Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрөөс ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Энэ үеэр салхины хурд 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг цаг уурчид хэлж байна. Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодрууллаа.
–Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурах сэрэмжлүүлэг мэдээг гаргажээ. Гуравдугаар сарын 14-нд ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга болж, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Иргэдийн хувьд энэ үзэгдэл дахин давтагдах вий гэх болгоомжлол байна?
-Манай байгууллагаас цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ гаргасан. Өнөөдрөөс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна. Говийн нутгуудаар харьцангуй дулаан байгаа учраас бороо, нойтон цас орох төлөвтэй байгаа. Энэ сарын 27-нд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн бүс нутгаар хүчтэй салхи шороон шуурганы үзэгдэл ажиглагдана.
Мөн Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар үргэлжилнэ. Зарим нутгаар нойтон цас орж, шуурах учраас орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсч магадгүй. Тиймээс орон нутгийн замаар зорчих жолооч, иргэд анхаарч, болгоомжтой явахыг зөвлөе.
-Цаг агаарын аюултай үзэгдэл гэхээр өмнөх шиг байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй гэсэн үг үү?
-Цаг агаарын аюултай үзэгдэл гэдэг нь байгалийн гамшигт үзэгдлээс нэг зэрэглэл доогуур гэсэн үг. Гамшигт үзэгдэл гэхээр салхины хурд 28 м/секундээс дээш хэд ч хүрч болно гэсэн үг юм. Харин цаг агаарын аюултай үзэгдлийн хувьд салхины дундаж хурд 18 м/ секундээс дээш 27 м/секунд хүртэл байдаг.
Хүчтэй салхины агшин зуурын хурд нь 24 м/секундээс дээш хэд ч хүрч болзошгүй. Энэ үед өмнө нь ажиглагдсан байгалийн гамшигт үзэгдэл шиг шороо тоос агаарт гарах боломжтой. Гэхдээ хүчтэй салхины хурд харьцангуй бага байна. Энэ үзэгдэл энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгаар үргэлжилнэ.
-Гуравдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар салхи шуургатай байх нь. Энэ үзэгдэл хэдний өдрийг хүртэл үргэлжлэх бол?
-Маргааш буюу энэ сарын 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Энэ сарын 27, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй зөвлөмжийг хүргэе. Цаг агаарын аюултай үзэгдлийн үед иргэд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг
А.СҮРЭН