“Сүүлийн үеийн зургууд” дэлгэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

“Сүүлийн үеийн зургууд” дэлгэгджээ

“Хаан банк”-ны арт галерейд “Сүүлийн үеийн зургууд” нэртэй нэгэн шинэ үзэсгэлэн нээж, үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнг зураач С.Долгор, ХНБГУ-ын зураач Марк Шмитц нар хамтран гаргаж байгаа юм. Зураач С.Долгор нь Монголын Урлагийн академид уламжлалт зургийг судалж байжээ. 2008 онд Германы Берлин руу нүүсэн тэрбээр өөр олон оронд өөрийн бүтээлээ дэлгэн тавьж байсан байна. Харин хамтран уран бүтээлээ дэлгэсэн Германы уран бүтээлч Марк Шмитцийн хувьд орчин үеийн урлагт өндөр зэрэглэл тогтоож, олон улсад танигдсан зураач гэнэ. Уламжлалт зургийн хэв маягаар зурсан бүтээлдээ С.Долгор уламжлалт гэр дэх монгол амьдрал болон хотжсон гэр хорооллын дунд гарсан өөрчлөлтийг өөрийн өнцгөөс тайлбарласан байна. Түүний харуулах гэсэн агшин нь байгаль болон өөрийнхөө мөн чанарыг бүрэн мэдэрч, тэдгээрийн хоорондын холбоог ойлгосны үндсэн дээр гарсан гэж тэрбээр тайлбарлажээ. Харин Марк Шмитцийн бүтээлүүд нь орон зайг туулж өнгөрүүлсэн туршлагыг мөн чанар гэсэн утгаар нь үзүүлж, олон өнгийн давхаргуудыг ашиглан, цаг хугацааг бүтээлдээ харуулсан байна. Тэрбээр зотон даавуун дээр уран гоё дүрсүүдийг үүсгэн өнгө, өнгөөр урган гарч ирэх, зөнгөөрөө гарах хэв маягийг илүү сонирхдог ажээ.
Түүний уран зургаас гадна баримлууд нь орон зайн мэдрэмжийг агуулдаг юм. Марк Шмитц нь 2005 онд Монголд анх ирэн түүнээс хойш хэд, хэдэн удаа Монголын урлаг сонирхогчдод өөрийн бүтээлээ толилуулсан байна. Орон зайг судалж үздэгийнхээ хувьд, уран бүтээлчид маань Монголын газар нутгийг төвөө болгох гол хүчин зүйл дээр нэгдэж байгаа юм. “Хаан” банкны арт галерейд тавигдаж буй үзэсгэлэн нь хоёр өөр орчин үеийн уран бүтээлчийн тэс ондоо бүтээлүүд хэрхэн хоорондоо хамтран уусч болохыг харуулснаараа онцлог юм. Үзэсгэлэн наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж