Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Тажикстаны талбайд хожигдов

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Тажикстаны талбайд хожигдов

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Тажикстаны талбайд хожигдов

"Катар – 2022" хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны зургаа дахь тоглолтоо Монголын үндэсний шигшээ баг өчигдөр/2021.03.25/ Тажикстан улсын эсрэг Душанбе хотод хийлээ.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Улаанбаатар хотод хийхэд Тажикстаны шигшээ баг 1:0 гэсэн харьцаатай Монголын шигшээ багийг хожиж байв.

Хариу тоглолтын хувьд талбайн эзэд эхнээсээ ялимгүй давуу тоглолтыг үзүүлж, нэгдүгээр үе дөнгөж эхлээд буюу гурав дахь минутанд Манучехр Джалилов хэмээх нутгийнхаа Истиклол багт хүчин зүтгэдэг довтлогч гоолдов. Энэ өдөр Монголын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд Унгарын Пушкаш академийн багт хүчин зүтгэдэг Г.Ганбаяр нэрлэгдсэн нь онцлог байлаа. Түүний хувьд шигшээ багтайгаа Туркт нэгдэж, хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Ийнхүү 1-0 гэсэн харьцаатай хожигдож эхэлсэн Монголын шигшээ баг тооны харьцааг тэнцүүлэх гэж боломжуудыг үүсгэж байсан ч гоол оруулж чадсангүй. Хоёрдугаар үеийн 50 дахь минутанд Алишер Джалилов багийнхаа хоёр дахь гоолыг оруулж тэргүүллээ улам баталгаажуулав.

Энэхүү тоглолтонд Монголын шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ чухал хаалтуудыг хийж, Тажикстаны аюултай довтолгоонуудыг зогсоож байсныг дурдах нь зүйтэй. Мөн багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн хөдөлгөөнгүй бөмбөгнөөс гүйцэтгэж байсан цохилт, дамжуулалтууд эсрэг багт аюул учруулж байлаа.

2-0 гэж хожигдож эхэлснээс хойш Монголын шигшээ баг бөмбөг илүү эзэмшиж, гоол оруулах орон зай эрэлхийлсэн ч Тажикстаны шигшээ багийн сөрөг довтолгоо үр дүнгээ өгч, тоглолтын 86 дахь минутанд Шахрам Самиев тооны харьцааг 3-0 болгож, тоглолтын хувь заяаг шийдсэн. Тоглолтын турш Тажикстаны багийн жигүүрийн тоглолт аюул тарьж байсан бөгөөд мөн хоёрдугаар давхрын тулаанд илүү байв.

Урьдчилсан шатны тав дахь ялагдлаа амссан Монголын шигшээ баг өнөөдөр/2021.03.26/ Токиог зорьж, Японы шигшээ багтай хийх тоглолтондоо бэлдэнэ.

Одоогоор урьдчилсан шатны F хэсгийг Японы шигшээ баг нэг ч ялагдалгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Тажикстан, Кыргызстан, Мьянмар, Монгол гэсэн улсууд удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж