Жолооч нарын харааг шалгуулъя!

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Жолооч нарын харааг шалгуулъя!

Жолооч нарын харааг шалгуулъя!

Өглөө ажилдаа яарсан, орой тараад гэр рүүгээ яарсан хүмүүс зам дээр хамаг уураа барж, замын цагдааг харааж зүхэх нь энүүхэнд. Нийслэлийнхэн өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг. Энэ хугацаа жилээс жилд нэмэгдэж өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаас чимээгүй хороосоор.

Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр нийслэлийнхэн зам дээр багталцахгүйд хүрсэн нь үнэн. Гэхдээ түгжрэлийг  “түгжигч” нь жолооч нар өөрсдөө гэдгийг ухаардаггүй. Нэгийгээ хүндлэх нь бүү хэл түгжрэлд нэгээсээ өрсөх гэж урдуур нь дайрч орох, хажуунаас нь шахах зэргээр зохиомол түгжрэлийг өөрсдөө үүсгэдэг. Зарим нь ийм тэнэглэлээс болж зам дээр мөргөлдөж осол гаргаж  зам “хаах” нь нийтлэг үзэгдэл.

Товчхондоо дүрмээ мэддэггүй жолооч нар түгжрэлийг зохиомлоор үүсгэж, ослын шалтгаан нь ч болж байна. Нөгөө талаас жолооч нар гэрлэн дохио зөрчиж ногоон гэрлээр дайрч орох, урсгал сөрөх, орох боломжгүй байхад тулж ороод уулзвар чагтлах зэргээр түгжрэл үүсгэдэг нь дүрмээ мөрддөггүй гэхээс илүү  “хараа муутай” ч юм шиг.  Жолооч нарын ийм хайнга үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Зөвхөн өнгөрсөн жил гэхэд, зам тээврийн ослоор улсын хэмжээнд 430 хүн амиа алджээ. Тэдний 32 хувь нь явган зорчигч, 32 хувь нь жолооч, үлдсэн хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд байж.

Үүнээс нийслэлд 111 хүн зуурдаар хорвоог орхисны 79 хувь нь явган зорчигч. Тэгвэл  он гарсаар ердөө хоёр сарын хугацаанд зам тээврийн ослоос болж улсын хэмжээнд 37 хүн амиа алдаж, 226 хүн хүнд болон хөнгөн гэмтжээ.

Осол, гэмтэл, түгжрэлийн шалтгааны дийлэнх нь жолооч нарын хараазүйтэй холбоотой гэдгийг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байв. Албаны эх сурвалжийн мэдээлснээр нарийн судалгаа байхгүй ч жолооч нарын харааг жил бүр шалгадаггүй, шинэ жолооч нар ч бас эрүүл мэндийн хуудас “бөглөсөн” болж байгаа нь өөрөө осол гаргах маш том шалтгаан бас сул тал нь болжээ.

Зам дээр түгжрэл үүсгэсэн, осол гаргасан жолооч нарын хувьд ихэнх нь гэрлэн дохиогоо хардаггүй, өнгө ялгадаггүй зэргээс болж хүн мөргөж гэмтээх, амь насыг нь хохироосон байдаг аж. Гэхдээ үүнийг эрүүл мэндийн шалтгаантай осол гэж үздэггүй тул нарийвчилсан тоон баримт, судалгаа байдаггүй гэх.

Уг нь жолооны курсууд шинэ жолооч нарт үнэмлэх олгохоос өмнө  эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг. Үүний хамгийн том шалгуур нь хараа, өнгө мэдрэх. Хэрэв энэ шалгуурт тэнцэхгүй бол жолооч болох эрхгүй. Гэсэн ч дээрх шалгуурт тэнцээгүй байлаа гэхэд жолооч болсон нь ч цөөнгүй гэдгийг зарим авто сургуулийнхан үгүйсгээгүй.

ЭРЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ ӨНГӨ ЯЛГАДАГГҮЙ

Энэ талаар "Жонбээс" авто сургуулийн захирал  С.Нарантуяа  хэлэхдээ “Тухайн хүн дүрмээ мэдээд тэнцэж жолооч болсон. Гэхдээ жолоо барихаараа зам дээр догширч эхэлдэг. Үүнээс болж маш том алдаа, зам тээврийн осол гарч байна. Мөн жолооч болох хүнд эрүүл мэндийн шаардлага зайлшгүй байх хэрэгтэй.

Эрүүл мэндийн хуудаст жолоочид байх шаардлагатай хараа өнгө мэдрэх, сонсгол, сэтгэцийн эмгэг, гэмтэл согог, мэдрэл зэргийг нарийн мэргэжлийн эмчээр оношлуулсан гарын үсэг байх ёстой.

Жолооч болоход хамгийн том шалгуур, чухал үзүүлэлт бол хараа, өнгө ялгалт. Эрэгтэй хүмүүсийн дийлэнх нь өнгө ялгадаггүй. Жишээ нь, улаан, шар, ногоон гэрэл дарааллаар асдаг. Гэтэл улаан өнгийг ногоон гэж хардаг тохиолдол бий. Тиймээс нарийн мэргэжлийн эмч оношилж, ерөнхий эмч тэнцэх, тэнцэхгүйг шийддэг. Заримдаа хараа тэнцэхгүй байсан ч жолооч болсон тохиолдол бий” гэлээ.

          ЖОЛООЧ, ЭМЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ЖУРАМЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ҮҮСНЭ

Тухайн хүн хараа муутай байхад эмч нь эрүүл хэмээн оношилж, улмаар жолооч болж, осол гаргавал яах вэ. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Мэдээж оношийг үгүйсгэсэн эмчид хариуцлага тооцох, осол гаргасан жолоочийн автомашиныг журамлах, хатуу арга хэмжээ авах байдлаар хяналтаа чангаруулах учиртай. Энэ нь түгжрэлийг  бууруулах өөр нэг гарц байх боломжтой. Ийм зохицуулалтаар замын ачааллыг бууруулах боломжтой эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртаас тодруулахад хүний эрхтэй холбон тайлбар өгсөн юм.

Тэрбээр “Осол, зөрчил гаргасан жолоочийн автомашиныг журамлах, хариуцлагагүй эмч нарт арга хэмжээ авах зэрэг нь хүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдөнө” хэмээв. Түүний хэлснээр жолооч нарын осол аваарын шалтгаан нь тухайн хүний  хараазүйнээс илүү  техникийн бүрэн бус байдалтай холбоотой гэнэ. Тодруулбал, зам тээврийн осол гаргасан жолооч нарын дийлэнх нь хүйтний улиралд дугуй халтирсан, техникийн аюулгүй байдалд алдагдснаас болдог аж. Харин тухайн хүний  хараазүйн байдалтай огт хамааралгүй гэх байр суурийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр илэрхийлж байв.

Тэрбээр “ Жолооч нар дүрмээ баримталдаггүй, улаан гэрлээр зогсох ёстой атал хөдөлгөөнд оролцдог, хурд хэтрүүлдэг. Зарим тохиолдолд цаг уурын байдлаас үүдэн замын тэмдэг тэмдэглэгээг хараагүй гэх шалтгааныг жолооч нар хэлдэг. Тиймээс хүний хараазүйтэй хамааралгүй. Энэ талаарх судалгаа ч байхгүй” гэлээ.

Авто сургууль, бусад мэргэжлийн байгууллагууд жолооч нар бэлтгэхэд хараазүйд огт анхаардаггүй, бэлэгдлийн журмаар  эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг нь өнөөг хүртэл судалгаа байхгүй гэх тайлбараас харж болохоор.

Харин Өмнөд Солонгос, Япон зэрэг гадны улс орнуудад жил бүр жолооч нарын харааг нь шалгаж, эрүүл мэндэд нь анхаардаг байна. Харамсалтай нь Монголд  хүмүүс жолооч болохдоо, жолоо барих эрхээ хасуулсан үедээ л эрүүл мэндийн хуудас бөглөх шаардлага гарч байгаа юм.  Товчхондоо,  хараа муутай жолооч нар зам дээр зохиомол түгжрэл үүсгэж, осол гаргаж байгаад ямар ч хяналт алга!

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж