АН-ын бүлэг завсарлага авч, Цэцийн гишүүний томилгоо хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

LiveАН-ын бүлэг завсарлага авч, Цэцийн гишүүний томилгоо хойшлов

УИХ-ын чуулганы хуралдаан

УИХ-ын чуулганы хуралдаан

Posted by News.mn on Wednesday, March 24, 2021

16 : 40
2021-3-25

Хандивын тоглолтын 2.2 тэрбум төгрөг түгжигдсэн

УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих хүүхдийн төлөө сан байгуулах, сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд гурван минутад багтаан үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Уг хуулийн төслийн 21.2.3 дугаар заалт эргэлзээтэй байна. Санг машины дугаар борлуулах зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж үү. Сан чадалтай болохын тулд орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Уг хуулийн 21.2.3.2-ыг хуулийн төслөөс хасмаар байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хүүхдийн төлөө ажиллах гэж байгаа нь зөв. Гэхдээ эхлээд эрэмбэлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл алслагдсан хэсэгт амьдарч байгаа хүүхэд рүү чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Хүүхдийг дэмжих зорилгоор сан байгуулахыг дэмжиж байна. Харин сангийн орлого, зарлагыг тодорхой болгох хэрэгтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгож болно. Оны зааг дээр зохион байгуулсан хандивын тоглолт дээр 2.2 тэрбум төгрөг цугласныг дөрвөн банкинд төвлөрүүлсэн. Одоо энэ мөнгө түгжигдсэн байгаа. Сан байгуулагдангуут энэ мөнгийг хүүтэй нь авна.

Ингээд Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжиж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ. 

УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол баталсан.

Тогтоолд Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай Оюутолгой ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тус ордын дагалдах нөөцийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлж дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэх зэрэг асуудлыг тусгасан аж. 

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нэр бүхий гишүүд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. 

Төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталснаар энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв. 

 

 

15 : 47
2021-3-25

АН-ын бүлэг завсарлага авснаар Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр томилох асуудлыг хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэж байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэнийг УИХ-ын дарга хүлээн авч, ёсоор болголоо.

Тус бүлэг энэ асуудлаар нэг өдрийн завсарлага хүссэн юм. Тодруулж хэлбэл, завсарлагын хугацаа маргааш дуусна. Энэ хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэхээр болоод байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 

15 : 34
2021-3-25

Ж.Эрдэнэбулган: Эрхтэн дархтанд үйлчлэхгүй, хуульд захирагдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Нэр дэшигчид амжилт хүсье. Цар тахлын үетэй холбоотойгоор хурлын үеэр гуравхан минутад юм ярих нь хангалтгүй байна.  УИХ-ын 62-ын бүлэг үнэхээр даварч байна.  Ерөнхийлөгчийн сонгуульд ямар их улайрч байна аа. Өнгөрсөн хугацаанд яваад ирсэн Цэц рүү шууд орж болох уу.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаа ч хоёр асуулт байна. Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй хугацаа болж байхад яагаад өнөөдөр гэнэт санал орж ирж байна вэ. Хоёрт, яагаад хоёр хүн биш нэг хүнийг томилох санал оруулж ирж байна вэ. Цаашид Үндсэн хуулийн Цэц ийм улс төржсөн хэвээр байх уу. Хэн нэгэн эрхтэн дархтанд үйлчилдэггүй байх ёстой. Нэр дэвшигчээс хэдэн зүйл асууя, Үндсэн хуулийг хамгаалж, хэн нэгнээс хамааралгүй байж чадах уу.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган:

-Цэцийн дээр Үндсэн хууль бий. Цэцийн гишүүн нь зөвхөн хуульд захирагдана гэсэн зарчмыг баримтална. Хараат бус байхыг хуулиар зохицуулсан байгаа. Хуулиар олгогдсон энэ чиг үүргийг биелүүлнэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хууль гуравдугаар сараас хэрэгжээд эхэлсэн.  Уг хуультай холбоотойгоор Улсын дээд шүүх нь Цэцийн гишүүнийг нэг сарын дотор оруулж ирэх хуультай болсон.

Хоёрт, нэр дэвшигч нь олонхийн санал авч орж ирэх ёстой. Олонхийн саналыг нэг хүн л авсан болохоор нэг хүнийг оруулж ирж байгаа юм.  

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг ч тийм биш болжээ. Хоёр хүнээ зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Жил гаруйн хугацаанд зүгээр яваад байсан хэрнээ өнөөдөр шууд ороод ирж байна. Сүүлийн үед Цэц дээр болж байгаа асуудал үнэхээр хүнд байна. Хууль дүрэм гэж байхаа больж. Хүч түрэн орж ирдэг болж. Нэр дэвшигчээс нэг зүйл асууя. Цэцийн гишүүн яагаад хууль зөрчөөд байна вэ, та хууль зөрчихгүй байж чадах уу. Ард түмэн тэнэг биш шүү

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган:

-Одоогоор иргэн хүн болохоор Цэц дээр болж буй асуудалд үнэлгээ өгөх боломжгүй. Цаашид би хуулиа баримтлаад ажиллана.

 

13 : 24
2021-3-25

Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох тухай саналыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна. 

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсан. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 22-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөхөд Ж.Эрдэнэбулган нь хамгийн олон санал авч, Цэцэд нэр дэвших эрхтэй болсон байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилоход татгалзах зүйл алга. Шударгаар ажиллахыг хүсье. Тэгж ажиллаж чадна гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Ж.Эрдэнэбулганыг дэмжиж байна. Хэн нэгний захиалга даалгавраар ажиллахгүй байхыг хүсье.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Улсын дээд шүүхэд мэргэжлийн шүүгч нар байгаа. Гэтэл яагаад жил гаруйн хугацаанд нэр дэвшигчийг оруулж ирэхгүй хойшлуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр оруулаад ирж байгаа юм бэ. Мэргэжлийн хуульч нар байж, яагаад хууль зөрчиж байна вэ. Уг нь энэ хүний оронд энэ хүнийг нэр дэвшүүлж байна гэсэн зарчмаа яагаад баримтлахгүй байгаа юм бэ.

13 : 14
2021-3-25

Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч үдээс хойш болгов

УИХ-ын чуулганы хуралдаан

УИХ-ын чуулганы хуралдаан

Posted by News.mn on Wednesday, March 24, 2021

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүд асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин улсын өмгөөлөгч, хувийн өмгөөлөгч гэдэг нэр томьёог өөрчлөх хэрэгтэй. Цахим хэлбэрээр эрх зүйн туслалцаа үзүүлдэг ажлыг эрчимжүүлмээр байна. Мөн телевиз, радиог ашиглан эрх зүйн мэдээлэл өгч баймаар байна.

Ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг:

-Онлайнаар хууль зүйн зөвлөгөө өгч байгаа. Энэ ажлыг өргөжүүлнэ. Цахим хэлбэрээр 12 мянган иргэнд зөвлөгөө өгч, 3000 иргэнд бичиг баримтаа боловсруулахад нь тусалсан байна. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч, хуульчийг улсынх гээд байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүжилтийг нь батлаагүйгээс тус хууль хэрэгжихгүй байгаа. Тиймээс төсөлд уг хуулийг хэрэгжүүлэхдээ хүний нөөц, санхүүжилтийг хэрхэн зохицуулсан бэ?

Ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг: 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасны дагуу жил бүр 20 өмгөөлөгчөөр нэмэгдүүлнэ. Ингэхдээ өмгөөлөгчдийг мэргэшүүлнэ. Одоо бол зөвхөн эрүүгийн гэмт хэргийн яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байгаа. Хуулийн төслөөр Захиргаа болон иргэний хэргийн хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болохоор заасан.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хуулийн төсөлд газар өмчлөх эрх нь зөрчигдсөн иргэнтэй холбоотой чухал заалт орсон байна. Төв аймгийн Сэргэлэн сумын 22 мянган га газартай холбоотойгоор 1600 иргэний эрх зөрчигдөж байгаа. Хууль батлагдвал энэ мэт хүний эрхийг хамгаалах боломжтой болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Концепц хоцрогдсон байна. Улсын болон хувийн гээд ялгаварлаад байна. Хууль зүйн туслалцаа гэдэг нэр томьёоноос татгалзмаар байна.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэх томьёоллоор гишүүдээс санал хураахад 65.2  хувь дэмжлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч танилцуулга хийх Улсын дээд шүүхийн шүүгч хараахан чуулганы танхимд орж ирээгүй, мөн үдийн цайны завсарлага болсон тул энэхүү асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр болж, хуралдааныг түр завсарлуулаад байна. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд Ж.Эрдэнэбулганыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа юм. 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

 

11 : 48
2021-3-25

"Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч буй юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Монголд хүний эрхийн олон байгууллага бий. Тэд одоо ажлаа хиймээр байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрхийг хамгаалагчийн хороо гээд долоон хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулах гэж байгаа юм байна. Ингэж болохгүй ээ. Би өчигдөр Д.Цогтбаатарт хуулийн төслөө татаад авчих, битгий ажил удаад бай гэж хэлсэн. Г.Занданшатар дарга та бүлэг дээрээ ярьж байгаад хуулийн төслөө татаад авчих л даа. Бодитой ажил хийе. Ард түмэн биднийг дайчин, давшингуй хурдтай, тодорхой ажиллахыг шаардаад байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулдаг хороо гэж юу байдаг юм. Асуудлаа шийдье. Юугаа нуугаад хэнийг хаацайлаад байдаг юм бэ. Ямар хулгайч нарыг 20-иод жил хаацайлаад байдаг юм бэ. Та нар завсарлага аваад татаад авчих л даа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Дэг журмаараа явж байна. Ойлголтын зөрүү байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Төр хүний эрхийг зөрчиж, хамгаалж байдаг гэсэн логиктой байгаад байна. Иргэдийн оролцоо хүний эрхийг хангахад чухал байдаг юм байна шүү дээ. ХЭҮК иргэдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй. Тиймээс иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Тиймээс энэ хууль бол чухал хуулийн төсөл. Ингэж харах нь зүйтэй. Бид өнгөрсөн зууны сэтгэлгээнээс салах цаг болсон. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулах шаардлагагүй. ХЭҮК энэ ажлыг хийх боломжтой. Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна. ХЭҮК үндсэн ажлаа хий. Тусгаарлалтад байгаа иргэн нас барж байна. Зочид буудлын цонхоор унаж нас барж байна. Энэ юунаас болсныг мэдэх хэрэгтэй. Тухай бүрд нь асуудлыг судлах хэрэгтэй. Таг дуугүй байж болохгүй. Ажлаа хий. УИХ-ын зүгээс хүний тоог нэмж, та бүхний ажиллах боломжийг  нэмж өгч байна. Байнга буюу 24 цагаар ажиллах утас нээх хэрэгтэй. Мэдээллээс хол байна. Тиймээс ХЭҮК дуудлагын утастай байх хэрэгтэй. Хүний эрх улам зөрчигдөж, үр уршиг нь улам хор хөнөөлтэй болсоор байгаа шүү.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Хүний эрхийн хамгаалагчийн тухай хууль батлагдах ёстой. НҮБ-ийн загвар хуульд нийцүүлсэн хууль ч бас анхаарах зүйл байна. Тухайлбал, Хүний эрхийн комиссын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо гэж долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдах юм байна. Орон тооны бус хороо, зөвлөл үр дүнгүй ажилладаг. Орон тооны бус хороо байгуулснаас ХЭҮК-т нь өгсөн нь илүү үр дүн гарах болов уу. Тэгэхгүй бол Орон тооны бус хороо нэг дүгнэлт гаргаж, ХЭҮК-тоо хүргэдэг гэх мэт дамжлаг ихтэй, үр дүн багатай байдаг. Түүнээс гадна хорооноос бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй байна. Орон тооны бус хороо нь ХЭҮК-оос цалинжиж, комиссын гишүүн байхаар бие даасан байдал нь алдагдах учраас энэ асуудлуудыг нэгтгэж, өөрчлөөд явах боломжтой.

УИХ-ын гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Одоо гишүүд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

 

10 : 01
2021-3-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан /2021.03.25/ 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд;

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ЭЗЭНДЭЭ ХҮРЭХГҮЙ БАЙНА

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гурван асуудал яримаар байна. Эрүүдэн шүүсэн асуудлыг хэдэн сонгууль дамнуулан шоу хийлээ. Үүнийг одоо шийдмээр байна. Нууцыг ил болгож, захиалагчийг зарламаар байна. Гурван хувийн хүүтэй зээл өгч байгаа нь сайн ч шийдвэр нь эзэндээ хүрэхгүй байна гэв.

Үүний дараа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хийсэн бөгөөд гишүүд асуулт асууж, хариулт авч эхлээд байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Энэ хууль нь иргэд эвлэлдэн нэгдэж эрхээ хамгаалж байгаагаас юугаараа өөр юм бэ. Хүний эрхийг хэн зөрчөөд байна вэ. Тэр нь гол асуудал. Албан тушаалтнууд л хүний эрхийг зөрчиж байгаа шүү дээ.  Албан тушаалтан хүний эрх зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ. Зөрчлийн тухай хуульд аж ахуйн нэгжид асуудал үүсгэдэг. Харин албан тушаалтан, төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчвөл ямар хариуцлага тооцох юм бэ. Тунхгийн шинж чанартай хууль өргөн барьж байна. Зөрчил гаргасан бол хариуцлага тооцдог байх ёстой биз дээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Хүний эрхийг хамгаалдаг тусгай хуультай байх ёстой. Тиймээс шийтгэл хүлээх хэд хэдэн механизм оруулсан байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж