Азийн хөгжлийн банк (АХБ) нь Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын ядуу, эмзэг бүлгийн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн халамжийн дэмжлэгийг сайжруулах зорилгоор 73 сая долларын зээлийг баталлаа. Тодруулбал, энэ зээлийн тодорхой хэсгийг цар тахлын үед 0-17 насны бүх хүүхдэд сар бүр олгож буй 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн санхүүжилтийг хийхэд зарцуулах юм байна.
Судалгааны дүнгээс харахад 2020 оны тавдугаар сарын эхэн үеийн байдлаар Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим, ядуу өрхийн 85 хувь ямар нэг байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64 хувь) нь хүнсний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73 хувь) орчим нь орлого тасалдсан гэжээ. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан байна.
Мөн дээрх зээлээр халамжийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор халамжийн хөтөлбөрүүдийг цахимжуулж “ehalamj” системд нэгтгэх, амьжиргаа, санхүүгийн оролцоо, ур чадварыг дэмжих цогц арга хэмжээ бүхий мөнгөн тэтгэлэгт суурилсан халамжаас хөдөлмөрт шилжих шинэ төрлийн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг нэвтрүүлэх үйл ажиллагааг туршин хэрэгжүүлэх юм байна.
Уг төсөл нь АХБ-ны Монгол Улсад Covid-19 цар тахлын нөлөөллийг бууруулах цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт өртөг нь 259.64 сая доллар бөгөөд үүнд Засгийн газрын 186.64 сая долларын санхүүжилт мөн багтаж байна. Энэхүү төсөл 2023 онд хэрэгжүүлж дуусна.
Эх сурвалж: www.intellinews.com
Холбоотой мэдээ