Сүмочдын үсчин болох санал авч байсан Их аварга

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Сүмочдын үсчин болох санал авч байсан Их аварга

Сүмочдын үсчин болох санал авч байсан Их аварга

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлж буй талаар өчигдөр/2021.03.24/ сүмогийн холбооноос мэдэгдлээ. Өдгөө 35 настай, Монголоос төрсөн дөрөв дэх их аваргын хувьд сүүлийн жилүүдэд бэртэл, гэмтэлтэйгээ тэмцэж, эргэн дэвжээнээ гарахыг хүсч байсан ч харамсалтай нь санаснаар болсонгүй. Хоёр долоо хоногийн өмнө аваргын дэвжээний багш Мичинокү хэвлэлд өгсөн ярилцлагадаа Какүрюү М.Анандыг зодог тайлахад бэлэн биш, үргэлжлүүлэн барилдахыг хүсч байгаа талаар ярьж байсан юм.

“ААВАА БИ ШИЙДСЭН, ЯВНА”

М.Ананд бага насандаа бүхий л спортод авьяастай тэр дундаа сагсан бөмбөгийн тамирчин болно гэж мөрөөддөг хүү байв. Гэвч 14 насандаа телевизээр Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюүзан Д.Батбаяр зэрэг элэг нэгт монгол ах нарыгаа сүмогоор барилдахыг нь хараад эргэлт буцалтгүй бөх болохоор шийджээ. Бөхийн удам гээд байх зүйлгүй хүү өөрийнхөө танилцуулгыг бичээд Япон руу сүмогийн холбоо руу илгээсэн аж. Түүний захидлын хариу сарын дараа л ирж, Изүцү дэвжээний багш Сакахоко асан монгол хүүг дараагийн том цолтон болно гэж харсан аж. Ийнхүү 16 настай, 65 кг жинтэй М.Ананд Япон орныг зорьсон юм.

Японыг зорихоос нь өмнө М.Анандын аав "Сүмо гэдэг чинь хатуу дэг журамтай. Миний хүү дуртай бол яв. Дургүй бол хэрэггүй" гэсэнд аварга "Ааваа би шийдсэн. Явна" гэжээ.

Анх Японд ирэхэд нь Изүцү дэвжээний Сакахоко багш нь М.Анандыг хараад бөх гэхээсээ илүүтэйгээр дэвжээний токояама буюу үсчин болвол илүү амжилтанд хүрэх юм байна хэмээн "тохуурхаж" байсан гэдэг.

ИЗҮЦҮ ДЭВЖЭЭНЭЭС ТӨРСӨН ХАМГИЙН ШИЛДЭГ БӨХ

Үсчин болвол дээр юм байна гэж "тохуурхаж" явсан шавь нь өөрийн дэвжээнээс төрсөн хамгийн шилдэг бөх болно гэж тухайн үед Сакахоко асан төсөөлөөгүй байх. Какүрюү М.Ананд мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа 2001 оны арваннэгдүгээр сард хийж, жилийн дотор санданмэ зиндаа хүртэл дэвшиж чаджээ. Харамсалтай нь тэрбээр санданмэ зиндаанаас дээшээ дэвшиж чадалгүй буцаж жонидан зиндаа руу унаж, их ч сорилтуудтай нүүр тулсан. Харин 2004 оны долдугаар сард давдаггүй даваа болох санданмэ зиндаандаа нэг ч уналгүй түрүүлж, макүшита зиндаа руу дэвшив. Дээд зиндаанд дэвшихэд улам л ойртсон монгол хүү 2006 оны эхээр жүрёо зиндаан руу дэвшиж, 2006 оны сүүлийн кюүшү башё гэхэд дээд макүүчи зиндааны маэгаширагийн наймд эрэмблэгдэн эцэст нь зорилгодоо хүрч чаджээ.

Какүрюү М.Анандын хувьд 1994 оноос хойш Изүцү дэвжээнээс дээд зиндаанд барилдсан анхны бөх болсон юм. Мөн тэрбээр дээд зиндаанд барилдсан эхний башёдоо маэгаширагийн наймд эрэмблэгдсэн 1999 оноос хойшхи мөн анхны бөх болжээ.

Какүрюү М.Анандаас өмнө дээд зиндаанд Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюүзан Д.Батбаяр, Асашорюү Д.Дагвадорж, Асасэкирюү Б.Дашням, Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар зэрэг Монголын долоон бөх хүч үзэж байв.

2019 оны есдүгээр сард Изүцү дэвжээний багш Сакахоко таалал төгсч, дэвжээ нь хаагдаж, Какүрюү М.Ананд тэргүүтэй бөхчүүд Мичинокү дэвжээ рүү нүүсэн юм.

ТОГОРУУН ЛУУ М.АНАНД

Дээд зиндаанд орж ирсэн Какүрюү М.Анандын анхны түрүү удаан хүлээлгэж ирсэн. 2006 оны арваннэгдүгээр сард дээд зиндаандаа анхны башёдоо барилдсан тэрбээр бүхэл бүтэн найман жил хүлээн байж, 2014 оны харү башёд түрүүлэн, эзэн хааны цомыг анх удаа хүртсэн. Угаасаа ч энэ найман жил монгол бөхчүүд арлын Японы үндэсний спортыг завсаргүй эзэгнэсэн.

Асашорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Б.Бямбадорж, Хакүхо М.Даваажаргал нарын дундуур Кёкүтэнхо Н.Цэвэгням, Какүрюү М.Ананд нар л тус бүр нэг удаа орж түрүүлсэн.

Анхны түрүүгээ хүртэх гэж Какүрюү М.Ананд дардан замаар яваагүй. Энэ хугацаанд тэрбээр дөрвөн ч удаа үзүүрлэж, өвдгөндөө бэртэл авч, мэргэжлийн сүмод орж ирсэн цагаасаа хойш анх удаа башё өнжиж үзэв. Мөн тэрбээр Изүцү дэвжээнээс 1989 онд сэкивакэ цол хүртсэн Тэраогоос хойшхи энэ цолыг хүртсэн анхны бөх болсон түүхтэй.

Какүрюү гэх нэр их учиртай. Какүр гэдэг нь тогоруу гэх утгыг илэрхийлж байгаа бол юү гэдэг нь луу гэсэн үг.

Озэки цолыг ч Какүрюү үнэхээр удаан хүлээсэн. Дээд зиндаанд нийт 62 башё дараалан барилдсаны эцэст тэрбээр гурван башё дараалан 33 даваа авч озэки цол хүртсэн юм. Энэхүү амжилтаараа Какүрюү озэки цол авах гэж хамгийн олон жил зүтгэсэн бөхчүүдийн жагсаалтын 10-т бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, Какүрюү М.Ананд озэки цолонд хүрэхийн тулд 62 башё буюу долоон жил зүтгэжээ.

МЭРГЭЖЛИЙН СҮМОГИЙН 71 ДЭХ, МОНГОЛЫН 4 ДЭХ ЁКОЗҮНА

Озэки цолтой барилдсан башё бүртээ Какүрюү М.Ананд качикоши буюу найм болон түүнээс дээш удаа давж байв. Энэ ч утгаараа дөнгөж анхны түрүүгээ хүртээд л ёкозүна цол хүртсэн түүхтэй. 12 башё озэки цолтой барилдсан тэрбээр 2014 оны гуравдугаар сарын 26-ны өдөр мэргэжлийн сүмогийн 71 дэх, Монголын 4 дэх ёкозүна болов.

“Би илүү их бэлтгэлдээ анхаарч, илүү их хүчин чармайж, ёкозүнагийн нэрийг сэвтүүлэхгүйн тулд бүх хүч чадлаа зориулах болно” хэмээн цол авах үеэрээ ярьж байлаа.

Үнэхээр л тэр бүх хүч чадлаа шавхан барилдсан. Бэртэл, гэмтэл гэхээс өөрөөр түүнийг зогсоох бөх тоотой цөөн байсан нь үнэн. Башё бүр л 10 болон түүнээс даваа авч үзүүрлэж, түрүүлж байсан тэрбээр эхлээд зүүн мөрөө, дараа нь нуруу, зүүн шагайгаа, сүүлийн жилүүдэд баруун өвдгөө, баруун хөлөө, дахин зүүн шагай, өвдгөө, тохойгоо бэртээж, олон ч башё бүтэн барилдаж чадалгүй өнжиж, дундаас нь орхиж байсан нь харамсалтай. Гэмтсэн ч эргэн ирж, түрүүлдэг түүнийг хөгжөөн, дэмжигчид нь урьдын адил итгэл алдалгүй ирэх болов уу гэж харж байсан ч энэ удаад бүх зүйл өөрөөр эргэлээ.

Какүрюү М.Ананд озэки цолтой эзэн хааны цомыг ганц удаа хүртэж байсан бол ёкозүна цолтой таван удаа хүртэж байлаа.

ХҮСЭЭГҮЙ ТӨГСГӨЛ

2019 оны долдугаар сард зургаа дахь түрүүгээ хүртсэн Какүрюү М.Ананд жилийн төгсгөл болохоор л гэмтдэг таагүй уламжлалтай. Яг энэ жишгээр тэрбээр 2019 оны төгсгөлд гэмтэж, 2020 онд ердөө ганц башёд барилджээ.

Гэхдээ ганц барилдсан башёдоо муугүй амжилтыг үзүүлж, 12 даваа, гурван унаатай үзүүрлэж байв. Хамгийн харамсалтай нь, энэ нь түүний мэргэжлийн сүмод бүтэн барилдсан сүүлийн башё байсныг хожим нь харууллаа.

Бүтэн жил гэмтлээ эмчлүүлж, формдоо орж чадахгүй байсан түүнд сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс анхааруулга өгч, барилдахгүй бол хүчээр зодог тайлуулна гэх шахалтыг өгч эхлэв. Болохгүй юм цаанаасаа болдоггүй гэгчээр хичнээн барилдахыг хүссэн ч гэмтэл бэртэл нь түүнийг их спортоосоо өөрийн хүсэлтээр зодог тайлахад хүргэлээ. Уг нь дэвжээний багш нь түүнийг зодог тайлах төлөвлөөгүй гэж ярьж байсан ч тамирчин хүний хамгийн том дайсан гэмтэл Какүрюү М.Анандын хүсээгүй зүйлийг хийлгэв. Тэрбээр мэргэжлийн сүмод 21 жилийг үдэхдээ эзэн хааны цомыг зургаан удаа хүртэж, дээд макүүчи зиндаанд өнгөрүүлсэн 16 жилийн хугацааандаа нийт 1039 барилдаан хийж, 645 ялалт авчээ. Японы үндэсний спортыг эзэгнэсэн жирийн монгол хүүгийн гайхалтай түүх энд хүрээд өндөрлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж