Орчин цагийн хүмүүс байгаль дэлхийтэйгээ илүү ухамсартайгаар харьцаж, амьтдыг сонирхох гэхээсээ илүү хайрладаг, дэлхий дээр адилхан оршин буйгаа ухамсарладаг болсон. Тиймээс бид өнөөдрийн сурвалжлагаараа амьтдын асаргааны төв буюу “Hunnu mall” худалдааны төвд байрлах "Харилцааны зоопарк"-ыг онцолж байна.
Амьтны хүрээлэн нь олон талын ач холбогдолтой байдаг. Байгаль дэлхийгээсээ өдөр ирэх бүр холдож буй биднийг байгаль эхтэй нь ойртуулж, Монголд байдаггүй мөн байгаль дээр нь харж чадахгүй амьтныг ойроос харах боломжийг бүрдүүлж өгдөг. Амьтныг ойроос харж, тэжээж байж тэднийг мэдэрч хайрлана. Амьтантай харьцсан хүүхэд энэрэнгүй зөв хүн болон хүмүүждэг. Мөн амьтны хүрээлэнд амьдарч буй амьтад байгаль дээр зэрлэгээрээ амьдарч буй амьтнаас нэг дахин илүү насалдаг байна.
Энэхүү зоопарк хөл хорионы дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулаад эхэлжээ. Биднийг очиход бяцхан үрсээ дагуулсан эх эхчүүд зоопаркийг үзэн сонирхож байсан бөгөөд тайлбарлагчид нь үзэгчидтэй хамт сонирхон инээж хамтдаа баясна. Энэхүү зоопаркаас амьтдыг баясан, өхөөрдөн харах бяцхан хүүхдүүд, гэр бүлээрээ инээмсэглэн алхах хүмүүсийг харахад аз жаргалтай сайхан орчин бүрджээ.
"Харилцааны зоопарк" нь “Hunnu mall”-д шинэчлэгдэн байгуулагдаад жил гаран болж байгаа бөгөөд 30 гаран төрлийн 80-д амьтантай. Энд буй амьтад нь бүгд амьтны хүрээлэнд төрж өссөн бөгөөд импортын гэрчилгээтэй гадаадаас авчирсан амьтад байдаг гэнэ. Өчигдөр молтогчин туулай зулзагалан эндэхийн бүл хоёр шинэ гишүүнээр нэмэгджээ. Covid-19-ийн нөлөөгөөр хүмүүсийн үзэлт муу байгаа бөгөөд өмнө нь өдөрт 100 орчим хүн үйлчлүүлдэг байсан бол одоо өдөрт 20 орчим хүн үзэж байгаа гэнэ. “Hunnu mall” худалдааны төвийн зүгээс хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд цаашид хөл хорио тогтоохгүй байвал үйл ажиллагаа хэвийн явуулж санхүүгийн хүндрэлээс гарахаар тэд ажиллацгааж байна.
"Харилцааны зоопарк"-ийн захирал Л.САЙНБАТ:
“Хамгийн анх 10 жилийн өмнө хүний алах гэж байсан хоёр чоныг аварч тэжээсэн, тэр цагаас л амьтны хүрээлэн байгуулах санаа төрж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэд нар маань одоо найм болж үржсэн. Байгаль дээр нь тавих гэхээр амьдрах чадвар муутай байгаа. Манай гол төв, Төв аймгийн Баянчандмань суманд байдаг. Гэвч сүүлийн хоёр жил Дарханы зам болон Covid-19-ийн нөлөөтэй ажиллаж чадсангүй. Бид 100 хувь зээлээр болгож байгаа ч гэсэн амьтдаа хоол тэжээлээр дутаахгүй авч байна. Монголд амьтны хүрээлэн байх нь зайлшгүй шаардлагатай. Баянчандмань суманд байдаг хүрээлэнд жилдээ 20 гаран бэртсэн, хавханд орсон, өнчирсөн зулзага зэрэг зэрлэг амьтдыг аварч тэжээдэг. Эрүүл болохоор нь боломжтойг нь байгальд нь буцаан тавьдаг. Өнгөрсөн жил өнчирсөн бамбаруушийг 7 сар тэжээж байгаад байгальд нь тавьсан. Улсаас ямар нэг дэмжлэг авч байгаагүй. Энэ амьтны хүрээлэнгийн төлөө гэр бүлээрээ зогсолтгүй явж байна даа. Мөн мазаалай, ирвэс зэрэг нэн ховор амьтдаа байгаль дээр нь орчныг нь бүрдүүлээд хүний хараа хяналтан дор тэжээж тоо толгойг нь өсгөн Монголдоо авч үлдээсэй, дэлхийд байхгүй ховор сонин амьтдаа хайрлаасай гэж хүсдэг дээ” гэлээ.
Амьтад яг л хүн шиг гомдож баярлаж, талархдаг. Хайрлаж тэжээж асрахад сэтгэлийн хариуг үйлдлээрээ үзүүлдэг гэнэ. Амьтныг хайрлаж тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулдаг эрхэм хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй байх бизээ.
Овжин хулгайчаараа алдартай Маралаа илбэнх.
Өлсөхөөрөө Ара гэж дуугардаг тоть.
7 настай бяцхан үзэгч Х. Золзаяад хамгийн өхөөрдөм нь нохой, туулай байсан гэнэ.
Д.БҮЖИН
Холбоотой мэдээ