Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа билээ. Тэгвэл тус улс энэ вакцины экспортыг түр хугацаагаар зогсоосон тухай Энэтхэгийн Гадаад хэргийг яамны эх сурвалжууд өнөөдөр /2021.03.25/ мэдээлжээ.
Энэтхэг улсад дотоодын халдвар эрс нэмэгдэж, вакцины эрэлт ихэссэн тул тус улс уг вакциныг дотооддоо хэрэглэх шаардлага үүссэн учир ийнхүү гадагшаа экспортлохыг зогсоохоор шийджээ. “Түр зуурын” хэмээн тодорхойлж байгаа энэхүү арга хэмжээ дөрөвдүгээр сарыг дуустал дэлхий даяарх вакцины нийлүүлэлтэд нөлөөлөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
ДЭМБ-ын санаачилсан дэлхий даяар Covid-19-ийн эсрэг вакциныг жигд хуваарилах “COVAX” хөтөлбөрт хамрагдсан 190 улсад дээрх шийдвэр нөлөөлөхөөр байна. Учир нь “COVAX” хөтөлбөрт хамгийн өргөн ашиглагдаж буй вакцин нь “AstraZeneca”-ийн вакцин бөгөөд дэлхийн хамгийн том вакцины үйлдвэрлэгч “Serum Institute of India” (SII)-д үйлдвэрлэж байгаа. Энэтхэг улсын хувьд нийт 76 оронд 60 сая гаруй вакцины тун экспортлоод байгаа юм байна.
ЭНЭТХЭГ ЯАГААД ИЙМ АЛХАМ ХИЙВ?
Энэтхэг улсад Covid-19 халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа тул ийм шийдвэр гаргажээ. Лхагва гаригт /2021.03.24/ энэ жилийн хамгийн огцом өсөлт ажиглагдсан байна. Тодруулбал, нэг хоногийн дотор тус улсад 47,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 275 хүн нас баржээ.
Иймд 45 ба түүнээс дээш насныхныг дөрөвдүгээр сарын 1-нээс вакцинжуулж эхлэхээр болж байгаа ба вакцины эрэлт шууд нэмэгдэх юм. Түүнчлэн тус улсад Covid-19-ийн цоо шинэ давхар мутацид орсон хувилбар тархаж эхэлснийг илрүүлжээ. Энэ хувилбар нь халдварлах чадвар маш өндөр атлаа вакцинд дарангуйлагдах магадлал бага байгаа гэнэ. “E484Q ба L452R” гэсэн хоёр мутаци нэгдсэн байгааг илрүүлсэн бөгөөд энэ нь Их Британи болон Өмнөд Африкаас гаралтай мутациас огт өөр, илүү аюултай байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ЭНЭТХЭГТ БАЙДАЛ ТОГТВОРЖТОЛ НЭГ Ч ВАКЦИН ЭКСПОРТЛОХГҮЙ”
Дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч болох “Serum Institute of India” нь сүүлийн долоо хоногт нэг ч вакцин гадагшаа экспортлоогүй бөгөөд Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас “Дотоодын эрэлтийг нэгдүгээрт тавина. Энэтхэгийн байдал тогтворжтол нэг ч вакцин экспортлохгүй” гэдгээс өөр тайлбар хийгээгүй байна.
Хэдийгээр томоохон улс орнууд ядуу буурай, бага орлоготой улс орнууд руу вакцин хандивлаж, дэлхий нийтээрээ хамтдаа аюулт цар тахлаас салцгаая гэж уриалан, вакциныг дипломат ажиллагаандаа ашиглах болсон ч цагаа тулахаар “Амь амиа бодох” зарчимыг баримталж байгаа нь үүнээс харагдаж байна.
Сүүлийн үед дэлхий даяар Covid-19-ийн эсрэг вакцины нийлүүлэлт тасалдаж, улс орнууд, ялангуяа Европын улсууд вакцинаас болж таарамжгүй харилцаатай байгаа. Вакцин үйлдвэрлэгч компаниуд ч хүчин чадал нь хүрэлцэхгүй болж, анх тохиролцсон хэмжээний вакциныг нийлүүлж чадахгүй байгаа юм. Зарим улс орнууд давуу эрхээ ашиглан бусдаасаа түрүүлж, илүү их вакцин худалдан авах, нэгнийхээ худалдан авах гэж буй вакциныг дундаас нь зогсоох зэрэг асуудлууд ихээр гарч, вакцин улс орнуудын “хэрүүлийн алим” болоод байна. Саяхан “AstraZeneca”-ийн вакцин үхэлд хүргэж болзошгүй цусны бүлэгнэл үүсгэж байж магадгүй хэмээн Европын 10 гаруй улс ус вакциныг ашиглахаа түр зогсоож буйгаа ээлж дараалан мэдэгдсэн нь ч улс төрийн шинжтэй үйлдэл байсан гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC, CNN
Холбоотой мэдээ