"Сонгууль болохоор зураг авч, байранд оруулна гэж хэлээд л сураггүй болдог”

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

"Сонгууль болохоор зураг авч, байранд оруулна гэж хэлээд л сураггүй болдог”

"Сонгууль болохоор зураг авч, байранд оруулна гэж хэлээд л сураггүй болдог”

Орон сууцтай хаяа залган орших, нурж унах шахсан модон байшингийн яндангаас утаа олгойдож, хүүхдүүд нь худгаас ус зөөх нь социализмын үеийг санагдуулахаар. Энэ бол 21 дүгээр хороололд  байрлах, балгас болсон модон байшингуудын нэг. Шавар нь гарч, энд тэндээ цуурсан, цонх нь хагарсан урт цагаан нэг давхар нийтийн байшинд 20 айл амьдардаг байна. Эндхийн оршин суугчдыг  хороо дүүрэг нь ч мартжээ. Уг нь дахин төлөвлөлтөд орсон ч сураг тасарчээ.

БИДНИЙ ЭНД АМЬДАРЧ БАЙГААГ ХОРОО, ДҮҮРЭГ МЭДЭХГҮЙ

Амьдрах аргагүй болж нүүлээ гэхэд очих газаргүй, 15 м кв талбайгаас нь өөр өмч гэх зүйлгүй тул зарим нь  гүрийхээс аргагүй байдгийг ч хэлж байв. Тус байшинд 25 жил амьдарч буй иргэн Ц.Боргилмаа “Ач зээ нартайгаа 15 м кв өрөөнд багтана гэдэг хүндхэн. Амьдрахад ч бэрх. Өвөлдөө хүйтэн, хавар болохоор  чийг татна. Засвар хийгээд нэмэргүй. Чийгэнд шохой нь нурчихдаг. Чийгээс болж хууч өвчин сэдэрч, хэвтэрт орсон. Хэсэг хугацаанд хөл хорионы үеэр охиныдоо амьдарсан. Байшин болохоор манайхаас илүү дээр. Бие маань ч өвдөхгүй болж байсан. Зүгээр боллоо гээд гэртээ иртэл эргээд л өвдчихлөө. Байраа зарж нүүе гэхэд авах хүн байхгүй. Хамгийн ихдээ 10 сая төгрөгт зарлаа гэхэд энэ мөнгөөр байшин ч авч хүрэхгүй. Тиймээс дахин төлөвлөлтөөр шинэ байртай болохыг л хүлээж байна.

Байшин л бидний өмч болохоос биш газар нь улсын өмч. Даан ч энэ байшинтайгаа хамт бид  хороондоо мартагдсан. Засаг дарга нь ч манай байшинг хаана байдгийг ч мэдэхгүй. Миний мэдэхээр 20 гаруй жилийн хугацаанд хорооноос анх удаа жорлон л барьж өгсөн, сонгууль болохоор улстөрчид байшингийн гаднаас зураг авахуулж, уулзалт хийж байранд оруулна гэж хэлээд л сураггүй болдог” гэлээ.

Энд айлууд амьдарч байгааг хүмүүс мэддэггүй болохоор байшинг эзэнгүй гэж андуурах тохиолдол их гэнэ. Өдөр нь сахилгагүй хүүхэд цонхыг нь чулуугаар хагалах тохиолдол ч гарна. Шөнө нь коридороор нь согтуу хүмүүс эргэлдэж, хөлхөлддөг аж.

Оршин суугчдын зарим нь энэ байшинд хүмүүс амьдардаг юм шүү  гэдгийг бусдад мэдрүүлэхийг хүсдэгээ онцолж байлаа.

15 МКВ ТАЛБАЙГ НЭГ ӨРӨӨ БАЙРААР ҮНЭЛЖ БАЙНА

Оршин суугчдын дийлэнх нь амьдарч буй 15 мкв талбайгаа орон сууцны нэг өрөө байрны үнээр үнэлжээ. Тэдний хэлснээр дахин төлөвлөлт хэрэгжвэл дунджаар 25-35 сая төгрөгийн үнэтэй  30 мкв шинэ нэг өрөө байртай болох саналтай байгаа юм. Уг саналаа хотын удирдлагуудад ч бас хүргүүлж, дахин төлөвлөлтийг даруй эхлүүлэхийг хүсчээ.

Тус байшинд 30 жил амьдарч буй   иргэн Д.Гэрэлээ “Энэ байшинг дахин төлөвлөлтөд оруулахаар бид 2017 оноос хойш холбогдох бүх байгууллагын хаалгыг татаж, өргөдөл өгч явсны үр дүнд 2019 онд оруулсан. Гэвч тендерт шалгарсан компаниуд нь манай газрыг голж, дахин төлөвлөлтийн ажил эхлэх боломжгүй болсон. Нийт 2.5 га болохоор орон сууцны хороолол барих боломжгүй. Уг нь бид хоёр, гурван өрөө байр нэхээгүй. Ердөө л амьдрах орчноо өөрчилж нэг өрөө байртай болохыг л хүсч байгаа юм.

Хэрэв би амьдрах аргагүй боллоо гээд заръя гэхэд хөгц, чийг даасан, хорхой шавж мэрэгч амьтан үүрлэсэн энэ жижиг байшинг хэн ч тоож авахгүй. Хамгийн ихдээ л гурван саяар зарна. Монгол гэрт гарлаа гэхэд хаана ч амьдрах билээ. Гэтэл газрын үнэлгээ нь өндөр, байршил сайтай учраас 20-30 сая болно.

Тиймээс л дахин төлөвлөлтөөр байранд орохыг хүлээж, өнөөдрийг хүртэл тэвчиж амьдарч байна. Гадаа нийтийн нойлтой, хоёр км-ийн цаанаас ундны усаа зөөж, түлээгээ гадаа хагалдаг 1940 оны амьдралаараа л амьдарч байна. Ямар ч ялгаа гараагүй” гэлээ.

Өдгөө 100 гаруй жилийн настай  энэхүү нийтийн зориулалттай байшин хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Анх 1940-өөд оны үед 3-20 айл нэртэй ашиглалтад орж байсан түүхтэй аж. Зэргэлдээ байсан хоёр байшинг олон жилийн өмнө нураасан тул ганцхан байшин орон сууцны дунд торойж үлдсэн нь энэ. Байшингийн харанхуй урт коридорт тавхан минут зогсоход хүйт дааж, айлуудаар ороход л хөгц, чийгийн үнэр хамар цоргино.

Хаалгаар орход л давчуу орчинд ганц бие эмэгтэй,  ач зээгээ тойруулан бужигнасан хөгшид, зургаан хүүхэдтэй өрх толгойлсон ээж гээд айл айлын амьдрал өрнөнө.  Гэхдээ нэг л зүйл ижилхэн. Тэд хэдийд ч нурж мэдэхээр сууцанд амьдарч байна. Хана тааз нь цуурч, шохой нь нурсан, чийг, борооны шар ором тогтсон байх нь нийтлэг. Зарим айл гэрээ ая тухтай болгох гэж засвар хийсэн ч  тусыг эс олжээ.

Хоёр хоногийн өмнө нийслэлийнхнийг айлгасан газар хөдлөлт ч эндэхийн оршин суугчдыг сандаргажээ. Газар хөдлөлтийн улмаас айл бүрийн ширээ сандал, ор нь дайвалзжээ. Бүгд л адилхан газар хөдлөлтийн хүчтэй чичирхийллийг мэдэрчээ.

Хэрэв 1967 онд болсон хүчтэй газар хөдлөлт шиг гамшигт үзэгдэл Улаанбаатар хотод давтагдвал хуучны орон сууцууд нэн түрүүнд нурах аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.

Тодруулбал, Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт судлалын салбарын дарга М.Өлзийбат "1697 оноос өмнө нь баригдаж ашиглалтад орсон барилгууд нь газар хөдлөлтөд тэсвэргүй. Тооцоололгүй баригдсан. Ийм барилга нийслэлд 200-350 орчим байдаг гэх тооцоо бий. Газар хөдлөлт нь хүн амын хэт нягтаршил, тооцоололгүй барьсан барилгаас үүдэн гамшиг дагуулдаг. 1967 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нийслэл багагүй хохирол амсч байсан түүхтэй. Тухайн үед барилга цөөхөн л байсан. Гэтэл сүүлд Говьсүмбэр аймагт болсон  5.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт нь нийслэлээс ердөө 130 км зайд болсон учраас нийслэлд чичирхийлэл нь мэдрэгдсэн. Хэрэв Улаанбаатар хотоос 20-30 км-ийн зайд хүчтэй газар хөдлөлт болсон бол хэчнээн барилга нурж, хүний амь хохирохыг хэлж мэдэхгүй. Магадгүй 1967 онд болсон гамшигт үзэгдлийн хохирлоос ч илүү гамшиг дагуулахыг үгүйсгэхгүй. Газар хөдлөлтийн бичил мужийн зургаар нийслэлд  хүчтэй газар хөдлөлт болоход 6, 7, 8, 9  балл гэсэн бүсэд хуваасан байдаг. Туул голын орчимд 8 балл, Сансар орчимд 6 балл гэж тооцдог. Зурагт Улаанбаатар хотын орчимд зургаан идэвхтэй голотмын хагарлуудыг ч бас оруулсан. Баллын чичирхийллийг давж гарах, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих шаардлага байна" гэдгийг анхааруулж буй.

Монгол орны хэмжээнд 0.2-2.5  магнитутын хүчтэй газар хөдлөлт жилд  200-300 орчим удаа болдог байв. Энэ нь 2005 оноос хойш идэвхжсээр, голомтуудыг тойрсон газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нь нэмэгджээ. Нийслэлд жилд 1000 орчим удаагийн газар хөдлөлт их, бага хэмжээгээр болдог байна.

Өнгөрсөн жил 1100 орчим удаагийн газар хөдлөлт болжээ. Он гарсаар 200-300 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдсэн аж. Сүүлийн жилүүдэд нийслэлийг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй зургаан хагарал идэвхжих болсон нь энэ юм байна.

Газар хөдлөлтийн аюул нэмэгдэхийн хэрээр барилгын чанарын аюулгүй байдлын ч асуудал хөндөгдөж буй. Хот байгуулалт хөгжлийн газрын мэдээлснээр нийслэлд ашиглахыг хориглосон 344 барилга байна. Үүнээс 170 барилгыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дахин төлөвлөхөөр болжээ. Одоогоор ашиглалтын шаардлага хангахгүй 58 барилгыг шинээр барихад 110.95 тэрбум шаардагдах нь. Зарим тохиолдолд дахин төлөвлөлт удааширч байгаа нь иргэд газраа хэт өндөр үнэлдэг, эсэргүүцдэг зэрэг олон саад тулгардаг байна.

        ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ЗАХЫН ДҮҮРГИЙН НИЙТИЙН ОРОН СУУЦУУД ОРХИГДСОН

Хот байгуулалт хөгжлийн газрын хот дахин хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.СОДБИЛЭГ: 

-Нийслэлийн Засан даргын шийдвэрээр дахин төлөвлөлтөд оруулсан 170 барилгаас 82 барилга угсралтын ажил үргэлжилж байна. Сүүлийн үед дахин төлөвлөлтөд багтсан ашиглалтын шаардлага хангахгүй барилгын нэг давхарт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, аж ахуй нэгжүүд байна. Зарим аж ахуй нэгж байраа чөлөөлдөггүй, зах зээлийн үнээс өндөр үнэлдэг тохиолдол бий. Үүнийг тухайн төсөл хэрэгжүүлэгч байгууллага боломжоороо чөлөөлж ажлаа үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 531 айлын 33 орон сууцыг буулгаж 1556 өрхийн 13 орон сууцыг ашиглалтад оруулсан. Ер нь 2016 оноос дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хугацаанд захын дүүргийн орон сууцны барилгууд орхигдож, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүд төвийн ашигтай гэсэн барилгууд сонгогдчихсон. Засгийн газрын 2018 онд батлагдсан газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн авах арга хэмжээний 58 барилгын жагсаалт батлагдсан. Эдгээр барилгууд хүнд нөхцөлд байна. Буулгах шаардлагатай барилгууд нь, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүрэгт гэр хороолол, орон сууц дунд байрлах гаднаа нойлтой, нийтийн орон сууцууд багтаж байгаа юм гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж