Дарханы зам – Мянгуужингийн зам болсон уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Дарханы зам – Мянгуужингийн зам болсон уу?

Дарханы зам – Мянгуужингийн зам болсон уу?

Дарханы зам гэж Мянгуужингийн үлгэрийн амьд жишээ болсон төсөл манайд бий. Улаанбаатартаа байтугай Азидаа хамгийн их ачаалалтайд тооцогддог Улаанбаатар- Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг МУ-ын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан байдаг. Нийтдээ 204.11 км замыг хоёрхон жилийн дотор барьж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн боловч уг зам өнөөдийг хүртэл зам засаж байгаа компаниуд нь ч, зорчигчид нь ч шороо, тоостойгоо зууралдсан хэвээр байгаа.

Тэгвэл ЗТХЯ дээр Дарханы замын төсөлтэй холбоотой бүх талууд цугларч, бодит нөхцөл байдлаа ярилцсан уулзалт болжээ. Урин дулаан орсонтой холбоотойгоор гүйцэтгэгчдээс ажлын биелэлтийг шаардаж, шахамдуулах зорилгоор уг уулзалтыг санаачлан зохион байгуулж буйгаа Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүд онцолсон. Сүүлийн хэдэн жил Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүсийн иргэдийн цор ганц хүсэл Дарханы зам ашиглалтад орох өдөр болоод байгаа  гэчихэд хилсдэхгүй биз.

Уулзалтад төслийн гүйцэтгэгч компаниуд болон хариуцан ажиллаж буй салбарын яам, хяналтын зөвлөх компаниуд, Дархан, Сэлэнгээс сонгогдсон  УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон.  Төслийн гүйцэтгэгч компаниудын зүгээс цаг агаарын бэрхшээл болон Covid-19 улмаас  гадаад мэргэжилтнүүдээ татаж авч чадалгүй ажил саатсан зовлон бэрхшээлээ голчлон ярьж байсан бол хариуцан ажиллаж буй яамны удирдлагууд элдэв шалтаг тоочоод гэрээний хугацаанд ажлаа чанартай хийдэггүй компаниудад бурууг өгч, хариуцлага тооцох асуудлаа чангатгах тухайд анхааруулж байлаа.  Харин төрийн түшээдийн зүгээс талуудад замыг  ашиглалтад оруулах хугацааг аль болох яаравчлах талаар анхааруулж, бодлогын болон зохион байгуулалтын алдаа дутагдал ихтэй байгааг шүүмжилсэн юм.

Дашрамд дурдахад, уг төсөлд Үндэсний Аудитын газраас өнгөрөгч оны сүүлийн дөрвөн сарын турш хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.  Уг дүгнэлтэд замын чанар, стандарт тааруу байсантай холбоотой анхаарал татахуйц дүгнэлтүүд гарсан бөгөөд тодруулбал хучилтын зузаан төлөвлөснөөсөө нэг см-ээр багассан, санхүүжилтийн  20.6 сая ам.долларыг юунд зарцуулах нь тодорхойгүй, богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.  Энэ бүхнээс харахад дуусдаггүй Дарханы зам хэзээ ашиглалтад орж, ард иргэдийн санаа амарч, ажил амьдрал жигдрэх вэ, хэн үүнд хариулт өгөх вэ?

УИХ-ын гишүүн:  Г.Дамдинням:

“Дарханы замын бүтээн байгуулалт гэж иргэдийн зовлон болсон ажил болж хувираад 3 жил өнгөрч байна. Анх энэ төслийг МУ- ын ЗГ-аас 2020 оны зургадугаар сард бүрэн ашиглалтанд өгнө гэж зарласан байдаг. Одоо бол үндсэндээ 2024 оноос өмнө амжиж дуусвал их юм болохоор нөхцөлтэй болчихоод байгаа юм. Мөнгө нь бэлэн, компаниуд нь шалгарчихсан, гэтэл ажил нь явдаггүй  баахан тайлбар тавьдаг. Олон шалтаг шалтгаан, бие биерүүгээ бурууг чихсэн байдалтай байсан. Гол асуудал бол ердөө л зохион байгуулалт муу байгаагийнх. ЗТХЯ, ялангуяа төслийн нэгж хяналтаа тавиад бодит мэдээллээ олон нийтэд өгөх хэрэгтэй.

Энэ замтай холбоотой маш олон хүний ажил амьдрал, амь нас, эрүүл мэнд хохирсон асуудлыг нэн тэргүүнд ярих ёстой. 2020 оны 9-р сарын 1-ний байдлаар нийт бүртгэгдсэн осол 117, гэмт хэрэг 32, нас барсан 11, гэмтсэн хүн 33 гэсэн мэдээлэл байна. Эдгээр иргэдийн хохирлыг барагдуулдаг газрууд нь барагдуулах ёстой. Гүйцэтгэгч нарын гэрээнд энэ талаар тусгах хэрэгтэй.

Хариуцсан төслийн нэгж нь ажлаа хийдэггүй, удирдлага нь ажлаа хийхгүй хаяад алга болдог. Тайлан тооцоо, баримт бичгээ хүлээлгэж өгдөггүй гээд энэ нөхдүүд бас хариуцлага хүлээх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөнөөс энэ зээлийн гэрээнүүдийн төлбөрийг төлж байгаа гэдгийг бүгд хатуу ойлгож хэрэгтэй. Удаашрах тусам зардал өснө. Алдагдал хүлээнэ. Зам дээр эвдэрч хэмхрэх, осол аваарт орох, саатах, ачаа таваарын эргэлт удаашрах гээд нийгэм, эдийн засгийн асар их хохирол гарч байна.

Энэ төслийн нийт 10 багц ажилд ганцхан Монгол компани оролцож байна. Бусад 9 компани нь урд хөршийн компаниуд. Энэ компаниуд дотоодын замын компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулаад мөнгийг нь өгөхгүй үйлийг нь үздэг санал, гомдол зөндөө ирсэн. Гэрээ хэлэлцээрийн нөхцөлд үндэсний компаниудаа дэмжих чиглэлд анхаарах шаардлагатай байна.

Эцэст нь та нар багц бүр дээр яг тэдэн сарын тэдэн гэхэд ийм хувьтай, явцтай байнаа гэдэг тодорхой тоогоо одоо олон нийтэд хэл. Дарханы гишүүд Б.Жавхлан, Б.Баттөмөр бид гурав энэ замын араас хөөцөлдөөд, асууж сураад та нараас баахан мэдээлэл бичгээр авдаг.  Тэгээд олон нийтэд хуваалцахаар худлаа ярьсан болоод байна. Бүгд энэ мэдээллээ тооцож гаргаад олон нийтэд мэдээлэл өг! Ажил нь дуусаагүй байтал аудитын дүгнэлтээр замын чанартай холбоотой асуудлууд гарч ирж байна. Энэ замын ажил  дуустал араас нь хөөцөлдөж шахаж, шаардаж ажиллана шүү гэдгээ дахиад хэлье”

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар:

“Өнөөдөр Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын явцын талаар 2021 оны гуравдугаар сарын 24- ний байдлаар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хийгдсэн ажлын хувьд 1-р багц 85.43%, 3-р багц 69.46%, 5-р багц 70.46%-ийн гүйцэтгэлтэй. Ерөнхийдөө хучилт дуусаад одоо тохижилтоо хийхээр хаврын ажлууд эхлээд явж байгаа. Үүнээс гадна үргэлжлүүлээд Европын сэргээн босголтын банкны зээлээр  мөн адил 5 багц ажил хийхээр төлөвлөсөн. Сонгон шалгаруулалт хийгдээд ажил эхэлсэн.  2021 онд хэдийгээр  өмнөх жилийн адил ковидын нөхцөл байдал болон цаг агаар, бороо хурын эрсдэл мөн үүсэх магадлалтай ч гүйцэтгэгч компаниудыг аль болох сунгасан цагаар ажиллуулж товлосон хугацаанд нь ажлаа хүлээж авахад анхаарна. Өнгөрөгч онд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал энэ төсөл дээр нилээдгүй хэл ам дагуулсан. Энэ жилийн хувьд нийтдээ 889 хүн орж ирэх ёстой. Үүнээс 105 хүн эхний ээлжинд орж ирнэ. Одоогийн байдлаар нийт 5 багц дээр 22 гадаад ажилтнууд ажиллаж байна. Ихэнхи нь инженер техникийн болон нарийн мэргэжлийн операторууд байгаа. Энэ мэргэжилтнүүд бүгд вакцинд хамрагдана, эхнээсээ хамрагдсан”

IST Sain consulting” зөвлөх компанийн инженер С.Очирбат:

“Замын чанарын хувьд асуудал гарсан нь үнэн. Нэгдүгээр багц дээр хагарал гарсан байгаа. Энэ чанарын хяналт шаардлага хангаагүй ажлыг чанарын инженерүүд шалгаад санхүүжилтийг нь өгөөгүй байгаа. Хучилтыг байнга өрөмдөж шалгаж үздэг. Чанар дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Лабораториар баталгаажсан багажуудаар шалгадаг. Асуудал гаргасан компаниудад бид байнга анхааруулга өгч ажиллаж байгаа. Шаардлага хүлээж авахгүй, ажлынхаа чанарыг хангахгүй бол  дөрөвдүгээр сарын  15-ны үед гэрээ цуцлах хүртэл анхааруулга өгөхөөр төлөвлөж байна”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж