Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | News.MN

Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.26)   хуралдаан 10 цаг 42 минутаас эхэлж, Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 22 гишүүн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тиймээс тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдан, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарыг Түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар тогтож, энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажилллах зарчмын зөрүүтэй санал гаргасны дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 12 гишүүний 8 нь дэмжиж, энэ талаарх танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын хамт нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн тогтоолын төслийг эцэслэн батлуулахаар тогтлоо.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Харин тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад тус Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарыг нэмж оруулах санал дэмжигдээд байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж