УИХ-ын чуулганы хуралдаан
Posted by News.mn on Thursday, March 25, 2021
Тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсооно
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Covid-19 цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонсч эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг асуулгын хариуг өгч байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Гадаад харилцааны яам Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тавигддаг байсан олон шалгуурыг хялбаршуулж, иргэдийг татан авах төлөвлөгөө хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох, нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг үе шаттай зохион байгуулж татан авах, тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр хоол зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг ханган мөнгөн тусламж үзүүлэх зэрэг заалтуудыг оруулсан. Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн нислэг болон газраар нийт 31.168 иргэнээ татаж авчээ. Тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1-н гэхэд эх орондоо ирүүлнэ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу МИАТ компани нислэгийн тийзийн үнээ гуравдугаар сарын 1-ээс эхлэн 15 хувь болгон бууруулсан. Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ээс эхлэн шат дараатай нээх тул тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлнэ. Дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдаж авна.
Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая төгрөг, 2021 оны эхний гурван сарын байдлаар нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд нийтдээ 97 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Улсын онцгой комисст ард иргэд, ААН байгууллагуудын зүгээс цугларсан хандивын хөрөнгөнөөс 300 сая төгрөгийг цар тахлын улмаас гадаадад гацаж, санхүүгийн хүндрэлд орсон нутаг буцах боломжгүй иргэдэд зориулан хилийн чанадад байгаа иргэдэд туслах санд төвлөрүүлсэн. Энэхүү нэмэлт 300 сая төгрөгөөс 201 иргэний тусгаарлах байрны төлбөр болон бусад дэмжлэг үзүүлэхэд 195 сая 458 мянган төгрөг зарцуулж одоо 104 сая 541 мянгган төгрөг үлдсэн байна.
Дараа нь гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Гадаадад гацсан иргэдийг эх орондоо авчрахын тулд дотоотын халдварыг хумих, вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатай. Энэ чиглэлээр ямар бодитой ажил хийх вэ. Гадаадаас ирэх нислэгүүдээр мутацид орсон Covid-19 халдвар орж ирэх өндөр магадлалтай байна. Тэгэхээр ирж байгаа иргэдээ хаана тусгаарлах вэ. Бөхийн өргөө болон “Буянт-Ухаа” цогцолборт тусгаарлахад эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж би хувьдаа ойлгосон. Төсвийн хөрөнгөөр өнөөдрийг хүртэл хичнээн вакцин авсан бэ?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
Хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсаас 150 мянган тун АстраЗенека вакциныг авсан. Мөн Хятад улсаас 300 мянган тун Синофарм вакцин, хоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын 10 мянган тун Спутник-5 вакцин, гуравдугаар сарын 12-нд Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 114 мянган тун АстраЗенека вакцин, гуравдугаар сарын 24-нд 27 мянган тун Файзер вакциныг татаж авсан.
Ковакс хөтөлбөрийн хүрээнд 600 мянган иргэнийг дархлаажуулах 1.2 сая тун вакциныг үе шаттайгаар үнэ төлбөргүй олгох ёстой. Нэмэлт эх үүсвэр бий болгох чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. 1.5 сая тун Файзер вакцин, нэг сая тун Спутник-5 вакцин, 900 мянган тун Синофарм вакциныг арилжааны шугамаар авахаар яриа хэлэлцээрийг хийж байгаа.
Хоёр хөрш улстайгаа үндсэндээ тохиролцсон. Спутник-5 вакцин дөрөвдүгээр сард орж ирнэ. Нарийн хугацаагаа тогтоогүй. 900 мянган тун Синофарм вакциныг гурав хуваагаад эхний ээлжийн 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 2-нд ирнэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар халдварын 437 тохиолдол шинээр илэрсэн. Үүнээс 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 116 тохиолдол нь өмнө халдвар авсан байсан иргэдийн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэд юм. Үлдсэн 66 тохиолдол нь найман аймагт гарсан.
Халдвар мутацид орсныг илрүүлэх лабораторийг ирэх дөрөвдүгээр сарын эхээр байршуулна. Тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн. Лабораторид ажиллах боловсон хүчинг Япон руу 14 хоногийн хугацаатай явуулсан. Одоогоор Монгол Улсад мутацид орсон Covid-19 халдвар орж ирээгүй. Гадаадаас ирж байгаа иргэдээс хоёр удаа шинжилгээ авч, арван хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа. “Буянт-Ухаа” цогцолбор болон Бөхийн өргөөг нөөц хэлбэрээр бэлдэж байгаа. Хөдөө орон нутагт халдвар алдсан шалтгаан нь Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” амралтын газраас улбаатай юм болов уу гэж хардаж байна. Тухайн үед 127 хүн амарч байснаас 54 нь нийслэл, үлдсэн нь бусад аймгийн иргэд байсан. Одоогоор 12 аймгийн иргэд амарсан гэсэн мэдээлэл бий. Мөн хот хоорондын хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор халдварууд хөдөө орон нутагт гарсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуув. Тэрбээр “Дотоодын халдвар үнэхээр хүндэрч эхэлж байна. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Тиймээс халдварыг хумих арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хорих, хумих тактик эдийн засгийг дэмжих бодлоготойгоо зөв хослуулж явуулах шаардлагатай. Хэт задгай хаяснаас үүдэн сүүлийн өдрүүдэд халдвар нэмэгдэж байна. Сүүлдээ дийлэхээ болилоо. Манай эмчилгээний чадамж хэр билээ. Одоо бараг л тулсан байх гэж би бодож байна. Тиймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнээс гадна томилолтоор явж байгаа төрийн албан хаагчдыг бүгдийг нь болиулмаар байна. Хөдөө орон нутагт очиж халдвар тараагаад байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд хамтран ярилцаж байгаа. Санал зөвлөмжөө УОК-д хүргүүлсэн. УОК-оос эцсийн шийдвэр гарна. Хөдөө орон нутагт гарсан халдварын шалтгаануудыг судалж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Халдварын тоо эрс өсч байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Өнөөдөр УОК хуралдана. Эрсдэлтэй гэсэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашлаад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл аймаг орон нутаг болон Улаанбаатарт шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр төлөвлөсөн. Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нэмэгдээд байвал дөрөвдүгээр сарын 5-аас хатуу хөл хорио тогтооно гэдгийг иргэддээ хэлсэн. Шинжилгээ, тусгаарлалтын байртай холбоотой албан тушаалтнуудын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Жагсаал цуглааны үйл ажиллагаа хориотой байгаа. Жагсаал хийсэн иргэдэд хуулийнхан зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээ авсан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хүүхдүүдийг амраахгүй юм уу. Амралтгүйгээр хичээл хийснээс болоод дэлгэцийн хамааралтай боллоо. Багш нар, хүүхдүүдийн аль, аль нь ядарч байна. Сайдын тушаал гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл авмаар байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амрах нь хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно. Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон байгаа. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа учраас үүнийг шийдвэрлэх зорилготой байсан. Сургууль болон орон нутаг нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно. 7-8 аймагт халдварын голомт үүсээд хичээл завсардах нөхцөл байдал үүсээд байна.
УИХ ын гишүүн С.Одонтуяа:
-Өмнөх Засгийн газрын УОК маш их цаг алдсан. 2020 оны зургадугаар сард дулаахан байхад бүх иргэдээ авчирмаар байна гэх санал гаргахад дэмжээгүй. Гадаадад байгаа иргэдийг дэндүү их хохироосон. Маш олон хүн амь нас, хөрөнгө мөнгөөрөө хохирсон. Хүний эрхийн зөрчил дээд цэгтээ тулсан. Гадаадад байгаа иргэдээ нэг жилийн хугацаанд нохойноос дор байлгасан шүү. Гадаадад байгаа иргэдэд үзүүлж байгаа бодит дэмжлэг хангалтгүй байгаа. 300 сая төгрөгийн тусламж гэдэг маш бага. Засгийн газар нэг жийп машиныг бараг 300 сая төгрөгөөр авдаг шүү дээ. Тиймээс одоо дахиад 300 сая төгрөг төсөвлөж өгөөч гэж хүсч байна. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд туйлдаж, мөнгөгүй болж байна. Тиймээс санхжүүжилтийг шуурхай шийдвэрлэж нэг хүнд гурван сая төгрөг ч болтугай өгөөч гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Засгийн газар Covid-19 халдварын өмнө ялагдсан хоёр дахь засгийн газар болчих шиг боллоо. Өнөөдөр байгаа байдлыг нь хар. Халдварын тоо өдрөөс өдөрт өсч байна. Би хэлж байсан. УИХ-ын дарга Японтой адил хөгжье л гээд байгаа. Гэтэл Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна. Covid-19 халдвартай тэмцэх бүтэц байгуул гэж би хэлж байсан удаатай. Хэлсэн ярьсныг хийж байсан бол ийм юм болохгүй. Зөв шийдвэр ард түмэнд таалагддаггүй.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:
-Мутацид орсон вирус дээр Улсын онцгой комиссоос онцгой анхаарч байгаа. Гадаадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарладаг байсан бол 10 хоног болгож бууруулсан. Цаашид эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч энэ хоногийг дахиад долоо хоног тусгаарлах эсэх асуудал дээр судалгаа хийгдэж байна. Ялангуяа Европын улс орнуудаас мутацид орсон халдвар орж ирэх магадлалтай. Засгийн газар, УОК-оос Covid-19 халдвартай тэмцэх чиглэлээр хариу арга хэмжээг шуурхай үр дүнтэй авч хэрэгжүүлсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүн гарсан. Нууц байсан голомтуудыг илрүүлсэн болов ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд буюу нэг халдвартай хүний цаана 4-5 тохиолдол илэрч байна. Мэдээж эдийн засгаа бодолцох зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Эрчимжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын эхээр вакцинжуулалтын нийлүүлэлт явагдаад тавдугаар сарын 10 гэхэд нийслэлийн иргэдийг бүрэн хамруулж дуусгана.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
–Дөрөвдүгээр сарын 5-аас 14 хоног хөл хорио тогтоож магадгүй байна. Хатуу хөл хорио тогтоовол компаниуд бүр сүйрнэ. Ийм нөхцөлд вакцинаа хурдан татаж авах хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нь эргээд улс төрийг хямраана. Улс орон хүнд нөхцөл байдал руу орох гээд байна. Тиймээс санаачлагатай байгаад вакцинаа хурдан худалдаж ав л даа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
–Сангийн яам санхүү, хөрөнгийг шийдэж өгч байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд Хятадаас авах 300 мянган тун вакцины мөнгө шийдэгдсэн. Нэг сарын хугацаанд Хятадаас 900 мянган тун вакцины мөнгийг шийдсэн. Оросоос авах вакцины мөнгийг ч гэсэн шийдсэн. Вакцины тасалдал бол үүсэхгүй. Тодорхой хэмжээний нөөцтэй байгаа. Төлөвлөсөн хугацаагаар бол тусламжийн шугамаар ирэх вакцинууд бүгд хугацаандаа ирэхээр байна. Нэмэлт эх үүсвэрүүдийг цаг үеийн байдалтай холбоотойгоор эрчимжүүлэх тал дээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Уг нь энэ асуулгыг гадаадад байгаа 200 мянган иргэнд тулгамдаж байгаа асуудлаар ярилцах хүлээлттэй байлаа. Харамсалтай нь, өөр болчихлоо. Ер нь цаашдаа бид сэдвийнхээ хүрээнээс гажмааргүй байна. Мэдээж яаралтай асуудал бол ярьж бололгүй л яах вэ. Сүүлийн үед УИХ, Засгийн газрын зүгээс хүний эрхийн асуудлаар идэвхтэй ярьж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийг хэрхэн сахин биелүүлэхээс хүний эрхийн асуудал эхэлнэ. Үндсэн хуулийн 19.2 хэсэгт зааснаар “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль бусад хуульд заасан хүний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал гэдэг бол онц болон дайны байдал биш. Тэгэхээр зэрэг Засгийн газар эх орондоо эргэж ирэх иргэдийн эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй. Тиймээс иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Б.Батцэцэг сайдаа 224 сая төгрөг маш бага байна. Эх үүсвэрээ төсвийн тодотголдоо тусгах аль эсхүл 10 их наядын хөтөлбөрт тусгах байдлаар хандах нь зөв. 2020 оны хүн амын тооллогоор манай улсын 122.301 иргэн гадаадад байна. Тэдний 72.3 хувь нь 15-44 насны хөдөлмөрийн идэвхтэй насны иргэд байгаа. Тухайн иргэдийн 46.7 хувь нь суралцахаар, 29.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 11.9 хувь нь гэр бүлийн шалтгаанаар гадаадад амьдарч байна. Эдгээр хүмүүсийн оролцоог хангах асуудлыг анхаарах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн хүмүүст цахимаар санал өгөх боломж олгоно гэдгээ Засгийн газар зарласан. Тиймээс энэ хүмүүсийн эрхийг нь хангаж өгөөрэй.
Ийнхүү УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Т.Доржхандын "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонсож дууслаа. Өнөөдөр дотоодын халдварын тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдсээр байна. Тийм учраас гадаад байгаа иргэдийн эрхийг хангахын зэрэгцээ дотоодын эмнэлгийн хүчин чадал нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөг сайн гаргах хэрэгтэй байна. Хятад улсын жишээг харах хэрэгтэй. Тэд эдийн засгаа ч өсгөөд, Covid-19 халдвараа ч хяналтдаа оруулсан байна. Ер нь дэлхий улс орнууд энэ хүнд цаг үед төлөвлөгөө, тооцооллыг маш нарийвчлан гаргаж ажиллаж байна.
Монгол Улсын хувьд төлөвлөгөөг маш нарийн гаргаж ажиллахгүй бол халдвар тархаагүй хэдхэн аймгууддаа халдвар тархаах эрсдэл өндөр байна. Гадаад харилцааны яам, Засгийн газар Монгол Улсад шаардлагатай вакциныг богино хугацаанд олж, авчирч тавдугаар сард багтаан иргэдээ вакцинжуулж дуусгахын тулд хүчин чармайлт гаргаж байна. Ийм нөхцөл байдалд гишүүд вакцины талаарх буруу мэдээлэл түгээх, вакцинаас татгалзах нь өөрсдийгөө төдийгүй улсдаа эрсдэл учруулж байгаа хэрэг болж байна. Өдөрт 400 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа нь нэг халдвартай иргэний цаана 4-5 хүн халдвар авах эрсдэлтэй байх тооцоолол гарч байна. Иймд вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхээс өөр сонголтгүй.
Үүний зэрэгцээ хамгийн чухал зүйл бол хувь хүн бүр дор бүрнээ сахилга хариуцлагыг маш өндөр байлгаж байж энэ нөхцөл байдлаас гарна. Халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, маскаа тогтмол зүүх, олон хүнтэй газраар явахгүй зэрэг эцсийн эцэст энэ бүхэн 100 хувь хүнээс хамаарч байгаа. Нөгөө талаас төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэж буцалтгүй, тууштай нэг мөр хэрэгждэг, тодорхой үр дүнд хүрдэг байх хэрэгтэй. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээс авахуулаад яагаад халдвар бүртгэгдээгүй байсан аймгуудад халдвар алдагдаад эхэллээ. Иймээс дээр, дооргүй бүх албан тушаалтан сахилга хариуцлагатай байж богино хугацаанд цар тахлын халдварыг тогтоож, давж гарч чадна. Бидэнд өнгөрсөн 12 сарын сайн туршлага байгаа. Иргэдийн сонор сэрэмж буураад назгайрч байна. Дахин хэлье шинэ эрэн үед орж байгаа учраас сонор сэрэмжээ алдалгүй анхааралтай байх шаардлагатай. Хамгийн амаргүй, бэрхшээлтэй, анхаарал болгоомж нэн шаардсан онцгой цаг үе болж байна” гэдгийг онцоллоо.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилов
АН-ын бүлгийн завсарлага дуусч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Завсарлага авсан хугацаанд зохих хэмжээний тодруулга, мэдээллийг авлаа. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилогдож байгаатай холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт дээр мэдэгдэл гарсныг та бүхэн харсан байх. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын нас төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн. Мөн Н.Чинбат гишүүн өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон. Тиймээс Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж, орных нь хүнээ томилохоо тодорхой болгох нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг ч орж ирж магадгүй юм байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
УИХ хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл хийсээр байгаагийн илрэл нь өнөөдөр үргэлжилж байгаа Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудал. Энэ нь илт хууль бус үйлдэл юм. МАН хоёр УИХ-ын сонгуульд дараалан үнэмлэхүй суудал авсан гэдэгтээ эрдэж хуулийг уландаа гишгэж байна. Хууль шүүхэд нөлөөлөх, хараат бус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож асуудлыг улстөржүүлж шийдвэрлэхээр улайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Хуулийн хугацаа дууссан Д.Солонго, 67 настай Н.Чинбат гишүүн нарыг нэг мөр оруулж ирж шийдвэрлүүлэхийг шаардаж байна гэв.
Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаа Ж.Эрдэнэбулганд хандан “Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бус байж, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ шударгаар биелүүлэх ёстой шүү” гэж захилаа.
Ж.Эрдэнбулганы товч танилцуулга:
Жуужаа овогтой Эрдэнэбулган нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал.
Эрдмийн зэрэг, цол:
Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор
Мэргэжил:
Эрх зүйч, Хуульч
Мэргэшсэн чиглэл:
Эрүүгийн эрх зүй
Ажлын туршлага:
- 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, архивч,
- 1995 оноос МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
- 2004 -2006 он МУИС-ийн Сургалтын албаны эрхлэгч,
- 2006-2015 он МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дэд профессор,
- 2015 оноос МУИС-ХЗС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга
Мэргэжлийн үйл ажиллагаа:
- 1996 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
- 2013 оноос Монголын Хуульчдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
- 2013-2015 он Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хорооны дарга, гишүүн,
- 2013-2014 он МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
- 2015-2018 он Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүн.
- 2017 оноос Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн,
- 2017 оноос Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
Гадаад хэл:
- Орос, Англи хэлний зохих мэдлэгтэй
Ийнхүү УИХ-аас Ж. Эрдэнэбулганыг томилсны дараа Дэлхийн шуудан холбооны дүрмийн аравдугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, эцэслэн баталлаа. Хуралдаанд нийт 65 гишүүн оролцсоноос 45 нь дэмжлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Covid-19 цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Түр хорооны гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэмлээ
УИХ-ын чуулганы хуралдаан
Posted by News.mn on Thursday, March 25, 2021
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэмэхээр шийдвэрлэжээ. Дээрх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул Түр хороо ийнхүү 25 гишүүнтэй болж байна.
Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 49 нь Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр 75.4 хувиар тогтоолын санал батлагдлаа.
Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, шаардлагатай бол санал боловсруулж дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Түр хорооны дарга нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бол гишүүд нь Б.Адьшаа,Н.Алтанхуяг, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Х.Энхбаяр нар байна.
Дэд, түр хорооны гишүүдийг томилж, чуулганы хуралдаан түр завсарлав
УИХ-ын чуулганы хуралдаан
Posted by News.mn on Thursday, March 25, 2021
Дараагийн хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Тэрбээр “ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгогчдын нэрийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг гуравдугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Сонгогчдын нэрийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн С.Амарсайханыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Ганболдыг тус хорооны гишүүнээр батлахаар тогтсон” гэв.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх УИХ-ын гишүүн байсангүй. Улмаар Сонгогчдын нэрийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 45 нь дэмжиж тогтоолын төсөл батлагдлаа.
Чуулганы хуралдаан Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр үргэлжиллээ.
УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Түр хороо байгуулахаар болсон юм.
Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийх шатанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар бүрэлдэхүүнд нь орж ажиллах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан байсныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Түр хороонд орж ажиллах саналтай байгаагаа хэлсэн. Саналыг хүлээн авах боломжтойг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдэж байлаа.
УИХ-аар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, 12:00 цагаас үргэлжлүүлэхээр болов. Энэ цагт АН-ын бүлгийн завсарлага дуусах тул Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхлэх юм.
Ж.Эрдэнэбат Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн болов
УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.03.25/ нэгдсэн хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэж байсан ч УИХ дахь Ардчилсан намын /АН/ бүлэг завсарлага хүссэнийг УИХ-ын дарга хүлээн авч, ёсоор болгосон.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан” гэв. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН ажлын хэсэг байгуулаад ажилласан. Гэвч бидэнд өгсөн цаг богино байна. Бүлэгт үргэлжлүүлээд гурав хоногийн завсарлага авах хуулийн хугацаа байгаа учраас завсарлагыг сунгах санал тавьж байна гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-ын бүлэгт өнөөдөр 12:00 цаг хүртэл завсарлага өгсөн. Мөн Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг өнөөдөртөө багтааж шийдвэрлэнэ" гэдгийг онцоллоо. Ийнхүү АН-ын бүлгийн завсарлагыг хоёр цагаар сунгаснаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр баталлаа УИХ-ын гишүүн бүр мэргэшлийнхээ дагуу 1-2 байнгын хороонд харьяалагддаг. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ж.Эрдэнэбатыг тус байнгын хорооны гишүүнээр баталсан юм.
"Л.Оюун-Эрдэнийг 2.7 их наядыг тайлагнахыг шаардах болно"
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ.
Тэрбээр “Цар тахлын эсрэг өнгөрсөн жил 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр гурван үүрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалах үүрэг нь биелсэнгүй. Эдийн засгаа хамгаалах хөтөлбөр нь мөн биелсэнгүй. 1992 оноос хойш анх удаа эдийн засаг 5.3 хувиар уналаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөр зарласан. Харамсалтай нь, 400 мянган хүн цалингаа авч чадахгүй байна. ЖДҮ-ийн 75 хувь нь сул зогсож байна гэсэн мэдээлэл байна. Энэ үндсэн үүргээ биелүүлээгүй учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан. Асуулгын хариу ирсэн. 5.1 их наяд төгрөгөөс 2.4 их наядыг тайлагнаад 2.7 их наядыг тайлагнаагүй. Үлдсэн 2.7 их наядыг тайлагна гэдэг шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан. Хариу ирээгүй байна. Энэ хооронд 2.7 их наяд хаачсан бэ гэдгийг судалж үзлээ. Монголбанкны мэдээллийн дагуу бол 2019 онд 2.2 хувиар компани, аж ахуйн нэгжийн харилцах нэмэгдсэн. Гэтэл 2020 онд 4.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засаг агшсан, 5.3 хувиар эдийн засаг унасны нөлөө гарч байна. Ямар ч хадгаламж хийх боломжгүй харагдаж байгаа юм. Гэтэл эдийн засаг өсөлттэй байх үед 1.2 их наядаар хадгаламж өсч байхад 2020 онд эдийн засаг унасан байхад 3.9 хувиар өссөн. Энэ бол албан тушаалтнууд тайлагнаагүй 2.7 их наядаас хумсалж, хадгаламжийг өсгөсөн гэсэн үг. Тиймээс би Л.Оюун-Эрдэнийг 2.7 их наядыг тайлагнахыг шаардах болно. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд энэ мөнгөний мөрөөр ажиллах болно. Үүний ард гарна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Засгийн газар дахин 10 их наядын хөтөлбөр зарлаж байгаа. Үүнд төсвийн шинжтэй хэд хэдэн хөрөнгө оруулалт бий. Компаниудад өгч байгаа зээлийн зөрүүг төсвөөс гаргаж байгаа. Тиймээс энэ хөтөлбөрийг УИХ-д яаралтай тайлагнах хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Covid-19 цар тахлын эрсдэлээс эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК олон чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлж байна. Энэ шийдвэрүүдийг эргэлт буцалтгүй, тууштай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрдэг байх шаардлагатай. Монгол Улс цар тахалтай учраад жил болж байна. Вакцинжуулалт эхлээд сарын хугацаанд 240 гаруй мянган хүнийг вакцинжуулаад байна. Гэтэл халдварын тохиолдол 300 дөхөж байна. Улаанбаатар төдийгүй хэд хэдэн аймагт бүртгэгдлээ. Хамгийн амаргүй, бэрхшээлтэй онцгой цаг үед тулаад байна. Тиймээс нийт иргэддээ УОК, Засгийн газарт халдвар хамгааллын дэглэм, хариуцлага сахилгыг онцгойлон баримтлахыг анхааруулж байна. Бүх шатанд байгаа сахилга хариуцлагаас халдвар хамгааллын дэгдэлт шууд хамаарч байна.
УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын өнөөдрийн /2021.03.26/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,
Дэлхийн шуудан холбооны дүрмийн аравдугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Бусад,
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ