"Сайн бүтээл гаргахад чанартай бүтээгдэхүүн, чадвар хоёр чухал"

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

"Сайн бүтээл гаргахад чанартай бүтээгдэхүүн, чадвар хоёр чухал"

"Сайн бүтээл гаргахад чанартай бүтээгдэхүүн, чадвар хоёр чухал"

Шивээсчин Б.Отгонбаатартай ярилцлаа. Түүнийг шивээс сонирхогчид Dione Pogji нэрээр нь илүүтэй мэдэх юм. 


-Сүүлийн үеийн залуусын сонирхол чиг хандлага ямар байна. Ихэвчлэн ямар шивээс хийлгэж байна вэ?

-Хувь хүний сонирхол, хобби, урсгал, чиг хандлагаас хамаарч  түүндээ хөтлөгдөн шивээсээ сонгож, хаана хийлгэхээ шийддэг. Мэдээж, юуг  хаанаа яагаад шивүүлэх вэ гэдгээ надтай ярилцдаг. Ихэвчлэн дурсамжаа хадгалж үлдэх, хагалгааны сорвио дарах, өмнөх хуучин шивээсээ шинэчлэн сайжруулах зорилготой байдаг. Түүнчлэн өөрийн ажил мэргэжил, сонирхлоос хамааран бэлэг тэмдэг, утга агууламжтай шивүүлдэг. Хүмүүс үргэлж өөртөө урам өгдөг зүйлээ ойр байлгахыг хичээдэг болохоор шивээсээр дамжуулж тухайн зүйлээ бие дээрээ шивүүлдэг. Эрэгтэй хүн сүр хүчтэй, шүтэн биширдэг хүндээ, хайртай хүндээ зориулж хийлгэдэг. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байдлаа тодотгодог.

Аль хэсгийн сул талаа далдлах, аль хэсгээ  тодруулах вэ  гэдгээс шалтгаална. Сайн бүтээл гаргахын тулд чанартай бүтээгдэхүүн, чадвар хоёр  чухал.

Нөгөөтэйгүүр шивээс хийлгэх гэж байгаа хүмүүст сэтгэлзүйн бэлтгэл бас чухал байх л даа?

-Тийм ээ. Сэтгэлзүйн байдал хамгийн чухал. Найзуудтайгаа ярьж сууж байгаад шивээс хийлгэчихдэг хүмүүс байдаг. Европын орнуудад бол шивээс хийлгэхийн тулд заавал цаг авдаг. Тухайн цаг нь гурван сараас нэг жилийн хооронд байдаг. Жишээ нь, би өнөөдөр шивээс хийлгэмээр байна гэхэд таван сарын дараа хүрээд ир гэдэг.  Ийм тохиолдолд өнөөх хүн маань таван сарын турш боддог.  Магадгүй өөртөө эргэлзэх хүн байна. Гаргасан шийдвэртээ үнэнч хүн байдаг.  Тэгэхээр энэ удаан хугацаанд бодож тунгааж байгаад шивээс хийлгэж байгаа хүмүүс дараа нь хэзээ ч харамсдаггүй.  Тиймээс шивээс хийлгэхэд сэтгэлзүйн байдал маш чухал.

Хөл хорионы үед үйлчлүүлэгч хэр байна?

-Ер нь эрс багассан шүү. Гэхдээ огт хоосон бол биш. Хүмүүс илүүдэл хэрэглээнээс татгалзаж хэмнэлтийн горимд шилжих хандлагатай болсон.

-Ер нь шивээс хийдэг хүмүүсийн ихэнх нь зурах чадвар сайтай байдаг. Өөрөө бас сайн зурна биз?

-Би сургуульд орохоосоо өмнө зурж сурсан болохоор тэр үү зурах их сонирхолтой хүүхэд байсан. Томроод хөрөг зураг зурж сурсан. Тиймээс  суурь  сайтай гэж өөрийгөө боддог. 16 настайдаа шивээс хийж сурахаар шийдсэн дээ. Тухайн үед надад зааж, зөвлөөд явчих хүн байгаагүй учраас бие даан сурахын тулд дөрвөн жилийг зарцуулсан. Түүнээс хойш шивээс хийдэг гэж хэлэхэд нүүр бардам болсон.  2005 онд  ухаалаг утас байгаагүй болохоор шивээстэй холбогдолтой видео үзэхийн тулд заавал  интернет кафе орж үздэг байлаа. Шивээс хийж эхлээд 11 жил болж байна. Би хувьдаа хүн хийж байгаа ажилдаа хүсэл, тэмүүлэлтэй, чин сэтгэлээ зориулдаг л бол ажлынхаа 50 хувийг нугалчихлаа л гэж боддог.

НЭГЭН ҮЕ ХҮМҮҮС ЭРЭГТЭЙ АРТИСТУУДЫГ ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ЮМ ШИГ ХАРДАГ БАЙСАН

-Ингэхэд таны үндсэн мэргэжил make-up артист, стилист  гэж сонссон. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа юм уу, аль эсвэл хослуулаад явж байна уу?

-Би ихэвчлэн зураг авалтуудад  make-up artist хийдэг. Миний хувьд илүү арт тал руугаа буюу  бүтээлч байдлаар будалтуудаа хийдэг. Зөвхөн тухайн үйлчлүүлэгчид зориулан, тохируулан хийж байгаа будалт учраас дахин давтагдахгүй мөн чанарыг агуулж байдгаараа онцлог.  Хамгийн сүүлд  "Чоно" хамтлаг, реппер Wolfizm нарын хамтарсан "Хүн чоно" бүтээл дээр нүүр хувиргагчаар ажилласан. Шивээс хийхийн хажуугаар үнэ хөлсөө тохироод мэр, сэр зураг авалтад орж байна. Гэхдээ энэ жил  шивээс дээрээ илүүтэй анхаарч байгаа.  

Эрэгтэй хүн make-up артист мэргэжилтэй гэхээр уншигчдад их сонирхолтой санагдах байх. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Үнэнийг хэлэхэд гэрийнхнийхээ  шахалтаар хүсээгүй мэргэжлээрээ суралцаад их цаг алдсан. Сонирхдоггүй чиглэл байсан болохоор угаасаа  амжилт олоогүй. Үүний дараа л яг юунд сонирхолтой болох, юу хийвэл би жаргалтай байх вэ гэдгийг тодорхойлж чадсан. Тэр нь өөрийнхөө гарын бүтээлийг хараад авч байгаа сэтгэл ханамж байсан учраас энэ мэргэжлээр суралцаж 2018 онд төгссөн. Нүүр будалт,  хувиргал хийсэн бүтээлээ  рекламаар  харахаар бас давгүй шүү  л гэж бодогддог. Энэ чиглэлээр ажиллаад гурван жил болж байна. Нэгэн үе хүмүүс эрэгтэй артистуудыг эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг байсан. Харин одоо бол хүлээн зөвшөөрч эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ хүмүүс анх надаас “Ижил хүйстэн үү” гэж их асуудаг байсан.

-Сонгосон мэргэжлийг нь гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Багагүй зөрчил үүссэн. Манай ээж намайг  хувиараа юм хийхээс илүүтэй  тогтмол цалинтай ажилд оруулах сонирхолтой байсан. Гэхдээ би өөрийнхөө л сонирхлыг дагасан. Үүндээ ч харамсдаггүй. Одоо бол  ээж маань намайг бүрэн дэмждэг. Хэрэв би өөрийнхөө хүссэн сонирхлоор тууштай яваагүй байсан бол өдийд амьдралаас эрч хүч мэдрэхгүй нэгэн  байх байсан юм болов уу. Угаасаа дуртай зүйлдээ өөрийгөө бүрэн зориулна гэдэг хамгаас сайхан юм байна. Цаашдаа салоныхоо хажууд үсчингээ нээнэ. Мөн өөрийн нэрийн гоо сайханы бүтээгдэхүүн хийх талаар ч сонирхож байгаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж