АН-ын даргад нэр дэвшигч, хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-С.Эрдэнэ, Ц.Тувааны гэсэн тодотголтойгоор АН дотроо хоёр хуваагдаж, намын даргын сунгаагаа тус бүртээ зарласан. Таны хувьд С.Эрдэнийн талаас АН-ын даргад нэр дэвшиж байгаа. Ер нь яагаад намын даргад өрсөлдөхөөр шийдэв?
-Хүмүүсийн хэлээд байгаа шиг С.Эрдэнийн нам, Ц.Тувааны нам гэсэн хуваагдал миний хувьд байхгүй. Үүнийг зориуд дэвэргэх гэсэн зорилго зарим нэг хүнд байхыг үгүйсгэхгүй. Манай намд үл ойлголцол байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр өнөөдөр нэг намд төрийн эрх мэдэл дангаараа шилжчихлээ. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг тэнцвэртэй байлгаж хүний эрхийг хамгаалагдана гэсэн заалт бий. Гэтэл энэ заалт Үндсэн хуульд бичигдсэнээрээ хэрэгжээд гоё сайхан болчихгүй.
Парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн тэнцвэрээс л хамаардаг. Өнөөдөр АН УИХ-д бүлэгтэй боловч хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хүчтэй сөрөг хүчин болохын тулд манай нам дотроо хариуцлагатай байх ёстой.
Манай намд дүрэм нь, үзэл баримтлал нь, гишүүд дэмжигчид нь байна. УИХ-д мөн бүлэг нь ч байна. Харин бидэнд байхгүй зүйл нь хариуцлага алга. Хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой гэж үздэг. Намынхаа бүх түвшиндээ бид хариуцлагатай байж хүчтэй сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Эрх баригч МАН-ын болж, бүтэхгүй байгааг хэлж сануулж, бат зогсож чадаж байж бид сонгогчдынхоо итгэлийг олж авч чадна. Ингэж байж хариуцлагатай улс төрийн хүчин болж 2024 оны сонгуулийн ялалтад ойртоно. Түүнээс биш 2024 онд АН-ыг олонх болгоно гэсэн мөрөөдөл төдий хэлээд болчихдог юм биш. Энэ утгаараа би АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна. Хоёрдугаарт, “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг удаа ч гэсэн лаа асаа” гэж үг бий. Гаднаас нь намаа шүүмжилж болж, бүтэхгүй байна гээд зүгээр хараад суухын оронд дотор нь оролцоод явъя гэж зорьсон.
-УИХ-ын 2020 оны сонгуулийн дараахан АН ялагдлынхаа учир шалтгааныг нэг талдаа гаргаж, цул болох байх гэсэн хүлээлт гишүүдийнх нь дунд байсан. Гэвч нам доторх асуудал нь улам хүндэрч Ерөнхийлөгчийн сонгуультай тулж ирээд байна. Ер нь танай намын үл ойлголцол яг юунд байна вэ. Эрх ашгийн том зөрчил байна уу?
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн асуудлаас үүдэлтэй гэж би хувьдаа харж байгаа. Түүнээс биш манай намын жирийн гишүүд, дэмжигчид нь тарж, бутарч хуваагдсан зүйл алга. Гэхдээ удахгүй энэ бүхэн цэгцэрнэ. Монголын зовлон тэр дундаа ардчиллын зовлон хүссэн хүсээгүй биднийг нэгтгэнэ. Өнөөдөр бид Ерөнхийлөгчийн институтийг МАН-д алдаж болохгүй. Эрх баригч нам 100 жилийн ойгоороо УИХ-д олонх, Ерөнхий сайдтай дээр нь нэмээд Ерөнхийлөгчтэй байхыг хүсч байгаа нь тодорхой. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангасан, нэг нам дур зоргоороо авирладаггүй байх тэр тогтолцоо л өнөөдөр хамгийн их чухал байна. Ингэж байж ардчиллын жинхэнэ дүр төрх бий болно. Энэ утгаараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль АН-ын хувьд маш чухал цаг үе. Энэ сонголт руу бид нэгдэж цул болж орох ёстой.
Нэг зүг рүү бүгд харж чадаж үр дүнд хүрнэ. Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл бидэнд эвлэрэх орон зай болон цаг хугацаа нь байна.
-АН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн хувьд нам нь хоёр тусдаа дарга тодруулах гэж байгаа нь тун ойлгомжгүй байгаа байх. Үндсэндээ хоёр удаа сонгуулиа өгнө гэсэн үг. Хоёр талаас гарч ирсэн нэр дэвшигчийн хэн нь АН-ын албан ёсны дарга болох вэ гэдэгт та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуултад би биш сонгуулийг зохион байгуулж буй дотоод сонгуулийн хоёр хариулах нь зохистой болов уу. Хоёр талын нэр дэвшигчдэд ямар ч буруу байхгүй. Уг нь ардчиллын үндсэн зарчим нь “Нэг сонгогч, нэг санал” гэсэн зарчим. Энэ зарчмаа бид хадгалах хэрэгтэй. Харамсалтай нь намын гишүүд маань хоёр санал өгөхөөр болж байна. Сонгуулийн санал хураалтыг нэг болгож, хамтад нь зохион байгуулаасай л гэсэн туйлын хүсэл байна. Ардчилал гэдэг нь харилцан буулт хийх зарчим. Энэ зарчмаа хадгалахын тулд бид хаана хаанаа хичээх ёстой байх. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед биднийг цаг хугацаа, хариуцлага хүссэн, хүсээгүй шахна. АН одоогийнхоос илүү хүнд цаг үе, бэрхшээлийг даваад л гарч байсан. Таван өөр үзэл баримтлалтай намууд нэгдэж байснаас эхлээд бэрхшээл, үл ойлголцлын ард нь гарч байсныг түүх гэрчилнэ. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлаас гарч чадна гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Аль аль талаасаа үйлдэл хэрэгтэй.
"МАНАЙ НАМ ГАЛ ТОГООНЫ ХЭРҮҮЛЭЭ Л ХИЙГЭЭД БАЙВАЛ СӨРӨГ ХҮЧНИЙХЭЭ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ"
-АН-ын даргыг тодруулах санал хураалт энэ Ням гаригт /2021.03.28/ болно. Тэр хүртэл хоёр тал ойлголцолд хүрэхгүй санал хураалтыг тус тусдаа явуулбал дараа нь гарах хууль зүйн үр дагаврууд нь юу вэ?
-Дээд шүүх алийг нь намын даргаар бүртгэх үү гэдэг ойлгомжгүй байдал гарна. Уг нь асуудлыг олон талаас нь хараад шийдвэрт хүрэхэд одоо ч оройтоогүй байна. Ардчилсан зарчмын нэг гоё нь сөргөлдөгч эсвэл үл ойлголцсон талуудыг зөвшилцөлд хүргэх янз бүрийн хэлбэр байдаг. Яриа хэлэлцээ байж болно. Эсвэл зовлон нь нэгтэй байх, хуулиндаа мөн цаг хугацаанд шахагдаад нэг тал болох зэрэг ойлголцлын олон хэлбэр байгаа. Гал тогооны хэрүүлээ л хийгээд байвал сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй.
-Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ шилээ харуулсан АН-ын талаар лидерүүд гэгдэх хүмүүс таг чимээгүй байгаа нь сонин байна л даа?
-Би бусдын бодлыг мэдэхгүй. Энэ намыг тодорхой хугацаанд манлайлж явсан, энэ намын гишүүд, дэмжигчдийн итгэлээр Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар, УИХ-ын гишүүнээр, сайдаар сонгогдон ажиллаж байсан хүмүүс зүрх сэтгэлдээ нэгийг бодож сэтгэл зовниж л суугаа байх. Нийлж нэгдээд учраа олоосой гэж тэд хүсч л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-Улс төрийн намын эцсийн зорилго бол засгийн эрхийг л авах явдал. Харин засгийн эрхийг авахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь тухайн намын асуудал. Та намын дарга болвол бодлого, шинэчлэлтийг яг хаанаас эхлүүлэх вэ?
-Өөрөөс л эхлүүлж, үлгэрлэнэ. АН-ын үнэт зүйл, үзэл санаа огтхон ч муу биш. Бид үзэл баримтлалаа хэдийнээ тодорхойлчихсон. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, хараат бус шүүхийг бэхжүүлэх, даргад бус хуулийн засаглалд захирагдана. Энэхүү үзэл баримтлалдаа үнэнч, тууштай байж хэрэгжүүлэх нь миний зорилго. Бүх гишүүдийг намынхаа үзэл баримтлалдаа үнэнч байна гэж тангараг өргөдөг болгоно. Энэхүү тангаргаасаа няцвал намын Үндсэн дүрмийн хороо хэнийг нь ч ялгаварлахгүй хариуцлага тооцдог байх механизмыг бий болгосноор сонгогчид манай намд итгэж эхэлнэ.
Манай нам МАН-аас ялгаатай нь бид хэн нэгнийг бурхан мэт шүтдэггүй. МАН нэг хиймэл дүрийг шүтэж түүнийгээ хэдэн талаас нь магтан дуулдаг. Бараг л бурхан мэт шүтдэг. Ингэж шүтэж эрх мэдэлд очсоныхоо дараа нүүр буруулцгаадаг. Харин манай намын хувьд нэг хүнийг лидер болгож тахин шүтдэг үзэл баримтлалтай нам биш. Багаараа, хамтаараа асуудлыг шийддэг энэ зарчмаа хадгалаад явах ёстой.
"МАНЛАЙЛАЛ ГЭДЭГ НЭГ ХҮНИЙ НОЁРХОЛ БИШ"
-Гэхдээ АН лидерээ хайж, дотоод сонгуулиа хийж байгаа шүү дээ?
-Миний ойлголтоор лидер гэдэг нэг хүн биш. Эрүүл саруул бодлого дэвшүүлдэг, бусдадаа боломж олгодог, ажлаа хийж чадахгүй хэнийг ч өршөөлгүйгээр хариуцлага тооцож чаддаг тийм л хүнийг би лидер гэж хардаг. Манлайлал гэдэг нэг хүний ноёрхол биш. Монголын улс төрийн намын түүхэнд АН хоёр дахь удаа даргаа нийт гишүүдээсээ сонгох гэж байна.
-АН-ын даргад таныг дэмжих шалтгаан юу вэ?
-Манай нам бие биеэ дотроо дарахын тулд аль муухайгаар харлуулж, шүүмжилдэг. Ингэж дотроо толхилцдог шигээ гаднаа эрх мэдэлтэй нэгэнтэй үзэж чаддаггүй нь харамсалтай. Харин миний хувьд ялгаатай нь дарга, цэрэг байхаас үл хамаарч шүүмжилж чаддаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН-ын олонх батлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарыг шүүмжилж, давхар дээлийг цөөрүүлэх асуудлыг би л тухайн үед нам дотроо хөндөж байсан. У.Хүрэлсүхийг хууль дээдлэх ёсыг өөрөөсөө эхлүүлэхийг шаардаж мөн л шүүмжилж байсан. Гэтэл манайхнаас өөр хэн дуугарч байв. Дотроо бие биеэ хэмлэдэг шигээ гадагшаа эрх баригч нартай үзэх гэхээрээ айчихдаг хүмүүс шүү дээ. Бодит үнэн нь энэ. Худлаа попрохоос илүүтэй үйлдэл гаргах нь миний зарчим. Улс төрд зарим үед гал руу үсэрч орох, сэлэмний ир дээгүүр гүйх шаардлага ч гардаг. Ингэж байж дарангуйлал эсрэг зогсож, шударга бусын хана хэрмийг нурааж чадна. Надад айж, ичээд байх зүйл алга. Өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил надад бий. 1992 оны ардчилсан Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь. Ардчилсан Үндсэн хуулийн дээгүүр алхсан ямар ч албан тушаалтантай би санал нийлэхгүй. Хууль цаасан дээр үлдэх бус амьдрал дээр хэрэгждэг байх ёстой.
"ЦАХИМ БАНКАНД ЭРГЭЛЗЭХГҮЙГЭЭР ИТГЭДЭГ АТАЛ ЦАХИМ САНАЛ ХУРААЛТАД ЭРГЭЛЗЭХ НЬ СОНИН БИШ ГЭЖ ҮҮ"
-АН-ын дотоод сонгуулийг цахимаар явуулах асуудал маргаан дагуулж байгаа?
-Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд эргэлзээ төрүүлдэг л дээ. Цахим сонгуулийг анх удаа манай нам зохион байгуулж байна. АН үргэлж шинийг эрэлхийлж нэвтрүүлж байдаг, үүгээрээ ч гишүүд нь бахархдаг. Энэ дагуу л бид цахим санал хураалтыг нэвтрүүлж байна. Эргэлзээг тайлахын тулд сонгуулийг зохион байгуулагчид хяналтыг бүгдэд нээлттэй өгөх хэрэгтэй. Зөвхөн нэр дэвшигчид болон тэдний төлөөлөлд бус бүгдэд хяналтыг өгөх. Өнөөдөр гар утсаараа бид банкны бүх төрлийн үйлчилгээг авч, өндөр мөнгөн дүнтэй гүйлгээнүүдийг гар утсаараа хийдэг. Гэтэл цахим банканд эргэлзэхгүйгээр итгэдэг атал цахим санал хураалтад эргэлзэх нь сонин биш гэж үү. Иргэдийн саналыг авах гэж зөөдөг, мөнгө өгдөг, саналыг нь худалдаж авдаг уламжлалт бохир байдлаасаа салах цаг нь болсон. Үүнийг МАН хийж чадахгүй учраас АН л хийж том алхам болно гэж харж байгаа.
–Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Шилэн дансны хууль, Нийтийн сонсголын тухай хуулийг батлуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх шүү?
-Олон нийтэд ил тод байх чухал хуулиудын хэрэгжилтийг нь харах мэдээж таатай. Шилэн дансны тухай хуулийг одоо МАН-ын олонх алга болгож чадахгүй. Яагаад гэвэл олон нийтэд хуулийн ач холбогдол нь хэдийнээ хүрчихсэн. Анх Нийтийн сонсголын тухай хуулийг гаргахад МАН-ынхан над руу дайрч байлаа. Одоо гэтэл энэ хуулийн ачаар УИХ-аас томилдог бүх томилгоонд сонсгол явуулж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд Төрийн ордонд хуулийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийцгээж байна. Цагдаагийн байгууллагын өмнөөс гэмт хэргийн талаар ярьдаг болсон. Уг нь УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хууль санаачлах. Шилэн дансны хуулийг яаж улам сайжруулах вэ гэж ярих ёстой болохоос биш гэмт хэрэг ярих нь тэдний хийх ажил биш.
Гадаад харилцааны яам нь өнөөдөр “үхмэл” яам болчихсон. Даргыг гадаадад айлчлуулдаг яам биш шүү дээ. Монгол Улсын гадаад бодлогыг дэлхийд сурталчлах үндсэн ажлаа хийхээ больсон. Мөн Хууль зүйн, дотоод хэргийн яам гэмт хэрэгтэй тэмцдэг яам биш. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд гээд л Л.Оюун-Эрдэнэ гэмт хэрэг яриад зогсдог боллоо. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын хийх ёстой ажил нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого ярих ёстой болохоос биш тэд өөрсдөө гэмт хэрэг ярьдаг хүмүүс биш. Хуулийн байгууллагуудын ажлыг өөрсдөө ярьж байгаа нь буруу тал руугаа л явж байгаагийн тод жишээ.
АН-ын даргад нэр дэвшигч Ч.Өнөрбаяр: Популист бодлого манай намын үзэл баримтлал, үндсэн зарчмын эсрэг зүйлhttps://news.mn/r/2415238/
Posted by News.mn on Thursday, March 25, 2021
Холбоотой мэдээ