Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, олон нийтийн хяналт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, олон нийтийн хяналт нэмэгдэнэ

Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, олон нийтийн хяналт нэмэгдэнэ

Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй дийлэнх банкууд хэт төвлөрөлтэй буюу гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч 90-ээс дээш хувийг нь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хэт төвлөрөл нь санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдал, эрсдэл даах чадварт сөргөөр нөлөөлдөг.

Энэ мэтчилэн өнөөгийн банк, санхүүгийн салбарт тулгамдаж буй практик шаардлагад үндэслэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нар 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Гишүүд тус хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалт бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх, банкуудыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлах, хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тодорхой зохицуулалтуудыг тусгажээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу өнөөдрийн байдлаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банк 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилнө.

Мөн банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтууд орсон. Үүний дүнд банкны сайн засаглалыг хөгжүүлж, хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулан, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгох юм. Түүнээс гадна банкны тогтолцоонд шударга өрсөлдөөнийг дэмжиж, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа талаар хуулийн төслийгсанаачилсан гишүүд тайлбарласан.

Тус хуульд орсон чухал өөрчлөлтийн нэг нь банкны засаглалыг сайжруулах, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүднээс банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульд тусгасан явдал.

Дээр дурдсан өөрчлөлтүүдтэй холбогдуулан хуулийн зарим нэр томьёог тодорхой болгосон байна. Тухайлбал, банкны хувьцаа эзэмшлийн хувьд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч этгээд нь банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүн байна.

Мөн системд нөлөө бүхий банкны тодорхойлолтыг боловсронгуй болгож, олон улсын нийтлэг, сайн туршлагад тулгуурлан банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоон дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан, банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банк байхаар тусгажээ.

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуульд заасан шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батлах зохицуулалтууд орсон байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор Монголбанк хуульд заасан шаардлагыг хангаагүй банк, хувьцаа эзэмшигчид Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг, 49 дүгээр зүйлд заасан нөхцөлт удирдлагын арга хэмжээг авах, мөн хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасаж тооцох, хувьцаа эзэмшигчдийн хурлаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсэгт ногдол ашиг олгохгүй, албадан худалдахыг шаардах зэрэг арга хэмжээг авах зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Энэхүү хууль хэрэгжсэнээр банкны сайн засаглал хөгжиж, хувьцаа эзэмшлийн хэт төвлөрөл буурснаар эрсдэл буурч, салбарын хяналт, шалгалтын бие даасан байдал хангагдаж, банкны тогтолцоонд шударга өрсөлдөөн бий болгох, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжилд эергээр нөлөөлөх ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж