Тавантолгойгоос Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нар Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордны урд талбайд майхан барьж, эсэргүүцэл илэрхийлж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өмнөх сайдын шүүхээр хүчингүй болсон тушаалыг сэргээж, хэрэгжүүлэх чиглэлийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хүргүүлсэн байна. Ийнхүү Чойрын тээврийг зогсоож байгааг тээвэрчид хууль бус хэмээн үзэж байгаа аж. Учир нь, өмнө нь Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байх үедээ Чойрын нүүрсний тээврийг хатуу хучилттай авто зам тавих хүртэл зогсоо гэх шийдвэрийг гаргасан аж. Тухайн үед уг шийдвэрийг эсэргүүцэж “Их дэлгэмэл энгүүн” компаниас нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн хариуд “Зам тээврийн хөгжлийн сайдын сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр гаргасан А-82 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлт шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцээд түдгэлзүүлэхээр болсон” гэдгийг мэдэгдсэн аж.
Иргэдийн төлөөлөл “Арван мянга гаруй тээвэрчид, тэдгээрийн ар гэр, цаана нь Монгол Улсын эдийн засаг зогсчихоод байхад холбогдох сайд дарга нарт хариуцлага тооцохгүй байгааг гайхаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Р.Сэддорж дарга нарыг огцруулж өгөөч. Маш олон ар гэр хэцүү байдалд байна. Жолооч нар гэр бүлдээ мөнгө өгдөг байсан бол одоо мөнгө авч байна. Өдөрт хоёр сая ам.долларыг оруулдаг Чойрын тээврийг нам гацаачихаад байгаа юм. Бид эцсийг нь хүртэл тэмцэх болно” гэлээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ