Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтан танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан 10 хоногийн өмнө /2021.03.17/ Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай хуралдах үеэр “ХӨСҮТ-ийн ажилтан нь танил хүмүүсийнхээ шинжилгээний хариуг өөр хүний шинжилгээгээр солих, нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа PCR шинжилгээ өгсөн зэрэг тохиолдол гарлаа. Өнөөдөр нөхөр нь хөдөө явах болоход өмнөөс нь дахин шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гарсан байна.
Бид ойрын хавьтлыг хөөгөөд байгаа гэсэн боловч халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хариу нь сөрөг буюу халдваргүй гараад халдвартай хүний хариу нь халдваргүй гэж гарч байна. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдсэн юм.
“ХӨСҮТ-ИЙН УДИРДЛАГУУД ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛЫГ АТГ-Т ШИЛЖҮҮЛСЭН”
Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд Gerege.eruul.mn систeмд хариу шивэх эрхтэй П.Э Сорьц авагч Т.Э нар сүрьeэгийн тандалтын албаны дарга Э-ийн шууд зохион байгуулалт дор өгсөн иргэдийн нэр, регистрийн дугаар дээр сөрөг гэсэн хариуг гаргаж өгдөг гэх албан бус мэдээлэл ч цацагдах болсон. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "ХӨСҮТ-ийн сувилагч хамаарал бүхий хүндээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн ХӨСҮТ-ийн удирдлагууд цар тахлын үед тендэр, худалдан авалтыг хууль зөрчин зохион байгуулсан гэх асуудлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” гэв.
Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан хурандаа “Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэдэг хариултыг өгсөн юм.
“ЛАБОРАТОРИЙН АСУУДАЛ МИНИЙ ХЯНАЛТАД БАЙДАГГҮЙ”
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
ХӨСҮТ-д анх орон нутгаас 17 аймгийн 85 хүн ирж, ажиллах ёстой байсан. Одоогийн байдлаар аймгийн нэг аймагт халдвар гарсан учраас 16 аймгийн 80 хүнтэй баг ирсэн. ХӨСҮТ дээр одоо 17 багийн 54 эмч, сувилагч ажиллаж байсан. Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хоногтоо 200 гаруй тохиолдол бүртгэгдээд ирэхээр хүн хүчээ нэмээд ажиллуулж байна. Одоо нийт 30 гаруй баг тандалт үйл ажиллагаанд 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Эмчилгээ үйлчилгээний асуудал тусдаа гэсэн үг.
Нэг хэсэг ХӨСҮТ-ийн лабораторийн PCR шинжилгээний төхөөрөмж гэмтэж, шинжилгээний тоо огцом нэмэгдсэнээс шинжилгээний хариу удаж гарах асуудал үүссэн. Одоо бол орон нутгийн болон сайн дурын шинжилгээг авахгүй байгаа. Ерөнхийдөө ойрын хавьтлууд, яаралтай шинжилгээг хийж байгаа. Тиймээс бид хоногт дунджаар 10 мянга орчим шинжилгээг хийж байна.
Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэх асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа байх. Ер нь лабораторийн шинжилгээг аль болох 24 цагтаа хийх зохицуулалттай ажиллаж байна. Gerege.eruul.mn системд хүний мэдээллийг зөрүүлсэн гэх ганц нэг алдаа гардаг.
Нэг хүний регистрийн дугаар, утасны дугаарын нэг тоо л буруу бичихэд өөр хүний мэдээлэл орох эрсдэлтэй байдаг. Ийм нөхцөлд гар ажиллагаагаар мэдээллээ оруулахдаа алдаа гаргасан зүйл байсан.
Бидний зүгээс тэр алдаагаа засч, залруулаад сургалтаа зохион байгуулж байгаа. Лабораторийн асуудал миний хяналтад байдаггүй учраас ямар хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлэлгүй байна.
“ХӨСҮТ-ИЙН СУВИЛАГЧ ХАМААТНЫХАА ХҮНД СОРЬЦ АВДАГ ШИЛ ӨГСӨН”
Ингээд ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Цар тахлын халдварын голомтод ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
-Халдварын голомт дээр шуурхай хариу арга хэмжээний таван багийн 100 гаруй хүн 24 цагийн турш ажиллаж байна. Хүн хүч байхгүй бүх эмч нараа дайчлан ажиллаж байна. Манайх нийт 750 гаруй ажилтантай.
–ХӨСҮТ-ийн дунд шатны албан тушаалтан, сувилагч нар танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэх асуудлыг шалгасан уу. Эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ?
-Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэдгийг сайн ойлгохгүй байна. Шалгагдаж байгаа нэг асуудал бол манай нэг сувилагч хамаатныхаа хүнд сорьц авдаг шил өгсөн. Тэр сорьц авдаг юмыг нь ашиглаад, нөгөө хүн нь нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгсөн. Тэр сорьц нь л өөр хүнийх байсан гэсэн үг.
Тэрнээс биш шинжилгээний хариу худлаа гарсан зүйл байхгүй. Эмч, сувилагч нар 60 мянган төгрөгөөр шинжилгээний хариу гаргадаг талаар ёстой мэдэхгүй. Хаана, хэн, юу ярив. Бидэнд ямар ч мэдээлэл алга. Тийм нотолгоо байгаа юм уу. Шүүхээр гэм буруутай нь нотлогдтол хүнийг гэм буруутай гэж хэлж болохгүй шүү дээ.
-Тухайн сувилагч өнөөдөр ч ажлаа хэвийн хийж байгаа гэх мэдээлэл байна?
-Цагдаагийн байгууллагаас бидэнд тодорхой мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Өөрсдөө гайхаад л сууж байна. Гурван хүний нэрний эхний үсгийг бичсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байсан. Тэр бол ямар ч ор үндэсгүй гүтгэлэг. Тийм юм ёстой байхгүй. Тэр хүмүүсийг цагдаагийн байгууллагаас ч дуудаагүй, байцаагдаагүй. Хэвийн ажлаа хийгээд явж байгаа. Тэр сувилагчийг байгууллагынхаа дотоод журмаар арга хэмжээ авсан. Гэхдээ тэр асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Шалгалтын ажил дуусаагүй.
Бидний мэдэх энэ л асуудал яригдаж байгаа. Шинжилгээ хуурамчаар үйлдсэн гэдгийг гайхаж байна. Тэгж хуурамчаар үйлдэх боломж ч байхгүй. Эерэг хариуг сөрөг, сөргийг нь эерэг болгох боломжгүй. Автомат машинд бүх мэдээлэл хадгалагдаж үлддэг.
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар өмнө нь мэдээлэхдээ Gerege.eruul.mn системд оруулахдаа ажлын ачааллын улмаас ганц нэг алдаа гаргасныг үгүйсгэхгүй. Тэд өдөрт 10 гаруй мянган хүний шинжилгээг хийж байгаа. Эерэг шинжилгээгээ сугалж авахаа мартаад уншуулчихаар бүгд сөрөг болчихдог. Тэр алдаагаа тэр даруйд нь засч, хүмүүс рүүгээ утсаар холбогдсон. Тэрнээс биш санаатайгаар алдаа гаргаж, хүмүүсээс мөнгө авч, шинжилгээний хариуг өөрчлөнө гэж байхгүй.
-Тухайн сувилагч ХӨСҮТ-д хэдэн жил ажилласан бол?
-ХӨСҮТ-д нэлээд олон жил ажилласан хүн байгаа. Сорьц авдаг бамбар хадгалдаг хуруу шил шиг л зүйлийг л тухайн сувилагч хамаатныхаа хүнд өгсөн. Бид анх энэ асуудлыг Эрүүл мэндийн яаманд Шадар сайд С.Амарсайхан ярихад л мэдсэн. Тэрнээс хойш өөрсдөө шалгаж үзээд, хууль хяналтын байгууллага шалгаад явж байна.
-ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээний хариу удаж гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэж, анхаарч ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед шинжилгээний хариу удаж байна гэх гомдол харьцангуй бага болсон. Ачаалалтай үед эмч, мэргэжилтнүүдээ Хөдөлмөрийн тухай хуулиа зөрчөөд, 24, 24 цагаар ажиллуулахаас өөр аргагүй байна. Тэднийг ядарч унатал нь ажилуулахаас өөр арга алга.
Хамгийн гол нь цаг наргүй ажилласан эмч нарын талаар сөрөг мэдээлэл цацагдаж, хүмүүсийн ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээний хариуд итгэх итгэлийг сулруулсан ташаа мэдээллүүд эмч ажилтнуудын урам зоригийг мохоож байна.
Эхнээсээ зарим эмч ажилтнууд ажлаасаа чөлөө авах, гарах тохиолдол гарч байна. Лабораторийн маш нарийн шинжилгээг хийдэг мэргэжилтний тоо хязгаартай байдаг. Бид аль болох алдаагаа засч, сайжруулахаар ажиллаж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ