Б.Магсаржав: “Зүүдэн бороо” дуу маань галт тэргэнд мэндэлсэн түүхтэй

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Б.Магсаржав: “Зүүдэн бороо” дуу маань галт тэргэнд мэндэлсэн түүхтэй

МУУГЗ Б.Магсаржавтай уулзаж амьдрал, уран бүтээлийнх нь талаар халуун яриа өрнүүлснээ уншигч та бүхэнд хүргэе.

-Баянхуур хөгжим таны амьдралын замыг чиглүүлж, нэг насны тань “нөхөр” болж  дээ.   Тийм үү?

-Надад үнэндээ хөгжмийн замналаас холбирох гарц байгаагүй. Аав ээж минь надад дөрвөн настай байхад баян хуур авч өгсөн. Манай сум Туватай хиллэдэг болохоор айл бүр баян хууртай. Би зургаан настайдаа баян хуур тоглож сураад 6,8,10,12 настайдаа алтан медаль авч байлаа. Долоон натсайдаа сургуульд орж, 15 настай наймдугаар анги төгсөхдөө таван алтан медаль зүүчихсэн хүн чинь ямар, гарцгүй болсон л доо. Ер нь, амьдралын замаа хөгжмийн урлагтай салшгүй холбоход минь дунд сургуулийн багш нар ч их түлхэц болсон юм болов уу. Дөнгөж дунд сургуулиа төгсөнгүүт "Энэ их авьяастай хүүхэд" гээд аймгийн Боловсролын газраас МУБИС-ийн Хөгжмийн ангийн урилга авч өгсөн. Ингээд ёстой л ээжийн өврөөсөө дөнгөж гарсан 15 настай хүүхэд Улаанбаатарт ирж байлаа. МУБИС-д сурч байхдаа ээжийгээ их санана. Тэр үед баян хуур хөгжим минь л надад хамгийн дотны нөхөр болдог байлаа. Ингээд Багшийн сургуулийн дуу хөгжмийн техникум буюу одоогийн МУБИС-д элссэн. Ангидаа хамгийн бага нь мөртлөө дөрөвдүгээр курсийн оюутнууд судалдаг мэдлэгийг бүрэн эзэмшчихсэн хүүхэд байлаа. Хоёрдугаар курст ороход миний хувьд судлах хичээлийн хөтөлбөр дуусчихсан учраас намайг "багш болооч" гэсэн санал тавьсан. Би "Ангийнхантайгаа хамт л төгсье" гэсэн.  Ингээд хоёрдугаар курсээсээ өөрийн сонирхлоороо МУАЖ Л.Мөрдорж, Д.Мяасүрэн зэрэг луухгаруудыг дагаж хөгжмийн зохиолчийн дээд боловсролд суралцаж эхэлсэн.

-Ээжийгээ их санадаг байлаа гэснээс "Сүүн далай ээж" таны анхны уран бүтээл гэдэг байх аа. Хэддүгээр курстээ энэ дууны аяыг бичив?

-Нэгдүгээр курст дөнгөж орсон жилээ бичсэн юм байна. Л.Мөрдорж гуайд дууны ая бичмээр байгаагаа хэлэхэд "Зохиолчдын хороо орж, яруу найрагчаа олж ав" гэсэн. Тэр өдөр Зохиолчдын хороонд жижүүр хийж байсан Ш.Сүрэнжав гуай Ц.Гайтав гуайн өрөөг зааж өгсөн. Ингээд өрөөнийх нь хаалгыг зүрхэлж ядан тогшлоо. Ц.Гайтав гуай ч намайг хүн чинээ тоосонгүй. Бараг 30-аад минутын дараа анзаарснаа "Чи яах гэж яваа хүүхэд вэ?" гэв.  "Багшаа надад харин дууны ая орж ирээд байх юм" гээд зүрхэлж ядан хэлэв. Ц.Гайтав гуай намайг учиргүй дооглож инээгээд л "За тэгээд чухам яаж орж ирж байх юм дээ, тэр ая чинь?" гэж байна.  "Гэнэт л орж ирээд байна. Л.Мөрдорж багш намайг явуулсан юм аа" гэвэл "Би ажил ихтэй байна дараа бол" гээд хөөлөө. Хоёр дахь өдөр нь мөн л хөөгдөв. "Жаргал дуурь" гээд их том бүтээл дээр ажиллаж байсан үе нь юм билээ. Гурав дахь өдөр нь нэг шил архи аваад очив оо. "Чи ямар ядаргаатай хүүхэд вэ. Би маш их ажилтай байна гээд байхад"  гээд  л  мөн хөөж байна. Тэгэхэд нь би их зальтай. Авч очсон архиныхаа толгойг албаар цухуйлгаад л "Багшаа би танд нэг юм авчирсан. Танд өгөх гэж гурав хоног хадгалж явлаа" гэв. Гэтэл Ц.Гайтав багш тэс өөр болоод л "Тэгээд үүнийгээ эрт хэлэхгүй яасан юм бэ. Алив наад хаалгаа хаа" гэж байна. Тэр агуу хүн намайг ингэж анх хүлээж авсан. "Залуу хүүхэд юм чинь хайр сэтгэлийн сэдэвт шүлэг бичүүлнэ биз дээ" гэж байна. "Үгүй үгүй. Би анхныхаа дууг ээждээ зориулж хиймээр байна" гэлээ. Ц.Гайтав гуай миний аваачсан архийг аягалаад л үзэг цаасаа шүүрч авсан. Тэр архи стаканд яг гурав хийгээд л дууссан. Тэгснээ "Чиний дуу яг гурван бадаг болох юм байна. Авчирсан архи чинь гурав хийгээд л дууслаа" гээд инээж билээ. Ингэж л "Сүүн далай ээж"  гэх агуу шүлгийг нь гардаж авсан даа.

-Аяыг нь хэдий хугацаанд хийв?

-Ц.Гайтав гуайг их зөнтэй хүн байж дээ гэж би боддог. Намайг өрөөнөөс нь гарахад "Миний бие жаахан базаахгүй байгаа. Эмнэлгээс дөнгөж гараад ажлаа хийж байгаа минь энэ. Чи нэг сараас хэтрээхгүй аяа сонсуулахыг бодоорой" гэсэн. Гэтэл манай ангийнхан дууг минь дуулж эхлээд л МУБИС-ийн сургуулийн бүх оюутнууд дуулцгаасан. Гэтэл яг сарын дараа радиогоор Ц.Гайтав гуайг бурхан болсон тухай мэдээлсэн. Дууныхаа аяыг сарын дотор хийсэн ч би сонсуулж чадаагүй. Гэхдээ оршуулганд нь оролцож, дууныхаа нотыг дэрлүүлсэн дээ.

-"Зүүдэн бороо" дууныхаа аяыг галт тэргэнд бичсэн гэдэг. Тэр цагийн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

-Тэр чинь бүр 1987 оны хавар шүү дээ. Нэг өдөр П.Хаянхярваа хурандаа дуудаад "Монголын зохиолчдын эвлэлээс төмөр замаар ухуулгын бригад явуулна. Энэ бригадад хөгжимчид, дуурийн дуучид, яруу найрагчид явдаг учраас чи баян хуурчаар яв" гэсэн. Би энэ сайхан мэдээг сонсоод маш их баярласан. Өмнө нь, би галт тэргэнд огт сууж үзээгүй байсан. Тэгэхэд би есдүгээр купенд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АУЗ, Б.Лхагвасүрэн агсантай хамт орж таарсан. Энэ бол ёстой л маш том хувь заяа. Лхагваа ах маань тамхиа баагиулаад л намайг нэг их тоосон шинжгүй. Миний дотор харин "Энэ агуу хүнээс нэг дууны шүлэг авчих юмсан" гэсэн хүсэл гижигдээстэй. Гэхдээ мань хүн намайг ажиглаад л байсан юм билээ. Зам зуур "Сүүн далай ээж"-ийгээ дуулж өгтөл, нэлээд харж байснаа "Чамд ч юм байна шүү. Наад дуугаа Ц.Гайтавтай хамт бичсэн юм уу" гэж байна. Ингээд бид хоёр вагон ресторанд сууж байтал Лхагваа ах "Ард чинь гурван эмэгтэй сууж байна эргээд хар даа. Аль эмэгтэй нь чамд таалагдаж байна?" гэв.  Эргээд хартал дээлнийхээ энгэрт ромбо зүүчихсэн гурван охин сууж байв. "Гурвуулаа л сайхан бүсгүй байна шүү дээ" гэтэл "Тийм л дээ. Гэхдээ нэг нь онцгой байна" гэв. Дахиад л эргэж харлаа. Хүн рүү дахин дахин эргэж хараад байх эвгүй л дээ. "Дундах нь илүү сайхан бүсгүй юм" гэлээ. "Зөв, чи одоо л даалгавраа биелүүллээ" гэж байна.  "Одоо тэгээд болов уу?" гэхэд "Болоогүй ээ. Дундах бүсгүйнх нь чухам юу чамд таалагдав?" гэж авдаг байгаа.  Бүр ч хэцүү даалгавар. Чухам юу нь илүү гэдгийг нарийн хэлж чадсангүй. Лхагва ах маань "Чи цаанаас нь очоод тамхи аваад ир. Тэгэхдээ дахиад сайн ажиглаарай" гэв. Буцаж ирэхдээ "Тэр бүсгүйн нүд нь ёстой дэндүү хар юм байна даа" гэхэд "Зүйтэй. Хар нүдэн гэдгийг чинь л би чамаар хэлүүлэх гээд байлаа" гээд тэр дор нь хоёр бадаг шүлэг бичсэн.

-Тэр бүсгүй дууны гол дүр болсноо мэдсэн үү?

Лхагва ах найман мөр шүлэг биччихээд "Цаад гурвыгаа дууд" гэв. "Лхагвасүрэн гуай та гурвыг дуудаж байна" гэлээ. Тэд өөрсдийгөө танилцуулав. Анагаахын дээд сургуулийг төгсөөд Сэлэнгэ рүү буцаж яваа оюутнууд юмсанж. Лхагва ах "Та гурав 30 минутын дараа есдүгээр купенд очиж шинэ дуу сонсоорой" гэв. Би ч мэл гайхав. Нөгөө бүсгүйчүүд ч "Баярлалаа. Ямар гоё юм бэ" гэцгээж байна. Тэр мундаг яруу найрагчаас дуу сонсох урилга авна гэдэг чинь маш том хувь тохиол шүү дээ.  Тэднийг явсны дараа "Лхагваа ах аа та энэ гуравт ямар дуу сонсуулахаар болчихов?" гэхэд "Юу ямар дуу гэж. Энэ дуу л байхгүй юу. Чи чинь авьяастай гээ биз дээ. Одоо чамайг шалгана" гэж байна. Минут яваад эхэлчихсэн. Би сандарна биз дээ. Өрөөндөө яваад ортол Лхагва ах маань нам унтаж байна. "Хүүе Лхагва ах аа босоорой. 30 минут юу юугүй болох гээд байдаг. Дууны гуравдугаар бадаг байдаггүй. Одоо яах вэ" гэлээ. Мань хүн шууд үзэг дэвтрээ шүүрч аваад л

"Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо

 Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм

Тооныг нь элбэж өргөсөн гэртээ

 Тормойж суух чинь хэзээ л юм бол доо" гэж бичээд л. "За ингээд боллоо. Чи аяа бич" гэв. Би нэгдүгээр купе рүү очоод л хаалгыг нь онгойлготол нөгөө бүсгүй толинд харж, үсээ самнаад л, цаанаас нь сарны гэрэл тусчихсан. Хачин сайхан дүрслэл таарсан. Буцаад өрөө рүүгээ гүйлээ. Ердөө нэгээс есдүгээр купений хооронд л ая нь ороод ирсэн. Лхагва ах маань бас л дугхийж байна. "Ая нь болчих шиг боллоо. Та сонс доо" гэсэн. Лхагва ахын үгийг засах шаардлага ер гардаггүй л дээ. Нэг удаа би "Лхагва ахаа энэ ганцхан үгийг жаахан өөрчилбөл яах бол?" гэтэл "Чи миний зүрхний нэг хэсгээс л хайчлах гэж байгаа юм байна. Өөрөө л мэд" гэсэн. Түүнээс хойш би энэ тухай бодохоос ч эмээдэг болсон. Тэгэхэд би төмөр замынхан гэж ямар сайхан үйлчилгээтэй, ахуй хангамжтай байгууллага вэ гэдгийг мэдэрсэн дээ. Биднийг өртөө зөрлөг бүрт буулгаад л орхичихно. Дараагийн галт тэрэг ирэх хооронд тоглолтоо хийгээд л цааш явна. Зүүнхараа, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар гээд л замд буусан хүн бүр "Зүүдэн бороо"-г минь аялаад бууна. Ингээд аялал дуусаад Улаанбаатарт ирэхэд дуу минь хэдийнэ түмэнд түгсэн байсан. Дөнгөж ирэнгүүтээ С.Цэрэнчимэдээр дуулуулан Монголын радиод бичүүлэхэд л хуурай өвсөнд ассан түймэр шиг юм болсон. Монголын ард түмэн агуу авьяастай л даа.

-Тэрнээс хойш ч галт тэргээр олон зорчиж, бишгүй уран бүтээлийг туурвисан байх?

-Тэгэлгүй дээ. Миний дуу галт тэргэнд л эгшиглэж, зорчигч олон сонсдог байлаа шүү дээ. Би 1989 онд Цэргийн ансамбиас халагдаад МУБИС-д нэг жил багшлаад Хятадын хөгжмийн их сургуульд сурахаар Бээжин явсан. Тэнд сурч байхдаа би Бээжин-Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд суугаад замдаа бууж чадалгүй Москва орж байсан түүхтэй. Амралтаараа явж байгаа оюутан тасалбаргүй, баянхуураа аваад суучихгүй юу. Гэтэл орос үйлчлэгч нар надаар ая тоглуулж дуулсаар байгаад нэг хартал Улаанбаатар өнгөрөөд явчихсан байсан. Дахиад нэг хартал Хиагт руу ороод ирсэн. "Одоо нэгэнтээ өнгөрсөн" гээд л цааш явсан даа. Тэр галт тэрэг Москвад нэг хоноод буцдаг юм билээ. Вагоны үйлчлэгч нар намайг гэртээ урьцгаагаад. Галт тэрэгний даргынд нь дайлуулж хоносон. Маргааш нь тэд намайг дэлгүүр рүү дагуулж яваад шинэ костюм авч өгөөд л сүйд болсон. Ингэж яваад буцахад амралтын хугацаа дуусчихсан байсан. Шууд Бээжин рүү явсан даа. "Зүүдэн бороо"-ноос хойш намайг галт тэргэнд танихгүй үйлчлэгч гэж үгүй болсон. Намайг яаж ийгээд л туулайчлуулна. Төмөр замтай холбоотой бас нэг зүйл ярихад галт тэрэгний хэмнэлийг сонсож байгаад баянхуурын "Ган зам" нэртэй зохиол бичсэн. Түүнийгээ сургалтад ашиглаж байна.

-"Зүрхний уяа" ч Монгол түмний дуулах дуртай дуу шүү?

– "Зүрхний уяа" дуу бас сонин түүхтэй. Намайг Цэргийн ансамбьд байх үед л дээ. Нэг өдөр бүжгийн дасгал дээр ажиллаж байтал жижүүр ирээд "Тантай нэг хүн уулзахаар ирсэн байна" гэв. Гараад очтол урд нь огт уулзаж байгаагүй барилгачны хувцастай 40 эргэм насны хүн байна. "Намайг хэн дуудсан бэ?" гэвэл "Би дуудсан юм. Сайн байна уу та?" гээд л надтай их хүндэтгэлтэйгээр мэндлэв. Тэр хүн шударга л ярьсан. "Би барилгачин хүн. Амьдралдаа ганцхан шүлэгтэй. Шүлгээ зохиолчдын хороонд очиж батлуулсан" гээд тамгатай шүлгээ өгсөн. "Та чинь ёстой мундаг сэргэлэн хүн юм. Ямар нэртэй шүлэг вэ?" гэвэл "Зүрхний уяа" гэв. Тэгээд л энэ дуу төрсөн дөө. Би энэ дуундаа их хайртай.

-МУГЖ Н.Төмөрхуяг агсны дуулснаар энэ дууг сонсогчдын сонорт илүүтэйгээр хүрсэн юм болов уу гэж боддог?

-Бид Хэнтий аймагт бригадаар явж байтал үсээ ардаа боож, гитар үүрсэн  надтай ойролцоо насны цэвэрхэн цагаан царайтай залуу танилцсан нь МУГЖ Н.Төмөрхуяг агсан байсан. "Халхын сайхан хүүхнүүд", "Саа мөнгөн Хэрлэн" гээд дуунуудаа ч дуулав. Сонсоод байсан миний өнгө аястай их ойролцоо санагдсан. "Энэ залуу л миний аялгууг нь бичсэн дууг дуулахаар юм байна" гэж дотроо бодсон. Тэгээд л Н.Төмөрхуяг маань надаас салахаа байв. Хэнтийд арми сурталчилгаа гурав хоног үргэлжлэхэд алхам ч холдоогүй. Буудалд ч тэр, улаан буланд ч тэр хажууд л яваад байсан. Тэгээд бид Хэнтийгээс буцах болоход Төмөрөө маань бидний автобусанд орж ирээд суучихсан. Ингэж бид хоёрын хамтын уран бүтээл эхэлсэн түүхтэй. Улаанбаатарт ирснийхээ дараа Төмөрөө маань "Зүүдэн бороо"-г "Би дуулъя" гэсэн. Тэгэхэд С.Цэрэнчимэд энэ дууг дуулсан байсан болохоор "Чи дуул дуул. Гэхдээ С.Цэрэнчимэдээс арай өөр өнгө аясаар дуулаарай" гэсэн. Манай ансамблийн дуучид бас дуулах гэж үзсэн л дээ. Би "Үгүй ээ. Энэ дуу цаанаа эзэнтэй юм. Төмөрхуягаар дуулуулна" гээд өгөөгүй.  "Зүүдэн бороо" минь сонсогчдод таашаагдаад байхаар нь гэнэт зориг ороод "Морин хуур"-ын наадамд өгсөн. Байр эзэлнэ ч гэж бодоогүй. Наадмын завсарлага дундуур явах гэж байтал П.Хаянхярваа хурандаа дуудаад "Миний хүү наадмаа дуусгаж байж явна" шүү гэсэн. Дотор нэг л найдлага төрөх шиг… Гэтэл тэргүүн байр гээд л намайг зарласан. Миний дууны араас "Зулай цагаан Алтай", "Аргалд явсан ижий" гээд л агуу дуунууд ордог юм. Их цочирддог юм билээ.

-Энэ шагналаас улбаатай "Насны намар"-ын аялгууг бичсэн үү?

-1989 онд "Насны намар"-аа "Морин хуур" наадамд сойхоор төлөвлөөд байтал дуу минь радиогоор явахгүй болчихов. Юу болсон юм бол гээд Үндэсний радиогоос асуутал. "Зохиолчдын хороо"-ноос

"Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юм…" гээд үг нь их хатуу агуулгатай гэж үзсэн учраас хаасан. Гэтэл "Энэ дууг яагаад явуулахгүй болчихов?" гэсэн сонсогчдын захиа маш их ирсэн. Тиймээс өнөөдрөөс эхлэн явуулахаар болоод байна" гэсэн. Тэр үед шүлэг их хатуу шалгуураар ордог байлаа шүү дээ. Ингэж нэг сарын хугацаанд дуу минь хаагдаж, тэгээд Морин хуур наадам болоход "Үзэгчдийн нэрэмжит шагнал" авсан  юмдаг. "Насны намар" миний амьдралтай салшгүй холбоотой. Би энэ дууны аялгууг хийхийн өмнөхөн ээжтэйгээ уулзаж чадалгүй алдсан байсан. Хэнтий аймагт тоглолтоо хийж явахдаа ээжийн минь бие муу байгааг сонсоод очихоор онгоцонд явж байхдаа аялгууг нь бичсэн. Шүлгийг нь бичсэн яруу найрагч Д.Амгалан, дууг нь дуулсан Н.Төмөрхуяг хоёр мөн л ээжтэйгээ уулзаж чадаагүй. Тэгэхээр гурван хүний сэтгэлийн нийцэл дээр бүтсэн дуу байх нь ээ дээ. Тийм ч учраас Монголын ард түмний сэтгэлд хүрсэн уран бүтээл болсон байх. 1990 онд "Зүрхний уяа"-гаараа орж мөн "Үзэгчдийн нэрэмжит шагнал" авсан. Гурван жил дараалан эхний байрт орно ч гэж юу байх вэ дээ.

-Та уран бүтээлд "донтсон" учраас хувийн амьдралаа орхигдуулсан гэж ярилаа. Гэхдээ огт дурлахгүйгээр хайрын сэдэвт дууны аялгууг бичнэ гэж байхгүй болов уу?

-Сайхан асуулт байна. Дурлалгүй яах вэ. Хайр дурлал гэдэг хүнийг тойрч гарахгүй шүү дээ. Залуу насанд багшийн сургуульд ч тэр, цэргийн ансамбльд ч тэр сайхан бүсгүйчүүдтэй учирч, нөхөрлөж, хамт амьдарч ч байсан. "Зүүдэн бороо"-г надад зориулсан байх гэж ярих ч бүсгүйчүүд бий. Гэхдээ энэ дуу нэг хүнд гэхээсээ илүү Монголын бүх сайхан бүсгүйд л зориулсан бүтээл шүү дээ. Жишээ нь би "Зүрхний уяа" дууны аялгууг оюутан байхдаа сайдын охинд дурлаж бичсэн юм шүү дээ. Би нэг зүйлийг л дотроо боддог байсан. Хүний амьдрал л сүйтгэхгүй юмсан гэж. Тийм ч учраас бүсгүйчүүдэд хэт уран чамин үг хэлж байгаагүй. Хүнийг өөртөө хэтэрхий дурлуулбал үр хүүхэдтэй болно. Хариуцлага нэмэгдэнэ. Гэтэл би уран бүтээлдээ хэт шунасан учраас хүн л зовоохын нэмэр. Тийм ч учраас сайхан бүсгүйчүүдэд дуугаа зориулаад л явдаг байлаа. Нэг үгээр хэлбэл тэр үед туурвисан уран бүтээл бүхэн минь миний хүүхдүүд юм даа. Би ганц охинтой. Охин минь их авьяастай. Гэхдээ би охиноо урлагийн замнал руу оруулахыг хүсээгүй. Сайн хуульч болсон. Цаг нь болохоор миний охин мундаг бүтээл хийнэ гэдгийг би мэднэ.

-Нөгөө талдаа таны уран бүтээл олон ч хүний дурлалыг илчилж, амьдралын замналыг холбосон байх?

-Тэгэлгүй яах вэ. Нэг жишээ хэлэхэд "Гэргий ээж" дуу салсан гэр бүлийг нийлүүлж байлаа шүү дээ.  Би 1994 онд Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордонд дадлагаар ирээд байх үед Д.Ёндонравцаг гэдэг сэтгүүлч "Эхнэр маань хардаад долоо хоног гэртээ оруулсангүй. Бид хоёрын амьдрал дуусах шиг байна" гээд л уйлаад орж ирсэн. 40 гаруй настай хүн шүү дээ. Би тэгэхэд 30 гаруй настай л байсан байх.  "Та эхнэртээ зориулаад нэг шүлэг бич. Би аялгуу хийж өгье" гэж хэлсэн. Тэр дор нь

Сэтгэл нь цайнаас амтагдаад байдаг

Итгэлийн гэгээ наран минь ээ… гээд л бичсэн. Хоёул нэг шил юм хувааж уугаад Б.Энхтогтохыг дуудсан. "Хөдөөний хүн" дууг минь анх дуулсан, уурхайн том тэрэгний жолооч хүн шүү дээ. Хаалгыг нь  тогштол онгойлгосонгүй. Ингээд гурвуул орцонд нь гитартай 30 минут дуултал хаалга нь сархийтэл онгойгоод л гэргий нь гараад ирсэн. Тэгээд бид гуравт хоол цай хийж дайлахад нь Д.Ёндонравцаг "Энэ дууг л чамдаа зориулах гэж зохиож явлаа шүү дээ" гэж билээ. Тэр хоёр сайхан амьдарсан.  Ер нь, миний уран бүтээлд хагацлын дуу байхгүй дээ. "Хилийн заставын хар нүдэн бүсгүй"-ээс эхлээд бүгд учралын дуу. Тийм ч учраас ард түмэн надад хайртай байдаг юм болов уу. Бас миний нэг боддог зүйл бол эзэнтэй дуу л хүмүүст их хүрч, олон жил амьдраад байх шиг. Нөгөө талаасаа дууг өмнөх шиг батлуулж байж олон нийтэд цацдаг болбол илүү чанартай болно доо гэж би боддог.

-Төрийн дээд шагналыг зарим хүнд хэт эрт өгөөд, өгөх ёстой хүнд нь оройтууллаа гэж ярьдаг. Таны хувьд МУУГЗ гэдэг алдрыг арай эрт авсан бол илүү ихийг бүтээх байлаа гэж боддог уу?

-Үгүй. Харин ч энэ шагнал надад цагаа олж ирлээ дээ гэж боддог. Би 58 нас хүртлээ хийх зүйлээ хийгээд л явж байна. Хэрэв энэ шагналыг 10 жилийн өмнө авсан бол өөрөө өөртөө гавьяат болоод дуусах байлаа. Би амьдралд хөлөө олж, төлөвшөөгүй байсан шүү дээ. Төр үнэхээр түмэн нүдтэй юм билээ. Намайг архинаас гаргаад, сайн ханьтай болгосныхоо дараа өглөө. Надад ойролцоогоор 600 орчим уран бүтээл бий. Түүнээс 30 орчим нь л ард түмэн дунд байнга дуулагдаж байх шиг. Дийлэнх нь дуулагдаагүй. Миний гэргий Ж.Ганчимэг яруу найрагч хүн. Амьдрал тогтсон хоёр жил гаруй хугацаанд илүү сайхан бүтээлүүд гарч байна. МУГЖ С.Цогтсайханы "Ээждээ очоорой", жүжигчин Л.Сөрөлтийн "Сэтгэл юм хойно" гэхчлэнгээр эхнээсээ бичлэгт ороод явж байгаа. Гавьяат болсноосоо хойш эхнэртээ Мартын-8-ны бэлэг болгож "Айсуй" нэртэй шүлгэнд нь аялгуу хийснийг МУГЖ Б.Сарантуяа аваад явсан. Одоо клип нь хийгдэж байгаа. Бас нэг баяртай мэдээ дуулгахад Ардын дуу бүжгийн чуулгад хормистерээр ирээч гэсэн санал тавьсан. Би маш баяртайгаар хүлээж авсан. Одоогоор ажил арай эхлээгүй байгаа ч "Ардаараа овоглосон үндэсний их театр" номыг судалж байна. Уран бүтээлчид дотроо орно гэдэг хамгийн сайхан зүйл. Энэ местэд дандаа багш нар маань ажиллаж байсан юм билээ. Д.Төрбат зохиолч надад "Хатан титэм" нэртэй зохиол авчирч өглөө гэхчлэнгээр бүтээл гэдэг ундарч байна. Нас ч залуу байна. Өчигдөрхөн би хөгжмийн хятад багштайгаа ярихад "Одоо багш нь 10 жил бүтээлээ хийнэ" гэж байна. 98 настай хүн шүү дээ. Миний хувьд багшийнхаа насанд хүрнэ гэж юу байх вэ. Гэхдээ л наад зах нь 20 жил байна шүү дээ. Би Монголд тоглогдож байгаа дуурийн тоглолтыг гадаад дотоодгүй дугаарлаж үздэг цаг ирээсэй гэж мөрөөддөг. Үүний төлөө би хөдөлмөрлөнө. Н.Жанцанноров багш маань ч надад энэ даалгаврыг өгсөн.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

                                                             Ярилцсан сэтгүүлч Б. Дэлгэрхишиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж