Ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтад тулгуурласан цахим ташаа мэдээлэлтэй тэмцэх (CCDH) болон Вакцин эсэргүүцэгчдийг ажиглагч байгууллага хамтран эрэн сурвалжилснаар өдгөө цахим орчинд тараад буй цар тахлын вакцины эсрэг ихэнх ташаа мэдээллийн ард ердөө 12 хүн байгааг олж мэджээ.
Ийн сурвалжлахдаа мэргэжилтнүүд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 16-ны хооронд цахим орчинд тарсан вакцины талаар 812 мянга гаруй ташаа мэдээллийн 65 хувийн эх сурвалжуудыг тодорхойлж, лавшруулан судалсан байна.
Түүнчлэн цахим платформууд дундаас ялангуяа Facebook орчинд өнгөрсөн хоёр сарын турш тарсан ташаа мэдээллүүдийн 73 хувийн эх сурвалж ердөө 12 хүнд холбогдсон байна. Тэдний нийтэлсэн ташаа мэдээллүүдийг цахим сүлжээнд олон хүн уншиж, улам цааш нь түгээх, хуулж бичих замаар хаа сайгүй тараажээ.
Тайланд дурьдсанаас харвал хамгийн их ташаа мэдээлэл тараасан хүн нь сүүлийн үед АНУ-ын хүнс, эмийн удирдах газраас сануулга авсан, өөрийн бүтээсэн эмийг сурталчлагч Жосеф Меркола гэнэ. Мөн Жон Кеннеди агсны ач дүү Бага Роберт Кеннеди хамгийн их ташаа мэдээлэл тараасан хүмүүсийн дунд байжээ.
Тиймдээ ч Кеннедиг цахим орчны цар тахлын вакцины талаар ташаа мэдээллийн бодлогыг зөрчсөн хэмээн Instagram сүлжээний зүгээс нэвтрэх эрхийг нь хязгаарласан байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ