АНУ-ын Хедж сан Рио Тинто компанийг “Оюутолгой”-н уурхайн төсөл саатсан жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулсан хэмээн буруутгажээ. Улмаар хөрөнгө оруулалтын “Pentwater Capital Management” компанитай хамтран Нью-Йоркийн шүүхэд зарга үүсгэсэн байна.
Тодруулбал, хамтын нэхэмжлэлийн хүрээнд гаргасан баримт бичигт “Pentwater Capital Management” компани нь Рио Тинто болон Туркойз Хиллс Ресурс компанийн удирдлагууд “Оюутолгой”-н зэсийн ордын 6.75 тэрбум долларын нэмэлт өргөтгөл хүнд нөхцөлд байгаа гэдгийг мэдэж байсан. Мөн геологийн хүндрэл гарна гэдэг нь худал мэдээлэл хэмээн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, хувьцааны үнэд нөлөөлж болзошгүй мэдээллүүдийг нуун дарагдуулсан. Түүнчлэн үнэт цаасны тухай холбогдох журмыг зөрчсөн гэж үзэн зарга үүсгэсэн байна.
“Pentwater Capital Management” нь Туркойз Хиллс Ресурс компанийн хамгийн том "жижиг хувьцаа эзэмшигч" бөгөөд хамтын зарга үүсгэсэн хэргийн гол нэхэмжлэгч юм. Тус компани төсөл товлосон хугацаандаа, төсвийн хүрээнд урагшилна гэж тооцон Туркойз Хиллс Ресурс компанийн хувьцааг худалдан авсан ба хөрөнгө оруулагчдад учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа юм байна.
Х.НЯМБААТАР: РИО ТИНТОГИЙН ТАЛААС 650 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛСЭН
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2012 оноос хойш Рио Тинто компани Оюутолгойн төслийн геологи, гео техникийн нөхцөл байдлыг мэдэж байсан. Геологийн хүндрэл нь худал яриа юм гэх мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухай бүрт өгөөгүй, нуун дарагдуулж үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн байж болзошгүй гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ талаар мэдээллийг бид авсан. Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгийг хэлье. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас өссөн тохиолдолд бид хөрөнгө оруулагчийн талтай хэлэлцээний шатанд дараагийн хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл бүрдээд байна.
Ирэх долоо хоногийн эхээр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах саналыг Ерөнхий сайдад танилцуулна. Уг хуралдаанаар Рио Тинтогийн төлөөлөлтэй УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэлэлцээр эхлүүлэж гэж байгаа.
Хэлэлцээ үндсэн гурван үе шаттай явагдана гэж удирдамжийн төсөлд оруулаад байна. Нэгдүгээр үе шатанд, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах асуудлыг ярина. Лондонгийн арбитрийн шүүхэд Рио Тинто Монгол Улсын Засгийн газрыг татварын акт маргаантай холбоотой асуудлаар хариуцагчаар өгсөн. Ойролцоогоор одоогийн ханшаар нэг их наяд төгрөг. РиоТинтогийн талаас одоогийн байдлаар эдгээр тавигдаж байгаа актын 650 тэрбум төгрөгийг төрийн дансанд шилжүүлсэн байгаа. Удахгүй Татварын албанаас үлдсэн 350 орчим тэрбум төгрөгийн актыг Оюутолгойн талд хүргүүлж байгаа байх. Хоёрдугаар үе шатад, татварын маргаантай асуудлыг хөрөнгө оруулагч тал, Засгийн газар хоёрын хооронд ойлголтын зөрүүг арилгах хэлэлцээний ажлыг хийхээр ярьж байна. Гуравдугаар шатад, 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 14 орчим гэрээ хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээ хэлэцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 92-р тогтоолын хэрэгжилтийг хангах, хамтын төслийг үргэлжлүүлэх хэлэлцээрээр үргэлжилнэ.
Оюутолгойн гэрээтэй Сү.Батболдыг холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан, шүүхээр шийдвэрлэсэн зүйл байхгүй тул хуульд заасан үндэслэлээр энэ асуудалтай холбоогүй гэж ойлгож байгаа” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын хувьд далд уул уурхайн зардал хэтэрсэн асуудалд төслийн үр өгөөжид сөргөөр нөлөөлж байгаа учраас уг асуудлыг ул суурьтай судлах үүднээс хөндлөнгийн шинжээч дүгнэлт гаргуулахаар болсон байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирэх зургадугаар сард гарах болов уу гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байна гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ.
ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.СОЛОНГО:
-Монгол Улсын Засгийн газрын хувьд далд уул уурхайн зардал хэтэрсэн асуудал төслийн үр өгөөжид сөргөөр нөлөөлж байгаа учраас уг асуудлыг ул суурьтай судлах үүднээс хөндлөнгийн шинжээч дүгнэлт гаргуулахаар болсон. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирэх зургадугаар сард гарах болов уу гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байна.
Н.АМГАЛАНТУУЛ, Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ