Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна

Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай асуудлыг хянан хэлэлцэж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, ҮХ-аар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байдаг. Уг мэдээллээр маргаан үүсгэх боломжтой гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго үзсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналаар Цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн дээрх маргааныг дахин гурван гишүүний бүрэлдэхүүнтэй авч хэлэлцэхээр болсон. Уг хуралдааны эцсийн шийдвэр гараагүй хуралдаан үргэлжилж байгаа гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэлээ” гэсэн ташаа мэдээлэл гарсан. Уг асуудлаар мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2021.03.24/ тодорхой тайлбаруудыг хийсэн. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, тус намын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нартай ярилцлаа.

УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан талын хувьд үүсээд буй маргаанд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Т.Д: Үндсэн хуулийн Цэц өнөөдөр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүний нөлөөнд автаж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Ялангуяа Цэцийн зарим гишүүн нь маш тодорхой үйлдэл гаргаж байна. “Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль, түүний дээр хөх тэнгэр байна” гэж хэлдэг нь Үндсэн хуулийн дээр ямар нэгэн дарга байх ёсгүй гэсэн санаа. Гэтэл Цэц дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очсоны үр дүн нь одоо гарч байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн байхаас үл хамаарч жирийн иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Гэтэл иргэдийн гаргасан мэдээллийг нь  улс төрийн нөлөөгөө ашиглаж бүр тодорхой хэлбэл, өөрийнх нь томилсон Цэцийн гишүүдээр дамжуулж бидний гаргасан мэдээллийг хүчингүй болгох ажлыг хийж байна. Ийм байдлаар цааш явах юм бол Үндсэн хуулийн Цэцийг татан буулгах ёстой гэсэн байр суурийг улстөрчийнхөө хувьд хатуу илэрхийлье.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг маш сайн хуульчлах шаардлага үүсчээ. Саяхан УИХ-аар Шүүхийн багц хуулийг шинэчилж, улс төрөөс хамааралгүй байлгах алхмыг нь хийсэн. Гэтэл Үндсэн хуулийн шүүх байгууллага нь улс төрөөс шууд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдлоо. Ийм учраас энэ байгууллагыг өөрчлөх цаг нь болсон байна.

-Цэцээс ямар шийдвэр гарна гэж хүлээж байна вэ?

-Т.Д:Юуны түрүүнд Үндсэн хуулийн Цэцийн албан ёсны эцсийн шийдвэрийг хүлээж байна. Хуралдаан үргэлжилж байна гэж ойлгосон. Үндсэн хуулийн Цэцэд гаргасан бидний мэдээлэл үндэслэлтэй, хуулийн тов тодорхой цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  тусгаагүй гэдэг нь мөн маш ойлгомжтой. Уг  асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож,  тайлбарлах эрхийг олгоно гэсэн хүлээлттэй байгаа. Гэтэл энэ боломжийг олгохгүйгээр хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүнд нөлөөлөх гэж оролдохыг хэрхэвч хүлээж авахгүй. Бид Үндсэн хуулиа хамгаалдаг байх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн Цэц улстөржсөн шийдвэр гаргах юм бол бид улс төрийн дараагийн үйл ажиллагаа явуулах болно. Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулийн Цэцийг хүндэтгэж, улс төрийн ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй ирсэн.

Нөгөөтэйгүүр, одоогийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулахад гарын үсэг зурсан хүн нь шүү дээ. Гэтэл өөрийнхөө баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үг, үсгийг дагаж мөрдөж, хамгаалах ёстой байтал эсрэгээрээ өөрөө зөрчиж, Цэцэд нөлөөлж байгаа нь буруу жишиг тогтоох гээд байна. Ерөнхийлөгч байх нь тэр хүний хувьд сайхан л байх. Гэхдээ хувийн амбицаа хойш нь татаж ард түмнийхээ эв нэгдлийг хангадаг байх сайн жишгийг тогтоох түүхэн үүрэг одоогийн Ерөнхийлөгчид бий. Үүнийгээ хийгээсэй л гэж хүсч байна.

-Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг албажуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцэслэгдэн гараагүй байхад  Ерөнхийлөгчийн Тамгын газраас ингэж мэдэгдэх нь хэр зохистой юм бэ?

-Д.Ү: Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Бага суудлын хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл,  нотлох  баримт, бусад мэдээлэлтэй  танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна” гэсэн мэдээллийг өгсөн байна лээ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, "Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого хийгээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд очиж тайлбар өгсөн нь Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн зүйл биш" гэсэн тайлбарыг хийсэн байна лээ. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан бичгээр өгсөн тайлбарыг үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд хоорондоо харилцахдаа ялангуяа Үндсэн хуулийн Цэц шүүх байгууллага атал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр харилцах гэсэн тодорхой зохицуулалтууд бий. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчөөс  тайлбар, тодруулга л  хүссэн. Үүнийг нь  бичгээр өгсөн атлаа Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэцэд очсон нь дарамт нөлөө үзүүлэх гэсэн нэг оролдлого гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналаар Цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн бидний маргааныг дахин гурван гишүүний бүрэлдэхүүнтэй авч хэлэлцэхээр болж байх шиг байна. Уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн. Үүнээс урьтаж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш их мөнгө төлж цацсан нь мөн л Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ бусармаг үйл ажиллагаагаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан зогсоохыг шаардаж байна. Цаашдаа энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал болж магадгүй.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан, одоо албажих ёстой” гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл дээр хэлсэнчлэн, Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өгсөн мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд мэдээлэл хийх үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байхад энэ мэт тохируулга хийж байгаа нь 30 жилийн өмнөх Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна гэж хэлсэн нь миний ойлгосноор ардчилсан хувьсгалыг хэлж байх шиг байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчтэй хамтран ажилладаг хуульчид мөн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн хуульчдын зүгээс олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу буюу Л.Болд зөвлөхийн хэлсэнчлэн, Үндсэн хуулийн хямрал руу түлхэж  цаашлаад олон нийтийг  эмх замбараагүй байдалд турхирч байгаа нь магадгүй төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаа.

"БУСАРМАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫНХАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА"

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг Цэцийн бусад гишүүн нь дахин авч хэлэлцэх нь хуульд нийцэх үү?

-Д.Ү: Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4-т Цэцийн гишүүн маргаан үүсгэх тухай гаргасан тогтоолд маргалдагч талууд гомдол гаргаж болно. Мөн Цэцийн гишүүн санал бичвэл үүнийг нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Цэцийн гишүүн өөрөө санал гаргадаг энэ зохицуулалт нь учир дутагдалтай байгаа юм. Яагаад гэвэл тухайн саналыг гаргасан Цэцийн гишүүн нь урьдчилсан байр сууриа илэрхийлчхэж байна гэсэн үг. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд шийдвэрлээд Цэцийн Их суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед тухайн гишүүн хуралдаанд оролцох боломжгүй болох магадлалтай. Энэ талаасаа дээрх зохицуулалт нь учир дутагдалтай. Нэгэнт энэ хууль нь байгаа учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр санал гаргасан байна. Гэхдээ энэхүү саналыг гаргасан Б.Буяндэлгэрийг  Ерөнхийлөгч Х.Баттулга томилох санал гаргаж, УИХ-д оруулж байсан. Тэгэхээр цаанаа улс төрийн агуулгатай болж байгаа нь тодорхой харагдах байх.

Монгол Улсын түүхэнд анх удаа Цэцийн гишүүн санал гаргаж,  хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг дахин авч хэлэлцэж байгаа нь Ерөнхийлөгчийн даалгавраар гаргасан байж болзошгүй гэж хардаж байгаа.

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх нь боломжтой эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц л мухарлана гэж ойлгох уу?

-Д.Ү: Үндсэн хуулийн Цэцэд бидний гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Цэцэд хандсан. Цэц энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэвэл хууль тогтоогч УИХ дахин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах ёстой. Шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ заалтын зөвхөн нэг удаа гэсэн үгний ард өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэсэн хязгаарлалт байгаа юм. Энэ дагуу Цэц Үндсэн хуулийн манаачийнхаа үүргийг биелүүлж дээрх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж ёстой. УИХ Үндсэн хуулийн хэм хэмжээг ердийн хууль буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нийцүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нэг ч хүн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно гэсэн үг.

-Та бүхний гаргасан мэдээлэл зөвхөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхад чиглэгдээд байгаа юм биш үү?

Д.Ү: Зөвхөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай биш өмнөх Ерөнхийлөгч нар ч гэсэн нэр дэвших боломжгүй гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заачихсан учраас энэ заалтыг хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч хангаж өгөх ёстой гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцэд бид мэдээлэл гаргасан.

-Хэрэв Үндсэн хуулийн Цэц та бүхний гаргасан мэдээллээр маргаан үүсгэхээс татгалзвал хэрхэх вэ?

-Т.Д: Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа нэгэнт Үндсэн хуульд тодорхой заачихсан байхад өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвшвэл Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзах ёстой.  Хэрэв татгалзалгүйгээр нэр дэвшигчээр бүртгэвэл энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. Бидний хувьд Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж байгаа учраас СЕХ өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн тохиолдолд мөн Үндсэн хуулийн Цэцэд хянуулахаар хандах болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ батлах үеэр та Ерөнхийлөгчтэй холбоотой маргааныг эцэслэж хуульд тодорхой болгож оруулах шаардлагатайг хэдэнтээ сануулж байсан. Гэвч тухайн үед эрх баригч намынхан тодорхой хариулт өгч байгаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулалгүй, тодорхой бус үлдээснийг та юу гэж дүгнэх вэ?

-Т.Д: Монгол Улсад хоёрхон улс төрийн хүчин хоорондоо өрсөлддөг, сонгуульд ордог, Ерөнхийлөгчид дэвшүүлдэг, сонголтгүй сонгуулийг тулгадаг 30 жилийн арга барилдаа дэндүү уусчихсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тухайн үед батлах үеэр хэт олонх МАН-ын парламент яагаад шийдээгүй орхисон бэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нь ямар хүн нэр дэвших нь тодорхойгүй байсан.

Хоёрдугаарт тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хоёр хоорондоо маш ойр байсан тийм үе нь. Мөн МАН-ын гишүүдийн зарим хэсэг нь Ерөнхийлөгчтэй ашиг сонирхол нэгтэй байж магадгүй. Зарим хэсэг нь Ерөнхийлөгчийн дарамт шахалтад байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ мэт тодорхойгүй нөхцөл байдлууд байсан учраас МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхтэй холбоотой заалтыг бүрхэг орхигдуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонголтгүй сонголтыг ард түмэнд тулгасан. Үр дүнд нь 100 мянган цагаан сонголт хийсэн шүү дээ. Энэ удаад дахиад бидэнд сонголтгүй сонгуулийг тулгах юм уу. Энэ агуулгаар л би асуудалд хандаж Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой болгоё, хуулиа тодорхой болгоё гээд байгаа юм. Үүнээс гадна сонгууль бүрийн өмнө үл ойлголцол үүсгэдэг, сонгуулийнхаа дүрмийг хүссэнээрээ өөрчилж өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлдэг байдал нь бидний муу соёл болчхоод байна. Ядаж үүнийг засч сонгууль болохоос зургаан сарын өмнө гэхэд ямар дүрмээр бид төрийнхөө тэргүүнийг сонгох юм гэдгийг аль аль талдаа тодорхой болгох хэрэгтэй.

 -Одоо эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг хөндөөд эхэлсэн шүү дээ?

-Т.Д: Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулдаг энэ хуулийг өнөөдөр улс төрийн маргаантай байгаа үед хэлэлцэх нь буруу. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад бүр  ч дэмий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж