Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид гуравдугаар сарын 19-нд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд түүнд оролцсон Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас Covid-19 халдвар илэрсэн талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Энэ асуудлыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодруулахад “Би гэртээ байна, зүгээр байна. Би өмнө нь PCR шинжилгээ 7-8 удаа өгсөн. Сая Сүхбаатарын талбай дээр жагсаал хийсний дараа шинжилгээ өгсөн, хариу нь хараахан гараагүй байна. Манай нөхрийн PCR шинжилгээний хариу Улсын төв гуравдугаар эмнэлэг дээр өнгөрөгч Бямба гаригт сөрөг гарсан. Гэтэл өчигдөр дахин тус эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Тэгээд би нэгдүгээр хавьтал гээд гэртээ тусгаарлагдаж байна.
Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 19-нд хийсэн жагсаалд олон хүн оролцсон. Миний PCR шинжилгээний хариу эерэг гараагүй байхад миний өмнөөс халдвар авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлж байна. Одоо би ХӨСҮТ-ийн шинжилгээний хариуг хүлээгээд сууж байна” гэв.
Жагсаалд оролцсон иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг холбогдох албаныхан мэдээлжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ