82 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

82 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч  ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд  шалгалт хийсэн байна. Шалгалт зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн байна. Шалгалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс  бусад аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг хамруулжээ. Шалгалтын бүрэлдэхүүнд  МХЕГ-ын Геологи уул уурхай, байгаль орчны улсын байцаагчид, БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтэн, Ашигт малтмалын газрын уул уурхайн мэргэжилтэн, МХЕГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн болон мэргэжлийн холбоодын төлөөлөгч оролцжээ.
Эхний ээлжинд 16 аймгийн 50 гаруй сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй 190 гаруй аж ахуйн нэгжийг шалгахад 474 зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгуулахаар 553 заалт бүхий 64 албан шаардлага хүргүүлж, 167 заалт бүхий 56 акт тогтоон,  82 сая 270 мянган төгрөгийн торгуулын арга хэмжээ авч, 46 сая 480 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьсан байна. Аж ахуйн нэгжүүд  ашигт малтмал ашиглах ТЭЗҮ, болон уулын ажлын төлөвлөгөө, технологийн горимыг мөрдөж ажиллаагүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй зөрчил түгээмэл ажиглагдсан байна. Түүнчлэн улсын комисс хүлээж аваагүй байхад уурхайг ажиллуулсан, геологи маркшейдерийн баримт бичгийг хөтөлдөггүй, маркшейдрийн хэмжилт хийж баримтжуулдаггүй зөрчил их байгаагийн дээр нүдэн баримжаагаар уулын ажлыг гүйцэтгэж, “Ил уурхайн аюулгүйн ажиллагааны дүрэм” болон “Хүдэр, хүдрийн бус шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн тохиолдол олон гарсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж