтын асуудлыг онцолъё. Тэрбээр “Манай яам шиг тусгай зөвшөөрлүүдээ төрийн бус байгууллагуудад өгсөн нь цөөхөн. Хувьчлалын дагуу компаниуд янз бүрийн төрийн бус байгууллага байгуулсан байдаг. Барилгын хөгжлийн үндэсний ассоциаци тусгай зөвшөөрөл өгч хэрэгжүүлээд, гурван жил болж байна. Яам өөрөө тусгай зөвшөөрөл өгөхөө больсон. Энэ талаар манай салбарт гардаг хүндрэл бол инженер техникийн ажилтнуудын давхцал.

"Тусгай зөвшөөрөл өгөөч" гээд хүмүүс их ханддаг. Төрийн бус байгууллагад тусгай зөвшөөрөл олгох эрх өгснийг зарчмын хувьд зөв гэж бодож байна. Бид төрийн холбогдох байгууллагуудтай холбогдоод, инженер техникийн ажилтнууд нийгмийн даатгал төлдөг үү, сургууль төгссөн үү гээд бүх мэдээллийг цахимжуулаад ирэхээр хүнд суртал ч байхгүй болно.

Барилгын хөгжлийн үндэсний ассоциацитай хамтраад үндсэндээ цахимжуулаад дуусч байна. Ирэх долоо хоногт бид танилцаад, журмаа ярих ёстой. Одоо бид хүмүүсийн нууцлалын асуудал, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ, хэн хэн ямар ажлаа хариуцах вэ гээд ярилцана.

Засгийн газраас "E-Mongilia" цахимжуулах ажлын хүрээнд хүнээс хамаарахгүйгээр тусгай зөвшөөрөл олгодог ажлыг хийснээрээ ач холбогдолтой. Жишээ нь, бид Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоон дээрээ тусгай зөвшөөрлийг нь өгдөг болох зэргээр цахимжуулснаар бүх асуудлыг шийднэ" гэв.

БАРИЛГЫН АЖЛЫН ДҮРЭМ, ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖЭЭ

Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хууль, дагалдах дүрэм, журмын хэрэгжилтийн шатанд холбогдох нэмэлт өөрчлөлт, сайжруулалт оруулах бодит шаардлагууд тулгарч байгаа учраас Засгийн газрын тогтоолоор батлагдах 4, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдах 1 дүрмийн төслийг шинэчлэн боловсруулжээ. Тухайлбал:

Засгийн газрын тогтоолоор:

-Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм

-Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм

-Барилгын салбарын зөвлөх үйлчилгээний дүрэм

Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар:

-Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох зэрэг дүрмүүдийг дийг шинэчлэн боловсруулснаар хэрэгжүүлэх явцад тулгардаг бэрхшээл, алдаа дутагдлуудыг арилгаж боловсронгуй болгох, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлага, төлөвлөлтөд оруулах, цахим шилжилтийг дэмжих зэрэг боломжууд бий болж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж