"Энхсаран"-д Ерөнхий сайд тэргүүтнүүд ирсний дараа тусгаарлах байраар сонгосон"
"Энхсаран"-д Ерөнхий сайд тэргүүтнүүд ирсний дараа тусгаарлах байраар сонгосон"https://news.mn/r/2414763/
Posted by News.mn on Wednesday, March 24, 2021
“Энхсаран” сувиллаас анх Covid-19 халдвар голомтлон тархаж, дотоодод халдвар бүртгэгдсэн. Уг сувилалд тусгаарлагдаж байсан ачаа тээврийн жолоочоос өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд Covid-19 халдвар илэрсэн юм. Тэр цагаас хойш хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоосон боловч халдварын тоо буурсангүй, Улаанбаатар хот цар тахлын голомт болоод буй билээ.
Цагдаагийн байгууллагаас дотоодод халдвар алдахад нөлөөлсөн гэх “Энхсаран” сувиллын газартай холбогдох нэр бүхий зургаан албан тушаалтнаас гадна долоон иргэнийг яллагдагчаар татаж, хуулийн хариуцлага хүлээлгэх талаар ярьж буй. Гэвч одоог хүртэл энэ асуудалд хариуцлага тооцох эзэн нь тодорхойгүй, холбогдох албан тушаалтнууд “Хэргийг шалгаж байгаа” гэдгээс өөр хариулт өгч чадахгүй байгаа нь анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр нэр бүхий зургаан албан тушаалтанд хариуцлага тооцох нь битгий хэл ажил албаа хэвийн хийж байгаа гэх.
Тухайн үед Улсын Онцгой комиссын Шуурхай штабын даргаар Б.Ууганбаяр ажиллаж байсан. Түүнээс энэ талаар тодруулахад “Би тэр талаар мэдээлэлгүй байна. Уг нь шалгадгаа шалгачихсан шүү дээ” гэв.
Харин тэр үед Шадар сайдын алба хашиж байсан Я.Содбаатар “Би яаж мэдэх вэ. Тухайн үед “Энхсаран” сувиллыг шалгах хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгч, үүний дагуу 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хууль хяналтын байгууллага л энэ асуудлын талаар мэдээлэл өгнө” гэдгийг хэлсэн юм.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэхдээ “Тухайн үед Улсын Онцгой комиссоос цагдаагийн байгууллагад “Энхсаран” сувилалтай холбоотой асуудлаар шалгуулах албан бичиг ирүүлсний дагуу мөрдөн байцаах албанд ажлын хэсэг байгуулагдсан. Тэр үед Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагаар ажиллаж байсан албан тушаалтнууд болон Онцгой байдлын албан хаагч, сувиллын удирдлага, эмч гэх мэт зургаан хүнд ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн.
Тухайн сувилалд тусгаарлагдаж байсан иргэдээс байрны дэглэм журмыг зөрчиж, өрөө хооронд хэссэн, амны хаалт зүүдэггүй, хүн хоорондын зай бариагүй таван хүнд Эрүүгийн хуулийн 15.6 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн. Мөн бусдыг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн хоёр хүн гээд нийт 13 иргэнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт саналаа хүргүүлсэн” гэдгийг хэлж байв.
“ЭНХСАРАН” СУВИЛАЛ ХАЛДВАР ДОТООДОД ГАРСНААС ХОЙШ АЖИЛЛААГҮЙ”
УОК-ын Шуурхай штабын даргаар шинээр томилогдон ажиллаж буй Ж.Чүлтэмсүрэнгээс энэ асуудлаар тодруулж, дахин “Энхсаран” сувилалд халдвар голомтлон тархахгүй байх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодрууллаа.
Тэрбээр “Энхсаран” сувилалтай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага дээр шалгаж байгаа. Тус сувилал халдвар дотоодод гарснаас хойш ажиллаагүй. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байруудад давхар хяналт тавьж ажилладаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлах байрны хоол хүнс, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмд хяналтаа тавьдаг. Бид одоо ч тусгаарлах байруудад бүхий л чиглэлээр зөвлөмж өгч байна.
Эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд гэр бүлийн гишүүдийг нэг өрөөнд тусгаарлаж байгаа. Нэг гэр бүл биш хүмүүсийг эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь тусгаарлаж байгаа. Одоо өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, хоногтоо 200 тохиолдол батлагдаж байгаа учраас тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй байна. Дотоодод халдвар авсан иргэдийг өөрсдийн хүсэлтээр гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа. Тэдний ойрын хавьтлууд бүгд гэрээр тусгаарлагдаж байна. Харин хүнд өвчтэй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.
“МАНАЙ СУВИЛЛЫН ГОЛОМТООС 40 ГАРУЙ ХҮН ХАЛДВАР АВСАН”
Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар сарын 22-нд УОК-оос мэдээлэл хийх үеэр мэдээлэхдээ “Зарим хариуцлагагүй үйлдэл гаргасан албан тушаалтнуудаас болж “Энхсаран” сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт, халдвар алдагдсан. Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Цэвэрлэж хариуцлага тооцно. “Энхсаран” сувилалд халдвар алдсан гол шалтгаан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын нөлөө орсон учраас дэглэм алдагдсан. Тиймээс эдгээр хүмүүст хариуцлага тооцно” гэсэн юм.
Энэ талаар тодруулахаар “Энхсаран” сувиллын захирал н.Ганчимэгтэй утсаар холбогдсон юм. Тэрбээр “Манай сувилал өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Сая нэг хэсэг жаахан ажиллаж байгаад Covid-19 халдварын нөхцөл байдал хүндрэхээр нь ажиллахаа больсон. Цагдаагийн байгууллагын шалгалт нь дуусаагүй байх. Энэ талаар цагдаагийн байгууллага л сайн мэднэ. Гэрчийн мэдүүлэг гээд л аваад байдаг юм.
Сувиллын эзний хувьд мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтантай ямар ч холбоогүй. Тусгаарлах байрны зөвшөөрлийг хэрхэн авсан талаар хэрэг бүртгэл дээр нь бүх мэдээлэл байгаа. Улсын Онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн яам, Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс удаа дараа ирж танилцсаны дараа тусгаарлах байраар ашиглаж эхэлсэн.
“Энхсаран” сувиллаас эхний үед 20, дараагаар нь 20 орчим хүн гээд нийт 40 гаруй хүнээс Covid-19 халдвар илэрсэн юм шиг байна лээ. Нийтдээ 2020 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нэлээд хүнийг тусгаарласан. Сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Манай сувилал дээр халдвар хамгааллын дэглэм алдагдаад байсан ч юм байхгүй” гэлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ