Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр (2021.3.26) хийлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, March 25, 2021
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 437 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинээр илэрсэн халдварын 370 нь Улаанбаатарт, 67 тохиолдол нь орон нутагт бүртгэгдээд байна.
Мөн 106 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Улсын хэмжээнд Covid-19 халдварын улмаас 1462 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн-1243, хүндэвтэр-194, хүнд найм, маш хүнд долоон хүн байгаа юм.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалтад нийт 92 багийн 644 эмч, мэргэжилтнүүд ажиллаж, сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна.
Одоогоор 50-аас дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа. 50-аас дээш насны иргэд аль ч цэгт очиж дархлаажуултад хамрагдах боломжтой.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар одоогоор яригдаагүй. Үүнээс гадна лабораторийн хүрэлцээ тоо хязгаартай тул ачааллыг харгалзаж үзэх хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө иргэд маань шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөхгүй байх, байгууллага, аж ахуй нэгжүүд заавал шинжилгээний хариу иргэдээс шаардахгүй байхыг хүсч байна. Нэг хүний цаана гэр бүлийн 3-4 хүн ойрын хавьтал болж байна. Тиймээс бид сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудаас шинжилгээг 24 цагийн дотор авч ажиллаж байна. Ойрын хавьталын хүн халдвар авах магадлал 20-40 хувь болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа.
Одоогийн байдлаар орыг 2107-гоор нэмэгдүүлээд байна. Бөхийн өргөө, Буянт ухаа цогцолборт ор дэлгэх боломжтой.
Монгол Улсад батлагдаж байгаа Covid-19 тохиолдлын 90 орчим хувь нь шинж тэмдэг үзүүлэхгүй байгаа байгаа учраас иргэд маань хүн хоорондын зайгаа барих нь чухал.
Дараагийн ээлжийн вакцины татан авалтыг нэг өдрийн өмнө ч болов оруулж ирэх талд анхаарч ажиллаж байна. Мөн ирэх сард Хятадаас вакцин оруулж ирнэ. Засгийн газраас танилцуулсан дархлаажуулатын журам хэвээр байна. Covid-19 халдварын тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж, хүндэрч байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.АМБАСЭЛМАА:
-Эрсдэлийг ард иргэд маань сайтар тооцоолох хэрэгтэй. Ялангуяа Улаанбаатар хотод цар тахал хүн амын дунд өргөн тархаж байна. Аймгуудад нийслэлээс зөөвөрлөгдсөн кластер тохиолдлууд олноор нэмэгдэж байна. Орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээг маш шуурхай авах шаардлагатай байна. Техник, лаборатори мөн дутмаг байна. Халдвартай иргэдийн маршрутаас харахад олон нийтийн газар болон үйл ажиллагаанд хамгийн их орсон хүмүүс нь өөрт болон өрөөлд халдвар тархаах эрсдэлийг бий болгож байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:
- Дархан-Уул аймаг- 6
- Орхон аймаг- 18
- Дорноговь аймаг- 3
- Төв аймаг- 26
- Хөвсгөл аймаг- 5
- Өвөрхангай аймаг- 3
- Хэнтий аймаг- 6
Ингэснээр Сэлэнгэд нийт 217, Дархан-Уул 75, Орхон 46, Дорноговь 37, Говьсүмбэр дөрөв, Архангай зургаа, Завхан долоо, Төв 57, Хөвсгөл 21, Увс хоёр, Өвөрхангай 30, Баянхонгор нэг, Хэнтий зургаа болж одоогийн байдлаар 13 аймагт Covid-19 халдвар батлагдаад байна.
Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхааруулав. Мөн Засгийн газраас иргэдийн аж амьдрал, эдийн засгийн байдалд хүндээр нөлөөлөхгүйн тулд хатуу хөл хорионы хэлбэрийг аль болох сонгохгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгааг мэдээлсэн юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ