ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар болсон байна. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байгаа тухай Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дотооддоо дархлаажуулалтад хэрэглэж эхэлсэн "Спутник-V" вакциныг өнөөдөр ОХУ-д Гамалейн хүрээлэн болон "Биннофарм", "Фармсинтез", "Р-Фарм", "Биокад", "Генериум" зэрэг хэд хэдэн компанид үйлдвэрлэж байгаа аж. Хойд хөршид өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн вакцинжуулалтад эхний ээлжинд эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд, багш нарыг хамруулж, улмаар энэ оны нэгдүгээр сарын 18-наас хүн амын бусад бүлгийг хамруулж эхэлснээр бүх нийтийг хамарсан шинж чанартай болон амжилттай явагдаж байгаа юм.
ОХУ-д өнөөдрийн байдлаар "Спутник-V" вакциныг оролцуулаад Новосибирскийн "Вектор" төвийн "ЭпиВакКорона", М.П.Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн боловсруулан гаргасан "КовиВак" гэсэн гурван нэрийн вакциныг албан ёсоор бүртгэн, улс дотроо болон олон улсад дархлаажуулалтад хэрэглэж буй аж. ОХУ сэтгүүлчдээ вакцинжуулалтын эхний ээлжинд хамруулан дархлаажуулж эхэлсэн.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ