Covid-19: 285 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 5895 болов

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Covid-19: 285 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 5895 болов

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, March 24, 2021

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас Covid-19-ийн тархалтын талаарх өнөөдрийн /2021.03.25/ ээлжит мэдээллээ хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

Сүүлийн 24 цагт 16 лабораторид 13456 сорьцод шинжилгээ хийхэд нийт 285 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь аймгуудад бүртгэгдлээ. Тодруулбал Завхан 1, Төв 2, Баянхонгор 1, Орхон 3, Дорноговь 2, Дархан-Уул 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн 96 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар энэ хугацаанд эмчлэгдсэн хүний тоо 4044 боллоо.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт  103 багийн 724 эмч, ажилтан ажиллаж,  10773 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 237,489 хүнийг вакцинжуулаад байгаа юм. Харин Өмнөговь аймгийн есөн суманд 731 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт 7061 хүнийг вакцинжуулаад байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо нийт 244550 боллоо. COVAX хөтөлбөрийн хүрээнд ирсэн Prizer вакцинд дараах хүмүүсийг хамруулна. Үүнд, гемодиализ 690 хүн, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон 1547, ХДХВ-ын халдвартай 260 мөн бусад хавдартай хүмүүст эмчийн хяналтан дор хийгдэх 12,870 тун вакциныг хуваарилсан.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-70-аас дээш насны иргэдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ?

Г.Болдмаа: -Одоогоор 65-аас дээш насны 2000 гаруй хүнийг вакцинд хамруулж, дархлаажуулалт үргэлжилж байна. Иргэдэд хороо, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс хэзээ, хаана вакцинд хамрагдахыг утсаар залгаж мэдээлэл өгч байгаа.

-Монгол Улс 474 мянган тун вакциныг хүлээж авсан. Гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 244 мянган тунг хийгээд байгаа. Аль үйлдвэрийн вакциныг иргэдэд хийсэн бэ?

-Бид вакцины нөөцөд тааруулж, эрэмбэлэлтийг гаргаж, зорилтот бүлэгтээ хийж байгаа. Вакцинжуулах үйл ажиллагааг түргэсгэхгүй бол халдвар тархах эрсдэл өндөр болж байгаа. Одоо Синофарм вакциныг хийж байна.

-Орон нутаг руу очиж байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээг 25,000-80,000 төгрөгөөр авч байна гэх мэдээлэл гарсан. Ингэж төлбөр авч болох уу?

-Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих иргэдийн шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор орон нутгуудад түргэвчилсэн шинжилгээний нөөц багассан. Нөөц багассантай холбоотойгоор орон нутгийн байгууллагууд өөрсдөө эм, эмнэлгийн байгууллагаас худалдаж авах тохиолдол гарч байгаа. Хот, хөдөө орон нутгийн хувийн эмнэлгүүд түргэвчилсэн оношлуурыг өөрсдөө худалдан авч байгаа юм. Тиймээс шинжилгээний төлбөр 25 мянгаас 80 мянган төгрөг байж болно.

-Шинжилгээний цэгүүдийн ачаалал их байна. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Шинжилгээний цэгүүдэд ачаалал их байгаа. Нэг хаалга- нэг шинжилгээний үед хөдөө орон нутгийн эмч нарыг  хүч нэмэгдүүлэн ажилласан.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-Цаг авч байгаа иргэд цагтаа шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Дүүрэг бүрт нэг, нэг цэг ажиллаж байгаа. Цагийн оочер олон хоногоор байгаа. Иргэд цагийг нь тулгах биш эртнээс төлөвлөж, шинжилгээндээ хамрагдах нь зүйтэй.

-Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгаа вэ, шинжилгээ авч байгаа юу?

Г.Тэмүүлэн: -Өнөөдрийн байдлаар халдвартай нь батлагдсан ч хөнгөн, шинж тэмдэггүй 373 иргэнийг гэрээр нь тусгаарласан байна.  Батлагдсан тохиолдлуудын хувьд дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин гэр бүлийн ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээг явуулын баг, өрхийн эрүүл мэндийн төвөөс баг очиж авч байгаа. Эдгээр иргэдэд ХӨСҮТ, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан өдөр тутмын хяналт тавьж, ажиллаж байна.

-21 аймгаар аялж буй “Токио олимп сан”-гийн цомыг авч явсан Биеийн тамир, спортын хорооны томилолтын багийн гишүүд халдвар тараасан гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн үү. Томилолтын багийн гишүүдийн шинжилгээний хариу гарсан уу?

-Архангай аймагт очсон томилолтын багийн хоёр гишүүнээс халдвар илэрсэн байгаа. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтлыг тусгаарлаж, шинжилгээг авч байгаа. Харин Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар явсны дараагаар илэрсэн халдвар нь томилолтын багтай холбоотой гэх мэдээлэл ирээгүй байна. Эдгээр аймгуудад илэрсэн тохиолдлууд нь “Хужирт Сэмжид” ХХК-ын амралтын газартай холбоотой тохиолдлууд юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж