ТББХ: Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

ТББХ: Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

ТББХ: Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2021.03.26) чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 22 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн.

Тус Байнгын хороо тогтоолын төслийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 92 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолд Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай Оюутолгой ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тус ордын дагалдах нөөцийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлж дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэх зэрэг асуудлыг тусгасан юм.

Иймээс дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нэр бүхий гишүүд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Түр хороог Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Харин тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах саналаа илэрхийлж байсан юм.

Иймээс Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан саналын дагуу Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарыг нэмж оруулах саналыг хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж