Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод гарснаас хойш өдгөө 126 сая хүн халдвар авч, 2.7 сая хүн нас бараад байна. Манай улсад ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо 200-аас буухгүй, олон хүн нас барсан билээ. Тэгвэл Covid-19 цар тахлын эсрэг вакциныг гарган авахын төлөөх цаг хугацаатай уралдсан өрсөлдөөн амжилтад хүрч, хэд хэдэн улсын нэр бүхий вакцин 70-95 хувийн үр дүн үзүүлснээр энэ оны эхээр олон улсад вакцинжуулалт эхлээд байна. Үүний ачаар вакцинжуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлж буй улс орнуудад халдвараар нас барах хүмүүсийн тоо буурсан сайн мэдээ байна.
АНУ
АНУ-д вакцинжуулалт эхлснээс хойш гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Үр дүнд нь өдгөө АНУ-ын 65-аас дээш насны нийт иргэдийн 70 орчим хувь нь вакцины дор хаяж, эхний тунгаа тариулсан гэх албаны мэдээлэл буй. Ингэснээр арваннэгдүгээр сараас хойш АНУ дахь нэг өдөрт цар тахлаар нас барах иргэдийн тоо анх удаа 1000-аас доош бүртгэгдэх болж, буурсан байна.
Түүнээс гадна хэдэн арван мужид хөгшчүүдээ вакцинжуулж дуусаад, ажиллах хүчээ вакцинжуулж эхэлсэн байна. Үлдсэн хэдэн мужууд нь хэдэн долоо хоногийн дотор ажиллах хүчээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа нь том амжилт хэмээн ажиглагчид үзэж байна. Мөн АНУ-ын засгийн газрын мэдээлснээр дараа долоо хоногт дахин 27 сая тун вакцин бэлэн болно хэмээн мэдээлсэн нь анх хоёр сарын өмнө Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд суух үеийнхээс гурваас дөрөв дахин өндөр тоо юм.
Хэдий тийм ч засгийн газрын вакцины хөтөлбөрийн чухал албан тушаалтан Энтони Фаучи энэ долоо хоногт “Цар тахлыг ялсан гэж хэлэхэд арай эрт байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Хүмүүс надаас үргэлж “бид цар тахлыг ялж байна уу?” гэж асуудаг. Харин миний бодлоор бид ялахад маш ойрхон байна. Гэвч бүрэн ялж чадах эсэх нь биднээс бүрэн хамаарна” хэмээн ярьжээ.
Харин харьцуулж үзэхэд Бразильд нэг өдөрт цар тахлаар нас барж буй хүмүүсийн тоо 3000-аас буурахгүй байна. Түүнчлэн Европын орнуудад шинээр халдвар авах, нас барах иргэдийн тоо эргэн нэмэгдэх болсон байна. Ийнхүү шинээр халдвар авч, нас барж буй хүмүүсийн тоо эрчимтэй өсч байгаа нь вакцин үйлдвэрлэлийн удаашрал болон AstraZeneca вакцинд төрсөн эргэлзээ зэргээс шалтгаалж байна хэмээн албаныхан мэдээлсэн юм.
Тэгвэл АНУ-д одоогийн байдлаар өдөрт 2,5-3 сая насанд хүрэгч вакцинжуулалтад хамрагдаж байгаа бөгөөд нас баралт нэгдүгээр сарын дунд өдөрт 3400 орчим байсан бол өдгөө дунджаар 940 болон буурсан байна. Ялангуяа Миннесота мужид энэ сарын 22-нд өнгөрсөн жилээс хойш анх удаа нэг хоногийн хугацаанд ганц ч хүн амьсгал хураагаагүй амжилт бүртгэгдсэн байна. Мөн Нью-Орлеанст бүтэн өдрийн турш нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.
Түүнээс гадна Техас, Калифорни хоёр муж эрүүл мэндийн ажилтнуудаа бүгдийг нь бүрэн вакцинжуулсан бөгөөд улмаар эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдвар тархах нь бүрэн зогссон талаар энтони фаучи онцолжээ.
Мөн Байдены тушааснаар бүх мужууд тавдугаар сарын 1 гэхэд нийт ажиллах хүчээ вакцинжуулж эхлэхэд бэлэн болох ёстой гэнэ. Тус шаардлагыг аризона, жиоржиа, техас тэргүүтэй мужууд бүрэн хангах боломжтой байгаа бол дор хаяж 20 гаруй муж дээд тэлдаа далаа хоног хоцрон ажиллах хүчээ ващкцинжуулж эхлэх бололтой.
Тэдгээрээс гадна Microsoft компани 50 мянга гаруй ажилтнаа энэ сарын 29-нөөс эхлэн оффис дээр нь дуудаж ажиллуулахаар шийдсэн бол Нью-Йорк хот нийт 80 мянган ажилтныг тавдугаар сарын 3 гэхэд ажил дээрээ очих боломжтой болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
ИЗРАИЛ
Израилын эрүүл мэндийн яамны мэдээлснээр вакцинжуулалт цар тахлаар өвчлөх, нас барах эрсдлийг 98,9 хувь бууруулж байгаа гэнэ. Тухайлбал вакцин тариулсан хүмүүсийн цар тахлаар өвчлөх эрсдэлийг 98 хувь, халдвар авбал нас барах эрсдэлийг 95,8 хувь багасгаж буй аж.
Израилын засгийн газрын өнгөрсөн сард мэдээлснээр нийт 1,7 сая гаруй хүн вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэн байна.
ЭНЭТХЭГ
Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг Энэтхэг улсад өнгөрсөн оны есдүгээр сарын дунд үед халдварын тоо дээд цэгтээ хүнрч, өдөрт сая гаруй хүн шинээр халдвар авч байв. Түүнээс хойш энэтхэгийн эрх баригчид тогтмол шинжилгээ хийх зэрэг арга хэрэглэн шинэ халварын тоог тодорхой хэмжээнд бууруулан барьж байлаа.
Тэгтэл өнгөрсөн долоо хоногоос эхлээд байдал мэдэгдэхүйц сайжирч эхэлжээ. Тухайлбал энэтхэгт нэг өдөрт цар тахлаар нас барах хүмүүсийн тоо 100-аас бага болжээ. Ялангуяа Энэтхэгийн нийт мужуудын талаас илүүд нь цар тахлаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэд хонож байна. Мөн халдварын хамгийн том голомт байсан Дели хотод энэ сарын 23-нд нэг ч халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS BBC DW