Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн

Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн

Японы мэргэжлийн сүмогоос өчигдөр /2021.03.24/ зодог тайлснаа зарласан 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр (2021.03.25) онлайн хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр “Анх 16 настай хүүхэд Япон улсад ирээд аль болох хурдан Сэкитори болохыг хүсч байлаа. Хэрэв мөрөөдлийнхөө төлөө зүтгээд л байвал түүндээ хүрээд зогсохгүй цааш улам томордог юм билээ. Макүүчи зиндааны бөх боллоо, дараа нь их аварга болсон. Би хэзээ ч өөрийгөө энэ хүртэл хол явна гэж бодоогүй. Би сүмо бөхийн спорттой холбогдсоноор хүн байх, эр хүн байх, сүмо бөх байх ямар байх ёстойг бүгдийг ойлгож мэдэрсэн. Маш их баярлалаа” хэмээн хэлсэн юм.


Үүний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

-Одоо таны сэтгэлд юу бодогдож байна?

-Ямар нэг юмнаас чөлөөлөгдсөн мэт мэдрэмж төрж байна. Тайвширсан гэсэн үг биш ч цаашдаа юу ч бодож, санаа зоволгүй байж чадахаар боллоо.

-Уг нь та ирэх тавдугаар сарын тэмцээнд барилдана гэж байсан. Яагаад зодог тайлахаар болов. Яагаад заавал энэ өдрийг сонгов?

-Сүүлийн үед гэмтэл бэртэл ихтэй, дэвжээн дээр гарах боломж цөөхөн байсан. Дахиж барилдах сонирхол байсан ч бие үнэхээр дийлэхээ байж, сүүлдээ сэтгэл зүйгээр ч унаж эхэлсэн. Тиймээс л зодог тайлахаар шийдсэн. Өмнөх оройноос эхлээд толгойд дахиад тэгээс эхлээд бэлтгэлээ хийхэд дараагийн тэмцээнд амжих уу гэсэн бодол төрөөд байсан. Гэр бүл, эцэг эхтэйгээ ч зөвлөсөн. Ёкозүна хүний хувьд өнжсөн тэмцээн олон байсан. Гэмтээд эргэн ирэх, дахиад гэмтээд, эргэн ирэх гээд л. Холбоонд ч их төвөг удсан байх. Өдий хүртэл барилдуулсанд харин баярлаж байна. Үүнээс илүү төвөг болж болохгүй гэж бодсон.

-Ямар нэг харамсах зүйл байна уу?

-Яаж ийм удаан барилдав аа гэж бодсон. Харамсах зүйлгүй, би өөрийн чадах зүйлээ бүгдийг хийсэн.

-Дарамт, шахалт байсан уу?

-Ёкозүна цол хүртсэнээсээ хойш л би үргэлж үүнийг маш том үүрэг хариуцлага гэж боддог байсан. Амьдралд юу ч тохиолдсон би сүмо бөх л бодож явдаг байлаа. Одоо энэ бүхнээс салаад баяртай байна гэх үү, сэтгэл хөнгөрсөн.

-Өнгөрсөн замналаа эргэн харахад?

-Замнал минь ганц захианаас эхэлж байлаа. Намайг дэвжээндээ аваач гэж гуйсан захиа. Хэрэв авбал бүх хүчээрээ зүтгэнэ гэсэн үгэндээ хүрсэн гэж бодож байна.

-Хүүхдүүд тань таны шийдвэрийн талаар юу гэв?

-Аав сүмо бөх биш боллоо. Багш хүн боллоо, гоё байна гэж л ярьцгааж байсан. Өдий хүртэл гэр бүлийнхээ ачаар явсан тул тэдэндээ баярлаж явдаг.

-Дэвжээний багш боллоо. Ямар бөх бэлтгэе гэж бодож байна вэ?

-Хүнд юм заах маш хэцүү. Одооноос заах арга барил, яавал мундаг бөх төрүүлэх талаар суралцана. Өөрийнхөө туулж ирсэн замыг хүчээр тулгадаг багш болохыг хүсэхгүй байна. Сүмо бөхийн холбооны нүүр царай болсон сүмоч төрүүлэхийг хүсч байна.

-Ёкозүна Хакүход хэлэх үг байна уу?

-Түүн шиг болохыг хүсч,  өөртөө өндөр зорилго урдаа тавьж байлаа. Ийм өндөр зорилгоо биелүүлэх гэж зүтгэсний ачаар би ёкозүна болж чадсан гэж боддог. Өөрөөсөө ах аваргад юм хэлэх нь хүндлэлгүй хэрэг болно. Түүнийг дахин олон удаа түрүүлнэ гэж итгэж байна.

-Ёкозүнагийн зөвлөлөөс анхааруулга авсан талаар ярихгүй юу?

-Ёкозүнагийн үүрэг, хариуцлагаа биелүүлж чадаагүй тул шүүмжлүүлэх нь зүй ёсны хэрэг байсан.

-Залуу монгол бөхчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Бүгд өөр өөрийн хувь заяатай. Заримд нь аз дайрна. Хүмүүст хайрлагдсан, залуу дүү бөхчүүддээ хүндлэгдсэн, сайн хүн болох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Зөвхөн бөх хүний хувьд төдийгүй хувь хүнийхээ хувьд ч өсөн дэвжих ёстой.

-Ёкозүна гэдэг цолны талаар таны бодол?

-Анх ёкозүна болчихоод өмнөх их аваргуудаас асууж, бичлэг үзэж, ёкозүна хүн ямар байх талаар их бодож, хичээдэг байлаа. Сүүлдээ би чинь би шүү дээ. Яагаад өөрийнхөөрөө байж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгээд л ёкозүна гэж ийм байх ёстой гэж хэт их бодохоо больсон. Ямартай ч долоон жил энэ цолтой барилдлаа.

-Одоо хийж үзмээр байгаа зүйл байна уу?

-Сүмочид жолоо барих хориотой байдаг. Машин л жолоодмоор байна.

Эх сурвалж: Sankei

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж