Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч!

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч!

Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч!

Дүрмээрээ бус зоргоороо явдаг жолооч нарын балгийг хүүхдүүд амиараа төлөх ёстой гэж үү. Ингэж хэлэхийн учир нь, зам тээврийн осолд өртөж, бэртэж, амь насаа алдсан  хүүхдүүдийн 60 хувь нь гарцаар гарч яваад осолдсон байх юм. Уг нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т зааснаар бол явган зорчигч гарцаар гарахаар завдсан даруйд жолооч хурдаа сааруулж, зогсч зам тавьж өгөх үүрэгтэй. Үүнийг үл  тоодог, хариуцлагагүй жолооч нараас болж олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч,  насан туршдаа тахир дутуу болж байгаа нь даанч харамсалтай.

Хэдийгээр энэ оны эхний гурван сарын ихэнхэд нь хөл хориотой, замын хөдөлгөөний  эрчим 60-95 хувиар буураад байсан ч энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 51 хүүхэд гэмтэж, дөрвөн хүүхэд амь насаа алджээ. Итгэхэд бэрх ч тоон үзүүлэлт  зөвхөн үнэнийг өгүүлнэ.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн Даваа гаригт  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гарцаар гарч явсан долоон настай хүүхдийг согтуу жолооч машинаараа мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм. Гарцаар гарах аюулгүй хэмээн итгэл тээн дэрвэж явсан тэр хүүхэд өөрийг нь согтуу этгээд дайраад алчихна гэж яаж мэдэхэв. Даанч харамсмаар.

Нийслэлийн хэмжээнд явган хүний 400 гаруй гарц бий. Эдгээрийн 50 орчим нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг. Харин үлдсэн 350 гаруй нь гэрлэн дохиогүй. Уг нь,  эдгээр гарц дээр явган зорчигч ямар ч тохиолдолд давуу эрхтэй. Гэвч  сүүлийн жилүүдэд явган зорчигч гарцаар гарахдаа айдастай болоод байгаа.  Хаанаас ч юм машин гэнэт гарч ирээд дайрахгүй гэх баталгаагүй учир ингэх нь аргагүй биз. Байдал өнөөдөр ийм л болчхож.

Өнөөдөр Улаанбаатарт байнга шахуу осол гардаг хэд хэдэн гарц бий хэмээн иргэд ярьдаг. Тухайлбал, Яармагийн зам, Баянхошууны Зурагтаас Хөтөл хүрэх замын гарц дээр өнгөрсөн намар дараалан хэд хэдэн осол болж,  хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон билээ. Тодруулбал;

  • 2020.10.5-нд Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд замын явганы гарц дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Б, О нарыг мөргөсөн. Ослын улмаас есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б амиа алдсан юм.
  • 2020.10.7-нд уг гарц дээр арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн осол гарсан.
  • -020.11.10-нд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироов.  Үүнээс хэд хоногийн өмнө бас нэг хүүхэд тус гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн байна.

Энэ бол зөвхөн хэдхэн хоногт гарсан осол. Өмнө нь хэдэн хүүхэд осолдсон, цаашид хэдэн хүүхэд хохирохыг хэн ч таамаглаж мэдэхгүй. Уг нь, осол гэдэг заавал гарч байх ёстой зүйл биш. Ослыг хүн л үйлддэг. Жолооны хүрд барьснаар бусдын амийг хариуцаж байгаа гэдгээ ойлгоогүй нэгнийг осол сүүдэр мэт дагана. Согтуугаар жолоо баривал бүр аюултай. Хэрвээ жолооч нар ухамсартай, үүргээ ягштал биелүүлдэг бол осол гарахгүй, хүүхдүүд амь насаа алдахгүй. Ийм л энгийн ойлголт. Даанч өнөөдөр Монголд энэ байдал өөрчлөгдөнө гэх итгэл алга. Ёс суртахууны доройтол нүүрлэсэн, хариуцлага гэдэг зүйл мартагдсан өнөөгийн нийгмээс сайныг хүсч, ирэх цаг арай л болоогүй байна. Цаг үед нь тохирсон арга хэмжээ аваад явахаас өөр аргагүй болжээ, алийн болгон хүүхдүүдийн амиар тоглох билээ.

Тиймээс осол ихээр гардаг дээрх газруудыг гэрлэн дохиотой болгох, эсвэл гүүрэн гарц, нүхэн гарц хийх, хурд сааруулагч тавих зэргээр ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна, дарга нар аа. Тээврийн цагдаагийн газраас авто осол их гардаг, зайлшгүй тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч байршуулах шаардлагатай зам, гарцын талаарх саналаа Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлдэг байна. Гэвч шаардлагатай газруудад, тухайлбал осол их гардаг гарцуудын ойролцоо ядаж хурд сааруулагч тавиагүй л байна. Яаж ч бодсон хэдэн хурд сааруулагч тавихад хэдэн тэрбум төгрөг болохгүй байлгүй дээ. Энэ ажлыг хийчхэд юу нь болдоггүй байна аа, ойлгохгүй юм. Өнгөрсөн жил Яармагийн замд хүүхэд осолдоход нийгмээрээ шуугиж, гарц барина, хурд сааруулагч хийнэ гэсэн. Даанч үр дүн гарсан нь үгүй. Дарга нар юу ч хийгээгүй. Харин оронд нь хүүхдүүдийн булшны чулуу л өдөр өдөрт нэмэгдэж байна. Хатуу ч гэсэн гашуун үнэн энэ. Энэ бол тоглоом биш.  Нийслэлийн дарга нар аа, та нарын хэнэггүй, сэтгэлгүй, мэдрэмжгүй байдлаас болж замын осолтой холбоотой асуудлыг бага ч гэсэн шийдэх боломж алга болсоор байна. Үнэндээ та нарын хүүхдүүд ч гэсэн энэ эрсдэлийн хажууд явж байгаа шүү дээ. Бид бүгдээрээ эрсдэл дунд амьдарч байна.

Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж дууссан аж. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын зам ирээдүйд стандартын тоноглолтой, сүлжээтэй болох аж. Энэ ажилд осол их гардаг гарцуудыг тоноглох ажил багтсан эсэхийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас тодруулахад “Сургууль орчмыг аюулгүй болгох зураглал гарсан. Одоогоор энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ. Арай л дэндүү сэтгэлгүй юм. Гуйя, нүхэн гарц, гүүрэн гарц барьж чадахгүй юм бол ядаж хурд сааруулагч тавиад өгөөч нийслэлийн дарга нар аа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж